Хурлын тэмдэглэл

ГОВЬ ХУВЬЦААТ КОМПАНИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛ

Говь /MSE:GOV/ хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2017.04.13-ны өдөр боллоо. Хуралд компанийн саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн 86% нь хүрэлцэн ирэв.

Хурлаар 2016 оны бизнесийн болон санхүүгийн үйл ажиллагаанд өгсөн ТУЗ-ийн дүгнэлтийг батлах, ТУЗ-ийн гишүүдийг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ.

Хурлын эхэнд компанийн Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Н.Сүрэнрагчаа 2016 оны үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа.

Үйл ажиллагааны талаар:
Говь /MSE:GOV/ компани тайлант онд 522 мянган сүлжмэл бүтээгдэхүүн,  319 мянган метр нэхмэл бүтээгдэхүүн, 25,854 ширхэг оёмол бүтээгдэхүүн, 286 тн ээрмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн байна. 

Үйлдвэрлэлийн хэмжээг өмнөх онтой харьцуулан харвал сүлжмэл бүтээгдэхүүний үйлдвэрлэл 26%-иар,  нэхмэл бүтээгдэхүүн 47%-иар, ээрмэл бүтээгдэхүүн 58%-иар өссөн бол оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэл 7%-иар буурчээ.

Онцлох нэг үзүүлэлт байгаа нь 2020 он гэхэд жилдээ 100,000 пальто үйлдвэрлэн борлуулах зорилго тавиад байгаа тус компанийн хувьд тайлант онд 20,165 ширхэг пальто үйлдвэрлэсэн нь өмнөх оноос 85%-иар өссөн болов.
Түүхий эд бэлтгэлийн хувьд 2015 онд 406 тн ноолуур бэлтгэж байсан бол 2016 онд 484 тн ноолуур бэлтгэж, 19%-иар нэмэгдсэн байна. 

Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Н.Сүрэнрагчаа  “Монгол Улс жилдээ 8,500 орчим тн ноолуур бэлтгэдэг боловч үүний 10 хүрэхгүй хувийг боловсруулан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа. Манай компани 2020 он гэхэд жилээ 2,000 тн ноолуур боловсруулж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болохоор зорьж байна” гэв.

Санхүүгийн үр дүнгийн талаар:
Тус компани 2016 онд 88.7  тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олсноос 54.1 тэрбум төгрөгийг дотоод боруулалтаас, 34.6 тэрбум төгрөгийг гадаад борлуулалтаас олжээ. Орлогын хэмжээ өмнөх оноос 17.5 тэрбум төгрөг буюу 25%-иар өссөн бол үүнээс дотоодын борлуулалт 26%-иар, гадаад зах зээлийн боруулалт 23%-иар өссөн байна. 
Харин бизнес төлөвлөгөөний биелэлтийн хувьд компани 2016 онд 81.2 тэрбум төгрөгийн боруулалтын орлого олохоор төлөвсөн бол гүйцэтгэлээр 9%-иар давсан бол бүтцээр нь харвал дотоод боруулалтын орлого 10%-иар, гадаад боруулалт 8%-иар тус тус давсан гүйцэтгэлтэй гарчээ.
Ашгийн үзүүлэлтийн хувьд Говь /MSE:GOV/ компани тайлант онд 16.14 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан бөгөөд энэ нь өмнөх оноос 50%-иар өссөн бол оны төлөвлөгөөтэй харьцуулбал 29%-иар өссөн байна. 
Компани 2015 онд нэгж хувьцаандаа 1380 төгрөгийн ашиг хийж байсан бол тайлант онд энэ үзүүлэлт нэмэгдэж 2070 төгрөг болж өсчээ.

2017 оны төлөвлөгөөний талаар:
Тус компани энэ онд 110 тэрбум төгрөгийн боруулалт хийн орлогын хэмжээгээ 24%-иар нэмэгдүүлэх, үүнээс гадаад боруулалтыг 43 тэрбумд, дотоод боруулалтыг 67.1 тэрбум төгрөгт хүрэхээр төлөвлөжээ.

Мөн ашигт ажиллагаагаа 12%-иар нэмэгдүүлж, 18 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллахаар төлөвлөсөн байна. 

Борлуулалтын сүлжээний хувьд 2017 онд нэрийн 7 дэлгүүр, франчайз 8 дэлгүүрийг шинээр байгуулж, нийт нэрийн 9, фрайчайз 60 дэлгүүртэй болохоор ажиллаж байгаа ажээ. Тухайлбал, Говь галарей дэлгүүрийг энэ оны 11 сард хуучин Хэвлэх үйлдвэрийн байранд байгуулах бол Лондон, Мюнхен, Хамбург, Дюссельдорф хотуудад шинээр дэлгүүр нээх юм байна. 

Энэ удаагийн хурлын үеэр хувьцаа эзэмшигчдийн сонирхон тодруулж байсан асуудлын нэг бол компани эргэлтийн хөрөнгийн санхүүжилтэд татах зорилгоор 8%-ийн хүүтэй 12.85 сая ам.долларын хөрөнгө оруулалт татах ажиллагааг хаалттай хүрээнд хийж, энэ талаарх мэдээлэл сошиал орчинд түгсэн талаар тодруулав.

Харин компанийн ТУЗ-ийн дарга Д.Гэрэлмаа “ компани ийм арга хэмжээ хэрэгжүүлээгүй гэж мэдэгдэв”.
Ингээд хурлын эцэст хэлэлцсэн асуудлаар санал хураалт явуулахад хувьцаа эзэмшигчдийн олонхийн саналаар ТУЗ-ийн дүгнэлтийг баталж, ТУЗ-ийн гишүүдийг сонголоо.

ТУЗ-д сонгогдсон гишүүд:
Хараат бус гишүүд: 
- М.Баяр
- Д.Гэрэлмаа
- Б.Нандин- Эрдэнэ
- Т.Одмаа
- Такэши Камбэ

Ердийн гишүүд:
- Ц.Баатарсайхан
- Хидэо Савада
- Д.Хулан
- Ж.Оюунчимэг