Хурлын тэмдэглэл

“БЭРХ УУЛ”ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛ

Бэрх уул /MSE:BEU/ компанийн 2017 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2017.04.24-ны өдөр боллоо. Энэ удаагийн хуралд компанийн саналын эрхтэй хувьцааны 99.67%-ийг эзэмшигч 7 хувьцаа эзэмшигч хүрэлцэн ирсэн юм.

Хурлын компанийн Гүйцэтгэх захирал Б.Мэндсайхан удирдан явуулсан бөгөөд хурлын эхэнд тэрээр 2016 оны үйл ажиллагааныхаа талаар хувьцаа эзэмшигчдэд мэдээлэл хүргэв.

Үйл ажиллагааны талаар:
Тус компани 2016 онд ашиглалтын А тусгай зөвшөөрлийг нь эзэмдэг Чандганы нүүрсний уурхайгаас нүүрс олборлолтын үйл ажиллагаа явуулсан бөгөөд жоншны уурхайн олборлолтыг хийгээгүй байна.

Нүүрсний уурхайгаас 163.3 мянган м3 хөрс хуулж, 32,000 тн нүүрс олборлон борлуулалт төлөвлөгөөтэй ажилласан байна. Харин гүйцэтгэлээр 139.83 мянган м3 хөрс хуулж 42,281 тн нүүрс олборлож Хэнтий аймгийн хэрэглэгчдэд нийлүүлжээ. Борлуулалтаа компанийн төлөвлөгөөнөөс 32%-иар давуулан гүйцэтгэсэн байна.

Жоншны олборлолтын хувьд уурхайн нөхцөл байдал, жоншны зах зээлийн үнэ ханш, техник тоног төхөөрөмжийн хүндрэлтэй холбоотойгоор 2008 оноос жоншны олборлолтоо зогсоосон гэдгээ Гүйцэтгэх захирал тайлбарласан юм.

Орлогын тухайд нүүрсний борлуулалтаас 890.55 сая төгрөгийн орлого олсон боловч ББӨ нь 543.0 сая төгрөг, үйл ажиллагааны зардал 2,464.45 сая төгрөг, валютын ханшийн зөрүүнээс 4,062.18 сая төгрөгийн алдагдал хүлээснээр нийт 6,191.47 сая төгрөгийн алдагдалтай ажиллажээ. 
2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар:
Бэрх уул /MSE:BEU/ компани энэ онд 38,000 тн нүүрс олборлон 806.2 сая төгрөгийн орлоготой ажиллаж, 3.5 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллахаар төлөвлөсөн байна. 
Зардлын тухайд зээлийн хүүнд 2.34 тэрбум төгрөг, валютын ханшийн зөрүүнээс 800 сая төгрөгийн алдагдал хүлээхээр тусгасан нь хамгийн өндөр зардлууд болж байгаа юм.
Ингээд үйл ажиллагааны талаар танилцуулж, ТУЗ-ийн дүгнэлтийг хэлэлцсэний дараа Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн танилцуулга, ТУЗ-ийн 2017 оны зардлын төсвийг танилцуулав.
Санал хураалтаар компани ХЭХ-аар хэлэлцсэн бүх асуудлыг хуралд оролцсон хувьцаа эзэмшигчдийн олонхий саналаар баталлаа.
Компанийн ТУЗ-ийн ердийн болон хараат бус гишүүдэд дараах хүмүүс сонгогдов.

Ердийн гишүүнээр:
1. Б.Батбаатар
2. Жэймс Пассин
3. Б.Мэндсайхан
4. Д.Даянбилгүүн
5. Б.Лхагвадорж
6. Б.Пүрэвбаатар

Хараат бус гишүүдээр:
7. М.Батсүрэн
8. Д.Нарангоо
9. Т.Тамир