Хурлын тэмдэглэл

АПУ ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛ

АПУ /MSE:APU/ компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2017.03.31-ний өдөр Хан-Уул дүүргийн соёлын ордонд 203 хувьцаа эзэмшигчийн бүрэлдэхүүнтэй хуралдлаа.

Хуралд компанийн саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн 93.77% нь хүрэлцэн ирснээр хуулийн хүчин төгөлдөр ирцтэй эхэлсэн юм. 
Хурлын эхэнд компанийн Гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг 2016 оны үйл ажиллагааны тайланг хувьцаа эзэмшигчиддээ танилцууллаа.

Үйл ажиллагааны талаар: 
АПУ /MSE:APU/ компани нь тайлант хугацаанд 162 нэр төрлийн 92.9 сая литр бүтээгдэхүүн үйлдвэрлэн 88.44 сая литр бүтээгдэхүүнийг борлуулжээ. Үйлдвэрлэлийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 2%-иар, борлуулсан бүтээгдэхүүний хэмжээ мөн 2%-иар буурсан дүнтэй гарсан байна.

Зах зээлд хэд хэдэн брендийг шинээр нэвтрүүлсэн ба үүнд, 0.5л-ийн пюрпак савлагаатай “Сайн” сүү, Охь, Тайга, Eden, Velvet брендийн архи, Prime, Bliss брендийн шар айргийг шинээр үйлдвэрлэн гаргажээ.

Мөн хэд хэдэн брендүүд шинэчлэн зах зээлд нийлүүлсэн байна. Тухайлбал, Сайн йогурт, Бифидо тараг, Нийслэл шар айраг, Улаанбаатар, Болор брендүүдийг шинэчилжээ.

Экспортын чиглэлд компани идэвхитэй ажиллаж байгаа бөгөөд ОХУ, БНХАУ-ын Өвөрмонголд архи, Хонг конг, Япон улсад маамуу брендийн бүтээгдэхүүнийг гаргахаар ажиллаж, судалгаа хийгдэж байгаа юм байна. 
Харин компани тайлант хугацаанд 3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг дотооддоо хийсэн байна. 

Санхүүгийн үр дүнгийн талаар:
Өнгөрөгч 2016 онд компани 208.1 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олж, 2.9 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласныг өмнө бид мэдээлж байсан билээ.

Ашгийн хэмжээ буурахад төгрөгтэй харьцах ам.долларын ханш тайлант хугацаанд 30 гаруй хувиар өссөн нь голлох нөлөөг үзүүлсэн байна. Тодруулбал, компанийн удирдлагын багаас бизнес төлөвлөгөөндөө ам.долларын ханшийг 2,100 орчим төгрөг байхаар тооцсон боловч 2016 онд ам.долларын ханш 2,500 төгрөгт хүрсэн.

Энэ нь компани ханшийн зөрүүнээс 26 тэрбум төгрөгийн алдагдал хүлээхэд хүргэжээ. 

Нэмж хэлэхэд тус компани Европын сэргээн босголт хөгжийн банк /EBRD/ болон Credit Suisse банкнаас нийт 90 сая ам.долларын зээл авч, компанидаа хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 44 сая ам.долларын үлдэгдэлтэй байгаа юм.
2016 онд 18.6 сая ам.долларын зээл болон хүүгийн төлбөр төлсөн бол энэ жил 16 сая ам.долларын зээлийг төлөхөөр төлөвлөж байна. 

Хурлын үеэр хувьцаа эзэмшигчид компанийнхаа үйл ажиллагаа, үр дүнгийн талаар санал, дүгнэлтээ илэрхийлж байсан бөгөөд тухайлбал, ханшийн алдагдлыг бууруулах талаар ямар арга хэмжээ аваагүй, бүтээгдэхүүний борлуулалтыг “АПУ Трейдинг”ХХК-иар гүйцэтгүүлж байгаа нь ашгийг бууруулж байгаа талаар шүүмжлэв.

Харин Гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг “ манай компани борлуулалтын 10%-ийг “АПУ Трейдинг”ХХК-д өгдөг бөгөөд тус компани нь бүтээгдэхүүнийн борлуулалт, маркетинг, тээвэр, хадгалалт зэргийг бүрэн хариуцдаг” гэв.

Хурлаар хэлэлцэх чухал асуудал бол  АПУ /MSE:APU/ компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг шинээр сонгох тухай асуудал байсан бөгөөд хувьцааны 20%-ийг худалдан авсан Голомт банк ХХК нь ТУЗ-д өөрийн төлөөллийг оруулах хүсэлт тавьсан байна. Тус банкны зүгээс Г.Ганболдыг нэр дэвшүүлжээ.

Ингээд хурлын санал хураалтын дүнд хэлэлцсэн дээрхий асуудлыг хувьцаа эзэмшигчдийн олонхийн саналаар шийдвэрлэлээ.