Хурлын тэмдэглэл

МОНГОЛ ШЕВРО КОМПАНИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛ

МХБ-ийн III ангилалд бүртгэлтэй Монгол шевро /MSE:MVO/ компани хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа 2018.09.29-ний өдөр хуралдууллаа.

Хуралд компанийн нийт гаргасан саналын эрхтэй хувьцааны 78.02% нь хүрэлцэн ирж, хуулийн хүчин төгөлдөр ирцтэйгээр эхэлсэн юм.

Энэ удаагийн хурлаар 2017 оны үйл ажиллагааны тайлан, компанийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах болон их хэмжээний хэлцэл хийх, ТУЗ-ийн гишүүдийг сонгох гэсэн асуудлуудыг хэлэлцэн, хувьцаа эзэмшигчдийн олонхийн саналаар батлав.

Компанийн үйл ажиллагааны тухайд өнгөрөгч 2017 онд 400 мянган ямааны арьс, 30 мянган үхрийн арьс боловсруулсан бөгөөд Итали, Түрк, Испани зэрэг улсуудад хагас боловсруулсан хэлбэрээр экспортлосон байна.

Үүний 20%-ийг эцсийн бүтээгдэхүүн хийхэд бэлэн хэлбэрээр боловсруулжээ.  

Харин Монгол шевро /MSE:MVO/ компани 20 тэрбум төгрөгийн зээл авсан талаар бид өмнө мэдээлж байсан. Энэхүү хөрөнгөөр хувьчлагдснаас хойш хуучирсан тоног төхөөрөмжүүдийг бүрэн шинэчилж, хүчин чадлаа нэмэгдүүлсэн байна. Тухайлбал, жилийн 150 мянган үхрийн арьс боловсруулах боломжтой болсон талаар Компанийн удирдлагуудын зүгээс мэдэгдэв.

Үүнтэй холбоотойгоор эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, нэмүү өртөг шингээх замаар орлогоо нэмэгдүүлэх зорилгоор арьсан цүнхний “MARIS” брэндийг бий болгож, дотоодын зах зээлд борлуулж эхэлсэн байна. Энэ хүрээнд 50 гаруй загварын 4,000 гаруй арьсан цүнх, жижиг эдлэлийг үйлдвэрлэжээ.

Компани цаашид бүтээгдэхүүнээ гадаад зах зээлд экспортод гаргахаар төлөвлөж байна.

Гэвч 2017 онд олон улсын түүхий эдийн зах зээлийн ханш уналттай байгаа нь компанийн үйл ажиллагаанд нөлөөлжээ. Тухайлбал, түүхий эд худалдан авдаг Италийн 2, Түркийн 4 компани нь гэрээгээ цуцалснаас 200 гаруй мянган ширхэг хагас боловсруулсан арьс хуримтлагдсан байна.

Санхүүгийн үзүүлэлтийн тухайд 2017 онд 2.54 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олж, 21.4 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласан бол энэ оны эхний хагас жилийн байдлаар 2.1 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, -74.2 сая төгрөгийн алдагдал хүлээгээд байгаа.

Харин дүрмийн өөрчлөлтөөр Хувьцаа эзэмшигчдийн хурлаас ТУЗ-ийн гишүүдийг 1 жил хугацаатай сонгож байсан бол 3 жил болгон өөрчлөлт орууллаа.