Хурлын тэмдэглэл

МОНГОЛ ШУУДАН КОМПАНИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ХУРЛЫН МЭДЭЭ

Монгол шуудан /MSE:MNP/ компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал 2017.01.25-ны Монголын цахилгаан холбоо /MSE:MCH/ компанийн хурлын танхимд хуралдлаа.

Хуралд тус компанийн төрийн мэдлийн 66%-ийн хувьцааг эзэмшигч Сангийн яамны төлөөлөл, 30.7%-ийг эзэмшдэг Ард санхүүгийн нэгдэл болон бусад 27 хувьцаа эзэмшигчдийн төлөөлөл оролцсон бөгөөд хурлын ирц 96.62%-тай байв. 

Ээлжит бус хурлаар дараах 3 асуудлыг хэлэлцэхээр товлосон бөгөөд үүнд, 
1. Хөрөнгийн зах зээл дээрээс IPO гаргах замаар татан төвлөрүүлсэн 6.26 тэрбум төгрөгийн зарцуулалтыг шинэчлэх батлах
2. Төлөөлөн удирдах зөвлөлд төрийн төлөөллийг хэрэгжүүлэх ердийн 2 гишүүнийг сонгох
3. ТУЗ-ийн хараат бус 1 гишүүнийг нөхөн томилох тухай байлаа.

Хөрөнгийн зарцуулалтын тухайд тус компани 2016 оны 1 сард зах зээл дээрээс 6.26 тэрбум төгрөгийн татсаныг бид бүхэн мэднэ. Хөрөнгө оруулалтын төсөлд уг хөрөнгөөр Замын-Үүдэд логистикийн төв, Улаанбаатар хотын Яармагт Гаалийн баталгаат агуулах, ялган боловсруулах төв байгуулах болон авто паркад томоохон шинэчлэл хийхээр төлөвлөөд байсан.

Гэвч компанийн удирдлага болон үйл ажиллагааны стратеги төлөвлөгөөний шинэчлэлтэй холбоотойгоор хөрөнгийн зарцуулалтад дараах байдлаар өөрчлөлт оруулахаар хувьцаа эзэмшигчдэд танилцууллаа.

Ялган боловсруулах төвийг Улаанбаатар хотод Амгалан өртөөнд байгуулах бөгөөд 7,000 м2 газарт 2,880м2 талбай бүхий 2 давхар байгууламжийг барихаар ажиллаж байгаа юм байна. Харин газрын асуудлыг Нийслэлийн удирдлагуудтай ярилцаж байгаа ажээ.  

Компани цаашид шуудангийн үндсэн үйлчилгээгээ явуулахаас гадна Логистик, интернэт худалдаа, санхүүгийн үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Ингээд хэлэлцсэн асуудлаар санал хураалт явуулахад хувьцаа эзэмшигчдийн 97.06%-ийн саналаар хөрөнгийн зарцуулалтын шинэ төлөвлөгөөг батлав.

Харин ТУЗ-ийн гишүүдийн сонгох асуудлын тухайд Төрийн өмчийг хэрэгжүүлэгч Сангийн яамнаас 2 гишүүнийг шинээр томилох санал гаргасан бол хараат бус гишүүнээр ажиллаж байсан Л.Чинбат /Гацуурт ХХК-ийн захирал/  нь өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлт гаргасантай холбоотойгоор томилгоог хийлээ.

Ердийн гишүүдээр ЗГХЭГ-ийн ахлах референт Ч.Эрдэнэчимэг /97.05%/,  Сангийн яамны хэлтсийн дарга С.Мөнгөнцэцэг /97.04%/ , хараат бус гишүүнээр Таванбогд группын дэд ерөнхийлөгч М.Халиунбат /97.03%/ нар сонгогдсон байна.

Нэмж хэлэхэд тус компани 2016 оны санхүүгийн үр дүнгээр 1 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан талаар компанийн удирдлагууд мэдэгдэв.