Хурлын тэмдэглэл

БАГАНУУР КОМПАНИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛ

Багануур /MSE:BAN/ компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал 9 хувьцаа эзэмшигчийн нийт хувьцааны 96.1%-ийн ирцтэйгээр хуралдлаа.

Энэ удаагийн хурлаар компанийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах болон Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүдийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох, шинэ гишүүдийг томилох, компанийн нэмж гаргасан хувьцааг Санхүүгийн зохицуулах хороо бүртгэлээс хассантай холбоотойгоор цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцлээ.
Хэлэлцсэн асуудлын талаар:

1. Дүрэмд нэмэлт асуудлын хүрээнд компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн тоог өөрчлөх асуудал байлаа. Компанийн дүрэмд ТУЗ-ийн гишүүдийн тоо 13 байна гэж заасан байдаг бөгөөд ТУЗ-ийн зүгээс хэд хэдэн шалтгаан, судалгааны дүнд үндэслэн 9 гишүүнтэй байх санлыг тавьсан юм. Үүнд: ТУЗ нь цөөн гишүүнтэй байх нь аливаа хэлэлцэж буй асуудлын гүнд нь орж хэлэлцдэг, шийдвэр гаргалт хурдан, гишүүд нь нэгдмэл, шийдмэг байдаг гэсэн АНУ-ын GMI Ratings компанийн судалгаанд үндэслэжээ. 

Ингээд хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэх явцад тоог бууруулах нь жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг, дуу хоолойг илэрхийлэх хараат бус гишүүдийн тоо буурахаар байгаа тул 9 гишүүнтэй бус 12 гишүүнтэй байх нь зүйтэй гэж хуралд оролцсон нийт хувьцаа эзэмшигчид үзсэн. Дээрх санлын хүрээнд санал хураалт явуулахад хуралд оролцсон нийт хувьцаа эзэмшигчид 100% зөвшөөрснөөр компанийн ТУЗ-ийн бүрэлдэхүүн 12 гишүүнтэй байхаар дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулахаар болсон юм.

2. Багануур /MSE:BAN/ компанийн ТУЗ-ийн одоогийн 13 гишүүнийг чөлөөлж, шинээр 12 гишүүнийг сонгох асуудлыг хэлэлцсэн бөгөөд ердийн гишүүнд 8 хүн, хараат бус гишүүнд 22 хүн нэр дэвшсэн байна.

Хувьцаа эзэмшигчид нэр дэвшсэн бүх хүмүүсийн талаарх мэдээллийг сонсож, асуулт хариулт өрнөсий дараа санал хураалт явуулахад дараах нэр бүхий хүмүүс компанийн ТУЗ-ийн ердийн болон хараат бус гишүүнээр сонгогдлоо.

Ердийн гишүүнд.
1. Түмэнцогт
2. Мэндсайхан
3. Нандинжаргал
4. Ганболд
5. Нарангэрэл
6. Эрдэнэбулган
7. Банзрагч
8. Наранцэцэг
Хараат бус гишүүдэд:
9. Осоргарав
10. Алтанцэцэг
11. Даваажаргал
12. Батсайхан

3. Монгол Улсын Их Хурлын 2015.07.03-ны өдрийн “Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” 70-р тогтоолд Багануур /MSE:BAN/ компанийн төрийн мэдлийн 75%-ийг нэмж үнэт цаас гаргах замаар 51%-д хүргэхээр тусгасан байдаг.

Энэ хүрээнд компани нэмж үнэт цаас гаргах ажлыг эхлүүлж, ТУЗ болон Хувьцаа эзэмшигчдийн хурлаас холбогдох шийдвэрийг гарган, үнэт цаасны андеррайтераар Ти Ди Би Капитал ҮЦК сонгон ажилласан байна.

Ингээд компани СЗХ болон МХБ-ээс холбогдох материалыг хүргүүлж зах зээлд нэмж үнэт цаас гаргах зөвшөөрөлөө авч, олон нийтээс 2016.07.04-нөөс 07.07-ны хооронд хувьцаа худалдан авах захиалыг авчээ.

Гэвч хөрөнгө оруулагчдын зүгээс худалдан авах эрэлт бага байсан талаар тус компанийн гүйцэтгэх захирал М.Отгонбаяр мэдэгдлээ. Харин жижиг хувьцаа эзэмшигчдийн зүгээс хувьцаагаа олон нийтэд санал болгох ажиллагаа богино хугацаанд, мэдээлэл хаалттай хэлбэрээр явуулсан гэж шүүмжлэв.

Нэмж гаргасан хувьцааны борлуулалтын тухайд Тэргүүн ээлжинд худалдан авах эрхээр 2,098,157 ширхэг хувьцаа, олон нийтээс 30,863 ширхэг хувьцаа худалдан авах санал ирж, 7,741,267 ширхэг хувьцаа борлогдоогүй үлдсэн байна.

Харин Андеррайтертай хийсэн гэрээнд хэрэв зах зээл дээр нэмж гаргасан 9,870,287 ширхэг хувьцаанаас борлогдоогүй үлдсэн тохиолдолд Андеррайтер нь тогтоосон үнээр худалдан авахаар заажээ. 

Ингээд андеррайтераар ажилласан Ти Ди Би Капитал ҮЦК-тай хувьцаагаа худалдах хэлцэл хийх явцад СХЗ-ооноос 2016.09.21-ний өдөр Багануур /MSE:BAN/ компанийн нэмж хувьцаа гаргах ажиллагааг амжилтгүй гэж үзэн, үнэт цаасыг нь бүртгэлээс хассан байна.

Үүнтэй холбоогтойгоор компанийн зүгээс СЗХ-ны Хяналтын зөвлөлд гомдол гаргасан байна.

Хэлэлцсэн асуудлын хүрээнд хувьцаа эзэмшигчдийн хурлаас дээрх асуудалтай холбоотойгоор шаардлагатай арга хэмжээ авч ажиллахыг ТУЗ болон Гүйцэтгэх захиралд үүрэг болголоо.