Хурлын тэмдэглэл

МОНИНЖБАР КОМПАНИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛ
Монинжбар /MSE:MIB/ хувьцаат компанийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал 2018.10.05-ны өдөр компанийн байранд хуралдлаа.

Энэ удаагийн хурлаар 2018 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан, компанийн хэтийн зорилт, 2019 оны төлөвлөгөө, ТУЗ-ийн ердийн болон хараат бус гишүүнд түр томилогдсон гишүүдийг баталгаажуулах, компанийн оноосон нэрийг өөрчлөх асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргав. 

Үйл ажиллагааны тухайд:
Компанийн үйл ажиллагаа сүүлийн 2 жилд 95%-ийн зогсонги байдалтай байсан бөгөөд үүнд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлсөн талаар Гүйцэтгэх удирдлагын зүгээс мэдэгдэв. 

Тухайлбал, Монинжбар /MSE:MIB/ компани өнгөрсөн хугацаанд зөвхөн төрийн байгууллагуудаас зарласан тендерт ордог бизнесийн үйл ажиллагаатай явж ирсэн. Гэтэл 2016 оноос хойш эдийн засгийн хямрал, төсвийн таналтаас шалтгаалаад төрийн хөрөнгө оруулалтаар хийгддэг дэд бүтцийн ажлууд эрс багассан, мөн ижил төрлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хавтгайруулан олгосноос болж өрсөлдөөн нэмэгдэж ажил үйлчилгээ авахад хүндрэлтэй болсон зэрэг асуудлууд үйл ажиллагаанд нөлөөлсөн аж. 

Иймд компанийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс үйл ажиллагааг идэвхижүүлэх, санхүүгийн нөхцөл байдлаа сайжруулах зорилгоор Ажлын хэсэг гарган ажиллаж байгаа юм байна.

Тус ажлын хэсэг нь одоогийн нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгч, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны зорилго, төлөвлөгөө гарган ажилласны дүнд эхний ээлжинд Монинжбар /MSE:MIB/ компанийн Гүйцэтгэх удирдлагыг өөрчлөх шийдвэрийг ТУЗ-өөс гарган хэрэгжүүлжээ.

2018 оны 8 сард Гүйцэтгэх захиралаар Б.Нарантуяа-г томилсон байна.

Компани улирлын чанартай үйл ажиллагаа явуулдаг байсан бол цаашид өвөлдөө дотор шугам сүлжээ, зураг төслийн ажлуудыг хийж улирал харгалзахгүй орлого олох төлөвлөгөөтэй байгаа бөгөөд үүнд шаардлагатай ажиллах хүчнийг бүрдүүлэхээр ажиллаж байна.
Мөн хуванцар хоолой үйлдвэр байгуулах төслийг хэрэгжүүлэх, үүнд шаардагдах хөрөнгө оруулалтыг шийдвэрлэхээр ажиллаж байгаа аж.
Компанид үйл ажиллагаагаа сайжруулах, дэд бүтцийн ажлын боломж бүрэн байгаа тул томоохон бүтээн байгуулалтын ажлуудад ирэх онд оролцохоор төлөвлөжээ. 

Санхүүгийн үйл ажиллагааны тухайд:
2017 онд компани ердөө 55.97 сая төгрөгийн борлуулалтын орлого олж, 390.8 сая төгрөгийн алдагдалтай ажиллажээ. 2018 оны эхний хагас жилд 23.5 сая төгрөгийн орлого олж, 245.11 сая төгрөгийн алдагдал хүлээсэн байна. 

Харин 2016 онд 2.6 тэрбум төгрөгийн орлоготой ажиллаж, 7 сая төгрөгийн ашигтай ажиллаж байсан юм.

Дээр дурьдсан үйл ажиллагааны төлөвлөгөөний дүнд ирэх 2019 онд 10 тэрбум төгрөгийн үйл ажиллагааны орлого олж, 1 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллах зорилт тавьсан талаар компаниас мэдэгдэв.

ТУЗ-ийн бүрэлдэхүүний тухайд:
2018 оны 7 сард Монголын хөрөнгийн бирж дээр компанийн 32.5%-тай тэнцэх 5.15 сая ширхэг хувьцаа арилжигдаж, хөрөнгө оруулагчдын бүтцэд томоохон өөрчлөлт гарсан билээ. Хувьцааг Бидисек /MSE:BDS/ компани худалдан авсан тул компанийн төлөөлөл ТУЗ-д оруулах асуудлыг энэ удаагийн ээлжит бус хурлаар хэлэлцэн шийдвэрлэлээ. Ингэснээр ердийн гишүүнд 2 гишүүн, хараат бус гишүүнд 1 хүн сонгогдов. 

Харин энэ удаагийн хурлаар хэлэлцэх товтой байсан Монинжбар /MSE:MIB/-ийн оноосон нэрийг өөрчлөх асуудлыг хурлын үеэр хувьцаа эзэмшигчид хэвээр үлдээх санал гаргасан тул хурлаас шийдвэр гаргаагүй байна.