Хурлын тэмдэглэл

ХӨХ ГАН ХУВЬЦААТ КОМПАНИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ХУРЛЫН МЭДЭЭ

Хөх ган /MSE:HGN/ компанийн 2016 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2016.04.29-ний өдөр хуралдлаа. Хуралд компанийн саналын эрхтэй нийт хувьцааны 83.2%-ийг эзэмшигч 13 хувьцаа эзэмшигч оролцлоо.

Энэ удаагийн хурлаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

- Компанийн 2015 оны бизнесийн үйл ажиллагаанд өгсөн Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-ийн дүгнэлт
- 2016 оны төлөвлөгөө
- ТУЗ-ийн гишүүдийг сонгох
- Дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах
- Гүйцэтгэх удирдлагын 2016 оны зардлын төсөв батлах

Үйл ажиллагааны талаар:
Хөх ган /MSE:HGN/ компани 2015 оны 5 сард үйл ажиллагаагаа бүрэн зогсоожээ. Энэ нь дотоодын эдийн засгийн хүндрэл, төмрийн зах зээлийн үнийн уналттай холбоотой хэмээн тус компанийн удирдлагаас тайлбарлав.
Гэхдээ компанийн зүгээс бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг нэмэгдүүлэх ажлыг өнгөрсөн онд гүйцэтгэжээ. Шинээр кокс үйлдвэрлэх тоног төхөөрмжийг угсарч суурилуулсан бөгөөд туршилтийн үйлдвэрлэлийг эхлүүлж 918.7 тн кокс гарган авчээ.

Ингэснээр ангижруулсан төмөр, агломерат болон коксийг зах зээлд нийлүүлэх боломжтой болж байгаа юм.

Санхүүгийн үр дүнгийн хувьд дээр дурьдсан коксын борлуулалтаас 521.4 сая төгрөгийн орлого олсон боловч үйл ажиллагааны зардалд 734.9 сая төгрөг зарцуулсанаар жилийн эцсийн дүнгээр 687.9 сая төгрөгийн алдагдалтай ажиллажээ.

2016 оны ажлын хувьд ирэх 8 сараас үйл ажиллагаагаа эхлүүлэхээр төлөвлөж байгаа ба шаардлагатай санхүүгийн тооцоог хийн, эх үүсвэрийг шийдвэрлэх юм байна.

ТУЗ-ийн 2016.02.19-ний өдрийн шийдвэрээр алдагдалтай ажилласан тул ногдол ашиг хувьцаа эзэмшигчиддээ олгохгүй байхаар болсон тухайгаа ХЭХурал дээр танилцууллаа.

Мөн ТУЗ-ийн бүрэлдэхүүнийг шинээр сонгосон бөгөөд энгийн гишүүнд 6 хүн, хараат бус гишүүнд 3 хүн нэр дэвшиж сонгогдлоо.