Хурлын тэмдэглэл

АРИГ ГАЛ ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛ

Ариг гал /MSE:EER/ хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2017.04.28-ны өдөр боллоо. Хуралд компанийн саналын эрхтэй хувьцааны 83.4%-ийг эзэмшдэг хувьцаа эзэмшигчид оролцсоноор хуулийн хүчин төгөлдөр ирцтэйгээр эхэлсэн юм.

Хурлаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Үүнд:
1. Компанийн 2016 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланд ТУЗ-өөс өгсөн дүгнэлтийг хэлэлцэж батлах
2. ТУЗ-ийн ердийн болон хараат бус гишүүдийг сонгох
3. 2016 оны үйл ажиллагааны үр дүнгээр хуваарилах ногдол ашгийн хувь хэмжээг тогтоосон ТУЗ-ийн хурлын шийдвэрийг батлах
4. ХЭХ-ын болон ТУЗ-ийн үйл ажиллагааны 2017 оны зардлын төсвийг хэлэлцэж батлах
Энэ удаагийн хурлын эхэнд компанийн Гүйцэтгэх захирал Х.Хания 2016 оны үйл ажиллагааныхаа талаар хувьцаа эзэмшигчдэд танилцуулсан юм.

Үйл ажиллагааны талаар:
Ариг гал /MSE:EER/ компани нь өнгөрсөн хугацаанд хувьцаагаар оруулсан хөрөнгө оруулалтын ногдол ашиг, үл хөдлөх хөрөнгийн түрээс, инженерийн байгууламжийн түрээсээр орлого олж ирсэн.

Тайлант хугацаанд 784.9 сая төгрөгийн орлого олж, 124.02 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна. Орлогын хэмжээ нь 2016 оны төлөвлөсөн хэмжээнээс 14.7%-иар, өмнөх оны  гүйцэтгэлээс 2.4%-иар буурсан дүнтэй гарчээ. Тодруулбал, компанийн үл хөдлөх хөрөнгө болон инженерийн байгууламжийн түрээсээр орлого өмнөх оноос 25%-иар, тайлант хугацааны төлөвлөгөөнөөс 4.3%-иар өссөн байна.

Тус компани нь Тавантолгой /MSE:TTL/ компанийн нийт хувьцааны 4 орчим хувийг эзэмшдэг бөгөөд тайлант хугацаанд Тавантолгой /MSE:TTL/ нь хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг олгоогүй нь орлого буурах гол шалтгааны нэг болов.

Зардлын тухайд компани 600.5 сая төгрөгийн зардал гарган ажилласан нь өмнөх оны үзүүлэлтээс 7.8%-иар өссөн дүнтэй гарчээ. Харин 2016 оны жилийн эцэст компани 124 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна.

2017 оны тухайд компани 1.27 тэрбум төгрөгийн орлого олж 1.16 тэрбум төгрөгийн зардал гарган 117.6 сая төгрөгийн ашигтай ажиллахаар төлөвлөжээ. Орлогын бүтцийг харвал, 800.0 сая төгрөгийг ногдол ашгаас, 240 сая төгрөгийг түрээсээр, үлдсэн орлогыг бусад эх үүсвэрээс олохоор тооцжээ.

Хурлаар хувьцаа эзэмшигчдэд танилцуулж, хэлэлцсэн нэг асуудал нь компанийн 2016 оны цэвэр ашгийн 60%-ийг ногдол ашиг хэлбэрээр хувьцаа эзэмшигчиддээ олгох тухай байлаа. Тодруулбал, компани нэгж хувьцаанд 17.82 төгрөг буюу нийт 62 сая төгрөгийг олгохоор ТУЗ-өөс шийдвэрлэжээ. Мөн олгогдоогүй байсан 2015 оны ногдол ашиг болох 114.8 сая төгрөгийг хувьцаа эзэмшигчиддээ олгохыг Гүйцэтгэх захиралд үүрэг болгов.

Харин Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүдэд дараах хүмүүс нэр дэвшин сонгогдлоо. Үүнд:

ТУЗ-ийн ердийн гишүүнээр:
1. С.Мөнхжаргал
2. Х.Хания
3. Д.Гиваапил
4. С.Алимаа
5. Д.Мөнхбат
6. Б.Ёндонжамц

ТУЗ-ийн хараат бус гишүүнээр:
1. Б.Болд
2. Э.Бямбажав
3. Б.Аюуш