Хурлын тэмдэглэл

МЕРЕКС КОМПАНИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ХУРЛЫН МЭДЭЭ

Мерекс /MSE:MRX/ компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал өнөөдөр Баягол зочид буудлын хурлын танхимд 10 цагт хуралдлаа.

Хуралд компанийн саналын эрхтэй энгийн хувьцааны 84.37% нь хүрэлцэн ирж хуулийн хүчин төгөлдөр ирцтэйгээр эхлэв.
Энэ удаагийн ээлжит хурлаар компанийн 2014 оны үйл ажиллагаа болон санхүүгийн тайланд өгсөн Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-ийн дүгнэлт, ТУЗ-ийн ердийн болон хараат бус гишүүдийг сонгох болон ТУЗ-ийн 2016 оны цалин урамшууллын төсвийг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хурлын эхэнд Мерекс /MSE:MRX/ компанийн Гүйцэтгэх захирал М.Мөнхзолбоо хувьцаа эзэмшигчдэд өнгөрөгч оныхоо үйл ажиллагааны талаар танилцуулав.

Үйл ажиллагааны талаар:
Компани тайлант онд 36 харилцагчтай бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулан ажилласан бөгөөд тэдгээрт нийт 34.7 мянган м3 зуурмаг үйлдвэрлэн нийлүүлжээ. 

Дээрх үйлдвэрлэлийн хэмжээ нь өөрийн хүчин чадлын 30%-ийг ашигласан үзүүлэлт бөгөөд бүрэн ашиглаж чадаагүй гол шалтгаан нь дотоодын барилгын салбарын бууралттай холбоотой ажээ. 

Мөн онд байнгын ажиллагаа бүхий лабораторыг ашиглалтанд оруулсан байна. 

Компанийн санхүүгийн үр дүнгийн хувьд 4.6 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олж, жилийн эцэст 192.59 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна. Компани гэрээт байгууллагуудаас 1.77 тэрбум төгрөгийн авлагатай байна. Энэ нь салбарын онцлогтой холбоотой бөгөөд өөрөөр хэлбэл бүтээгдэхүүн нийлүүлсэний төлбөрийн оронд бартераар орон сууц авсантай холбоотой гэж компанийн удирдлагын зүгээс тайлбарлав.

Энэ жилийн хувьд салбарын нөхцөл байдал дээрдэхгүй хандлагатай байгаа учраас Төлөөлөн удирдах зөвлөл 2016 оны төлөвлөгөөг 40,000 м3 зуурмаг үйлдвэрлэж, 5.6 тэрбум төгрөгийн боруулалтын орлого олон тайлант хугацааны эцэст 375 сая төгрөгийн цэвэр ашигтай байхаар гаргасан байна.

Ногдол ашгийн тухайд ТУЗ-аас компанийн эргэлтийн хөрөнгийг нэмэгдүүлж, чадавхийг сайжруулах зорилгоор 2015 оны ашгаасаа ногдол ашиг тараахгүй байхаар шийдвэрлэснээ хурлын үеэр танилцууллаа.

Төлөөлөн удидах зөвлөлийн гишүүнд 9 хүн дэвшсэн бөгөөд үүний 6 нь өмнөх жил ажилласан хуучин гишүүд, 3 нь шинээр нэр дэвшсэн хүмүүс байна.

Ингээд хурлын санал хураалт явагдахад хувьцаа эзэмшигчид хэлэлцсэн дээрх асуудлыг 100% дэмжлээ.