Хурлын тэмдэглэл

“СҮҮ”ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛ

Сүү /MSE:SUU/ хувьцаат компанийн 2017 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2017.04.28-ны өдөр болов. Хуралд компанийн саналын эрхтэй хувьцааны 72.06%-ийг эзэмшдэг хувьцаа эзэмшигчид хүрэлцэн ирснээр хуулийн хүчин төгөлдөр ирцтэйгээр эхэлсэн юм.

Хурлаар дараах асуудлыг хэлэлцсэн юм. Үүнд:

1. Компанийн 2016 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэж батлах
2. Ногдол ашгийн талаар Хувьцаа эзэмшигчдэд мэдээлэл хүргэх 
3. ТУЗ-ийн гишүүдийн бүрэн эрхийн хугацааг үргэлжлүүлэх тухай

Хурлын эхэнд компанийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга 2016 оны үйл ажиллагааны тайлангаа хувьцаа эзэмшигчиддээ танилцуулав.

Үйл ажиллагааны талаар:

Тус компани 2016 онд өөрийн бэлтгэн нийлүүлэгч малчид, фермерүүдээс 14 сая литр сүү худалдан авч 19.6 сая тн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн байна. Бэлтгэсэн сүүний хэмжээ өмнөх оноос 9.5%-иар өссөн бол үйлдвэрлэлийн хэмжээ 8.1%-иар мөн өсчээ.
Бүтээгдэхүүний борлуулалтаас 41.6 тэрбум төгрөгийн орлого олж, 7.3 тэрбум төгрөгийн зардал гарган, жилийн эцэст 502.7 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна. 

Борлуулалтын хэмжээ өмнөх оноос 6.8%-иар өссөн бол ашгийн хэмжээ 9.8%-иар буурлаа. 
Орлогод эзлэх бүтээгдэхүүний нэр төрлийн хувьд 54.2%-ийг сүүний борлуулалтын орлого, 25.9%-ийг тарагны борлуулалт эзэлсэн бөгөөд дэлгэрэнгүйг доорхи графикаас харна уу.
Үүнээс онцлон дурьдахад компани сүү, тарагны борлуулалтаас 37.4тэрбум төгрөгийн орлого олсон нь өмнөх оны үзүүлэлтээс 7%-иар өссөн дүнтэй гарчээ.

Зах зээлд эзлэх үзүүлэлтийг харвал 2015 онд дотоодын шингэн сүүний зах зээлийн 82.5%-ийг хангаж байсан бол 2016 онд 83.21 болж бага зэрэг өссөн байна. Харин сүү, сүүн бүтээгдэхүүний зах зээлийн 48%-ийг эзэлж байгаа нь өмнөх оноос 4%-иар өсөв.
Хурлын үеэр компаний гүйцэтгэх удирдлагын зүгээс 2017 онд сүү, сүүн бүтээгдэхүүний зах зээлд эзлэх байр суурийг тус бүр 4%-иар нэмэгдүүлэхээр төлөвлөсөн гэдгээ мэдэгдэв.

Тайлант хугацаанд үйл ажиллагаагаа өргөтгөх, зах зээлд шинэ бүтээгдэхүүн нийлүүлэх зэрэгт нийт 4.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Үүнийг задлан харвал:

1. Жилд 52 сая литр бүтээгдэхүүн лавлах хүчин чадалтай Тетра пак савлагааны шинэ дамжлага нэвтрүүлэхэд -  2.65 тэрбум төгрөг
2. 18 сая литр савлах хүчин чадалтай Elecster савлагааны шугам нэвтрүүлэхэд – 1.16 тэрбум төгрөг
3. Авто парк шинэчлэлд – 800 сая төгрөг
4. Шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэхэд 50 сая төгрөг
Хурлын үеэр хувьцаа эзэмшигчдийн сонирхож байсан асуудал бол ногдол ашгийн тухай асуудал байлаа.

Үүнд компанийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга “Сүү /MSE:SUU/ хувьцаат компани IFC /International Financial Corporation/-ээс авсан зээлийн гэрээ 2019 онд дуусна. Уг гэрээнд энэ хүртэл ногдол ашиг хуваарилахыг хязгаарласан заалт орсон. Гэхдээ компани ногдол ашиг хувьцаа эзэмшигчиддээ олгох байр суурьтай байгаа ба зээлийг хугацаанаас нь өмнө төлөхөөр зорьж байна. Ингэж чадвал 2017 ондоо 3 тэрбум төгрөгийн ногдол ашиг олгоно” гэж мэдэгдсэн юм.

Ингээд хэлэлцэх асуудлын хүрээнд ТУЗ-ийн 12 гишүүний бүрэн эрхийг үрэлжүүлэх асуудал байсан бөгөөд ХЭХ-ын санал хураалтаар дээрх асуудлуудыг олонхийн саналаар баталлаа.