Хурлын тэмдэглэл

ГЕРМЕС ЦЕНТР КОМПАНИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛ

Гермес центр /MSE:HRM/ компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2018.03.06-ны өдөр боллоо. Хуралд компанийн нийт гаргасан хувьцааны 85.9%-ийг эзэмшдэг хувьцаа эзэмшигчид хүрэлцэн ирэв.

Хурлыг тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Оюунсүрэн даргалан явуулсан бөгөөд дараах асуудлыг хэлэлцлээ.
- Компанийн 2017 оны бизнесийн болон санхүүгийн тайланд өгсөн ТУЗ-ийн дүгнэлт
- 2017 оны аудитаар баталгаажсан санхүүгийн тайланд хийсэн компанийн Аудитын хорооны дүгнэлт
- Компанийн 2016 оны ногдол ашгийг хуваарилж тараасан тухай мэдээлэл, 2017 оны болон 2018 оны ногдол ашгийн тухай
- ТУЗ-ийн болон Гүйцэтгэх захирлын цалин урамшуулал, зардлын төсвийн тухай
- Компанийн 2018 оны үйл ажиллагааны зорилтын тухай
- ТУЗ-ийн гишүүдийг сонгох тухай

Хурлын эхэнд компанийн Гүйцэтгэх захирал Б.Оюунцэцэг 2017 оны үйл ажиллагааны тайлангаа тавив.

Үйл ажиллагааны тухайд:
Компанийн хувьд өнгөрөгч онд 1.49 тэрбум төгрөгийн орлоготой ажилласан бөгөөд үндсэн үйл ажиллагаа болох түрээсийн орлогоос 1.33 тэрбум төгрөгийг олжээ. Энэ нь компанийн төлөвлөгөөнөөс 5%-иар давсан үзүүлэлт аж.

Харин үйл ажиллагааны зардлыг харвал тайлант хугацаанд 695.5 сая төгрөгийн зардал гарган ажилласан байна. Үүнийг оны эхэнд баталсан зардлын төлөвлөгөө 838.9 сая төгрөгтэй харьцуулбал 143.5 сая төгрөг буюу 17%-иар бага гүйцэтгэлтэй ажиллав.

Ашигт ажиллагааны тухайд 715.4 сая төгрөгт хүрч, мөн л компанийн төлөвлөгөөг давуулан биелүүлсэн ба Төлөөлөн Удирдах Зөвлөлөөс тайлант оны үйл ажиллагаанд “Сайн” гэсэн үнэлгээ өгчээ.

Компани 2016 оноос эхлэн “Ногдол ашгийн бодлого”-доо өөрчлөлт оруулж, жил 2 удаа олгодог болсоныг бид өмнө мэдээлж байсан билээ.

Үүнтэй холбоотойгоор 2017 оны эхний хагас жилийн үр дүнг үндэслэн нэгж хувьцаандаа 3.81 төгрөгийн ногдол ашиг олгож байсан. Харин жилийн эцсийн санхүүгийн үр дүнг үндэслэн нэгж хувьцаандаа 5 төгрөгийн ногдол ашиг олгохоор болсноо танилцууллаа.

Ингэснээр компани 2017 оны ашгаас нийтдээ 8.81 төгрөг буюу 691.96 сая төгрөгийг олгож байна. 

Хурлын үеэр хувьцаа эзэмшигчид компанийн үйл ажиллагаа, цаашдын төлөвлөгөөний талаар сонирхож байв. 

ТУЗ-ийн дарга Д.Оюунсүрэн “Гермес центр компани ирэх 3 жилдээ бизнесээ тогтвортой байлгах, орлогоо бууруулахгүй байлгах бодлого баримтлана” гэж мэдэгдэв.

Ийнхүү хурлын дэгийн дагуу санал хураалт явуулахад хувьцаа эзэмшигчдын олонхийн саналаар хэлэлцсэн асуудлуудыг баталлаа.

Ээлжит хурлаас сонгогдсон ТУЗ-ийн гишүүд:
1. Д.Оюунсүрэн
2. Б.Оюунцэцэг
3. Н.Мөнхзул
4. Д.Алтанчимэг
5. Н.Батсайхан
6. Д.Туяа
7. Б.Алтангэрэл

Тус компанийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэх болно.