Хурлын тэмдэглэл

РЕМИКОН ХУВЬЦААТ КОМПАНИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ХУРЛЫН МЭДЭЭ

Ремикон /MSE:RMC/ компанийн 2016 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2016.04.29-ний өдөр хуралдлаа. Хуралд компанийн саналын эрхтэй нийт хувьцааны 55%-ийг эзэмшигч 13 хувьцаа эзэмшигч оролцов.
Хурлаар компанийн 2015 оны бизнесийн болон санхүүгийн үйл ажиллагаанд Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-өөс өгсөн тайлан, 2016 оны бизнес төлөвлөгөө болон ТУЗ-ийн гишүүдийг томилох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Ремикон /MSE:RMC/ нь 2015 онд 67,000м3 зуурмаг үйлдвэрлэх зорилт тавьж ажилласан бөгөөд гүйцэтгэлээр 68,502 м3 бетон зуурмаг үйлдвэрлэж борлуулсан байна. Энэ нь өмнөх 2014 оноос 2%-иар өссөн үзүүлэлт болсон талаар Гүйцэтгэх захирал танилцуулав.

Өнгөрөгч онд барилгын салбарт  бий болсон хүндрэлтэй холбоотойгоор үйл ажиллагаа явуулж байсан үйлдвэрүүдийн 60 гаруй хувь нь үйл ажиллагаагаа зогсоосон байна. 

Орлогын хувьд тайлант хугацаанд 10.17 тэрбум төгрөгийн орлого олсоны, 8.3 тэрбум төгрөг нь үндсэн үйл ажиллагаа болох бетон зуурмагийн борлуулт эзэлж байна. Мөн үйлдвэрийн түрээсээс 1.32 тэрбум төгрөгийн орлого олжээ. Гэсэн хэдий ч 560.9 сая төгрөгийн алдагдалтай ажиллажээ.
Компанийн санхүүгийн үзүүлэлтэд харилцагч компаниудаас авах авлагын хэмжээ өндөр дүнтэй байна. Жилийн эцсийн дүнгээр 9.07 тэрбум төгрөгийн авлагатай байгаа юм.

Компанийн удирдлагын зүгээс авлагаа барагдуулах чиглэлээр тодорхой ажлуудыг гүйцэтгэсэн талаар мэдээлэв. Тухайлбал 7 хоногийн ажлын нэг өдрийг авлага барагдуулах өдөр болгон харилцагч нартайгаа тулж ажиллах, мөн Шүүхийн шийдвэрээр 758 сая төгрөгийн авлагыг барагдуулсанаас гадна Хуулийн фирмтэй хамтран ажиллаж байгаа ажээ.

Төлөөлөн удирдах удирдах зөвлөлөөс компанийн санхүүгийн үр дүнг харгалзан ногдол ашиг тараахгүй гэсэн шийдвэр гарсан байна.
2016 оны хувьд компанийн зүгээс салбарын нөхцөл байдал сайжрахгүй гэж үзэн 60,000 м3 бетон зуурмаг үйлдвэрлэж борлуулан 9.19 тэрбум төгрөгийн орлого олж, алдагдлыг 215.2 сая төгрөгт хүргэхээр төлөвлөсөн байна. 

Хуралд оролцсон жижиг хувьцаа эзэмшигчдийн зүгээс 2015 оны компанийн үйл ажиллагаа, удирдлагын зүгээс авч хэрэгжүүлсэн ажлуудад эерэг үнэлгээ өгч байсан ба харин компанийн мэдээллээ хувьцаа эзэмшигчдэд хүргэх тал дээр анхаарч ажиллахыг сануулж байлаа.