Хурлын тэмдэглэл

ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛ

Монгол шуудан /MSE:MNP/ компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал 2016.09.09-ний өдөр компанийн саналын эрхтэй хувьцааны 96.72%-ийн ирцтэйгээр хуралдлаа.

Өмнө нь бид мэдээлж байсанчлан ээлжит бус хурлыг “Ард санхүүгийн нэгдэл”ХК болон хувьцаа эзэмшигч Х.Батхишиг нар зарлан хуралдуулав.

Хурлаар компанийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах, ТУЗ-ийн хараат бус гишүүн Л.Ундаргааг томилсон 2016.03.20-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын шийдвэрийг хүчингүй болгох, шинэ гишүүнийг нөхөн сонгох болон 2015 оны санхүүгийн үйл ажиллагааны ашгаас төрийн мэдлийн хувьцаанд ногдол ашиг хуваарилах ТУЗ-ийн шийдвэрийг хүчингүй болгосон талаар танилцуулах зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Компанийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлын хувьд хурал зарлагч хувьцаа эзэмшигчдээс дараах нэмэлт өөрчлөлтийг оруулах саналыг оруулжээ.

- 7.13. Компанийн саналын эрх бүхий хувьцааны 75-аас дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид ХЭХ-д оролцсоноор хурал хүчин төгөлдөр болно.
- 7.14. ХЭХ-ын шийдвэр нь хуралд саналын эрхтэй оролцож байгаа хувьцаа эзэмшигчдийн 75-аас дээш хувийн саналаар хүчин төгөлдөр болно.
- 8.12. Хараат бус гишүүнд нийт саналын эрх бүхий хувьцааны 50-аас дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчдээс нэр дэвшүүлэхгүй

Дээрх асуудалууд нь хувьцаа эзэмшигчдийн дунд ихээхэн хэлэлцүүлэг өрнүүлсэн бөгөөд энэ үеэр хувьцаа эзэмшигчдээс олон санал, шүүмж гаргасан юм.

Ингээд санал хураалт явуулахад Компанийн дүрэмд орох нэмэлт өөрчлөлтийг 99.97%-ийн саналаар баталсан бол 7.14. дэх заалтыг хувьцаа эзэмшигчдийн 68.28%-ийн саналаар, 8.12 дахь заалтыг 68.23%-ийн саналаар тус тус татгалзах шийдвэр гаргав. 

ТУЗ-ийн гишүүнийг томилсон ХЭХ-ийн шийдвэрийг хүчингүй болгох тухай асуудал хэлэлцэх үед хараат бус гишүүн Л.Ундаргаа нь: Би кумулятив аргаар сонгогдсон гишүүн. Иймд КТХуульд “77.3.Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын шийдвэрээр төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгож болох бөгөөд төлөөлөн удирдах зөвлөлийг кумулятив аргаар сонгосон бол төлөөлөн удирдах зөвлөлийг зөвхөн бүрэн бүрэлдэхүүнээр нь хугацаанаас нь өмнө бүрэн эрхийг нь дуусгавар болгож болно” гэж заасан байгаа. Иймд хуулийн дагуу ТУЗ-ийн гишүүд бүгд чөлөөлөгдөх ёстой” гэсэн байр суурийг илэрхийлэв. Харин хуралд асуудал оруулагчдын зүгээс тус гишүүнийг сонирхолын зөрчилтэй гэж үзэж байгаа ажээ.

Ингээд чөлөөлөх асуудлаар санал хураалт явуулахад хуралд оролцсон хувьцаа эзэмшигчдийн 99.97%-ийн саналаар Л.Ундаргаа-г чөлөөллөө. 

Нөхөн томилогдох ТУЗ-ийн хараат бус гишүүнд Mongol ID Group-ийн төсөл хариуцсан захирал Д.Анар, “Азума шиппинг Монголиа”ХХК-ийн захирал Ч.Чинзориг нар нэр дэвшсэн бөгөөд санал хураалтын өмнө нэр дэвшигчид өөрсдийгөө хувьцаа эзэмшигчдэд танилцуулав. Санал хуралт явуулахад Ч.Чинзориг хувьцаа эзэмшигчдийн 99.98%-ийн саналаар Монгол шуудан /MSE:MNP/ компанийн ТУЗ-ийн хараат бус гишүүнээр сонгогдов.

Нэмж хэлэхэд энэ удаагийн хуралд ажиглагчаар Санхүүгийн Зохицуулах Хороо болон бусад зах зээлийн мэргэжлийн оролцогчид, хэвлэл мэдээллийн хэрэгслийн төлөөлөл оролцсон юм.