Хурлын тэмдэглэл

ФРОНТИЕР ЛЭНД ГРУПП КОМПАНИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДЙИН ХУРЛЫН МЭДЭЭ

Фронтиер лэнд групп /MSE:MDR/ хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2016.04.29-ны өдөр компанийн саналын эрхтэй энгийн хувьцааны 84.45%-ийн ирцтэйгээр хуралдлаа.

Хурлаар компанийн 2015 оны үйл ажиллагаа, санхүүгийн тайланд өгсөн ТУЗ-ийн дүгнэлтийг батлах, 2016 оны бизнес төлөвлөгөө, хувь нийлүүлсэн хөрөнгийг өөрчлөх, нэмэлт хувьцаа гаргах, нэмж гаргаж байгаа хувьцаанаас тэргүүн ээлжинд худалдан авах эрх эдлүүлэх, дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах, ТУЗ-ийн зардлын төсвийг батлах зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.

Компани 2015 онд Реженси Ресидэнс хороолол дахь оффис, үйлчилгээний талбай, Баянмонгол хороолол дахь орон сууцнуудыг түрээслүүлэн ажилласан ба тайлант хугацаанд 808.9 сая төгрөгийн орлого олж, 626.3 төгрөгийн зардалтай ажиллан, 85.2 сая төгрөгийн ашиг олжээ.

Компани цаашид Монголын болон Мьянмар, Мозамбек зэрэг хөгжиж буй улсын үл хөдлөх хөрөнгийн зах зээлд нэвтрэхээр төлөвлөж байгаа бөгөөд үүнд шаарлагатай  хөрөнгө оруулалтыг нэмж хувьцаа гаргах замаар босгохоор төлөвлсөн талаараа хувьцаа эзэмшигчдэд танилцуулав.
Эхний ээлжинд 10 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хувьцааг нэмж гаргахаар төлөвлөсөн байна. 

Харин компанийн хувьцааны нэрлэсэн үнэ нь 1,000 төгрөг боловч ханш нь зах зээл дээр үүнээс бага /2016.04.29-ий өдрийн хаалт390.9 төгрөг/ байгаа нь үнэт цаас гаргах үйл ажиллагаанд саад учруулж байна гэв. Учир нь КТХуульд хувьцааг нэрлэсэн үнээс нь доогуур үнээр гаргахыг хориглосон байдаг тул нэрлэсэн үнийг бууруулахаар СЗХ-той хамтран ажиллаж байгаа гэлээ. 

Ногдол ашгийн тухайд ТУЗ-ийн 2016.02.15-ны өдрийн шийдвэрээр компанийн цаашдын хөрөнгө оруулалтыг өсгөх, ирээдүйн өгөөжийг нэмэгдүүлэх, дотоодын мөнгөн урсгалыг тогтмол хэмжээнд барих зорилгоор 2015 оны ашгаасаа ногдол ашиг тараахгүй байхаар шийдвэрлэсэнээ танилцуулав. 
2016 оны ТУЗ-ийн цалин урамшууллын зардлын төсвийг 51.6 сая төгрөг байхаар тогтоосон байна. 

Ингээд хурлын санал хураалт болоход дээрхи асуудлуудыг хувьцаа эзэмшигчдийн олонхийн саналаар баталлаа.