Хурлын тэмдэглэл

МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБОО КОМПАНИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ХУРЛЫН МЭДЭЭ

Монголын Цахилгаан холбоо /MSE:MCH/ хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2016.04.29-ны өдөр Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн байранд хуралдав.

Хуралд компанийн саналын эрхтэй хувьцааны 95.54%-ийг эзэмшигч 15 хувьцаа эзэмшигч хүрэлцэн ирснээр хурал хуулийн хүчин төгөлдөр ирцтэйгээр эхэлсэн юм.

Ээлжит хурлаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
- Компанийн 2015 оны үйл ажиллагааны тайланд өгсөн ТУЗ-ийн дүгнэлт
- Хараат бус аудитын дүгнэлт
- Аудитын хорооны тайлан
- Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-ийн гишүүдийг сонгох
- ТУЗ-ийн 2016 оны зардлын төсөв

Хурлын дэг ёсоор эхэнд Гүйцэтгэх захирал Т.Батмагнай компанийнхаа 2015 оны үйл ажиллагааны тайланг танилцуулав.

Үндсэн үйл ажиллагааны хүрээнд суурин утасны хэрэглэгчдийн тоо 78 мянгад хүрсэнээс гадна уламжлалт суурин утасны дараа үеийн суурин утасны NGN технологийг нэвтрүүлж, 1,800 гаруй хэрэглэгчийг шилжүүлжээ. Харин интернэт үйлчилгээний хувьд сумдад интернэт хүргэх төслийн хүрээнд 161 суманд Миком WiFi интернэттэй, БСШУЯамтай 228 сумын 239 сургуульд интернэт үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулан ажилласан байна. 

Кабелийн телевизийн хэрэглэгчдийн тоо өмнө оноос 225-аар буурсан бөгөөд энэ нь бусад гурвалсан үйлчилгээтэй кабелын телевиз идэвхитэй нэвтэрч байгаатай холбоотой ажээ.

Компанийн зүгээс хэрэгжүүлсэн нэг томоохон төсөл бол 1109 лавлах төвийг шинэчлэх төсөл бөгөөд үүнд нийт 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийжээ. Гэвч энэхүү үйлчилгээ алдагдалтай ажиллаж байгаа юм байна.

Санхүүгийн үйл ажиллагааны үр дүнгийн хувьд 19.32 тэрбум төгрөгийн боруулалтын орлого олсон боловч жилийн эцэст 728.8 сая төгрөгийн алдагдал хүлээсэн байна.

Гүйцэтгэх захирал дараах зүйлсийг хэлэв:
“Алдагдлыг орон нутгийн аймаг, сумдад хүргэж байгаа үйл ажиллагаанаас хүлээж байгаа бөгөөд Улаанбаатар хотын үйл ажиллагаа нь ашигтай байгаа.... 

2006 онд ЗГ-ын шийдвэрээр компанийн мэдээлэл, холбооны үндсэн сүлжээ болон барилгыг нь салган “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨК байгуулсанар МЦХ ХК-ийн хувьд сүлжээ, ажлын байраа тус компаниас түрээсээр ашиглах болсноор түрээсийн зардал нэмэгдэх гол шалтгаан болсон байна.

Компани суурин утасны технологийн хоцрогдолд ороод байгаа бөгөөд одоогийн ашиглаж буй технологи солих, засварлах шаардлага гардаг боловч түүнийх нь сэлбэг хэрэгсэл одоо байдаггүй

Компанийн 2016 онд ашиглалт үйлчилгээнийхээ зардлыг хэмнэж 20.85 тэрбум төгрөгийн орлого олж, 415.6 сая төгрөгийн алдагдалтай ажиллах, GPON гуравласан үйлчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа ажээ. Мөн үйл ажиллагаандаа 6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийн Улаанбаатар хот, аймгийн төвүүд, томоохон хотуудын гэр хороололд WiFi сүлжээ, SIP програм хангамжийг сайжруулах юм байна. 

Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016.02.17-ны өдрийн шийдвэрээр компани 2015 онд ашиггүй ажилласан тул хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг хуваарилахгүй байхаар шийдвэрлэсэн байна. ТУЗ-ийн 2016 оны зардлын төсвийг 73.27 сая төгрөгөөр баталлаа.