Хурлын тэмдэглэл

ГОВЬ ХУВЬЦААТ КОМПАНИЙН ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛ

МХБ-ийн үнэт цаасны I ангилалд бүртгэлтэй Говь /MSE:GOV/ компани 2018.10.03-нд хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа хийлээ.

Хурлаар хөрөнгө оруулагчид, зах зээлд оролцогчдын дунд ихээхэн хүлээлттэй байсан хувьцаа хуваах тухай асуудлыг хэлэлцэв. Энэ удаагийн хуралд 45 хувьцаа эзэмшигч хүрэлцэн ирж, 88.72%-ийн ирцтэй хуралдсан юм.

Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс “Нэгж хувьцааны үнийн өндөр байдал нь зах зээл дээр хувьцааны чөлөөтэй эргэлтийг бууруулж байна” гэж үзсэн учраас нэгж хувьцааг 100 дахин хувааж, хувьцааныхаа эргэлтийг нэмэгдүүлэх замаар олон хувьцаа эзэмшигчтэй болох, зах зээлийн үнэлгээгээ өсөх, цаашлаад төвлөрлийг бууруулах зорилгоор энэхүү арга хэмжээг авч байгаа гэж мэдэгдэв.

Хувьцаагаа хуваахын өмнөх болон дараах байдал:


Ингээд хувьцаа эзэмшигчдийн энэ удаагийн ээлжит бус хурлаар хувьцаа хуваах, үүнтэй холбоотой дүрмийн өөрчлөлтийг хувьцаа эзэмшигчид дэмжин батлав.

Үйл ажиллагааны тухайд:
Говь /MSE:GOV/ компанийн үйлдвэрлэлийг энэ оны эхний 8 сарын байдлаар харвал Нэхмэл бүтээгдэхүүний үйлдвэрлэл 374 мянга болж 18%-иар, Сүлжмэл бүтээгдэхүүний үйлдвэрлэл 428 мянга болж 22%-иар, Оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэл 52,500 болж 47%-иар тус тус өссөн байна. 

Компани 2016 оноос ноолууран пальто үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэх зорилт тавин ажилласан байсан бол энэ зорилтдоо хүрсэн тул одоо ноолууран пиджак үйлдвэрлэлээр тэргүүлэх зорилт тавин ажиллаж байгаа талаар удирдлагын зүгээс хурлын үеэр мэдэгдэв. Үүнд шаардагдах тоног төхөөрмжийн өргөтгөлийг хийж байгаа юм байна.

Тухайлбал, он гарснаас хойш 17.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн ба үүний 10.2 тэрбум төгрөгийг тоног төхөөрөмж худалдан авахад, 7.6 тэрбум төгрөгийг үйлдвэрийн өргөтгөл, барилгын засвар шинэчлэлд зарцуулжээ.

Санхүүгийн үр дүнгийн талаар:
Эхний 8 сард 93.6 тэрбум төгрөгийн боруулалтын орлоготой ажиллаж, оны төлөвлөгөө 95%-ийн гүйцэтгэлтэй байгаа бол ашигт ажиллагаа 10.8 тэрбум төгрөгт хүрчээ. 

Орлогын 60.1 тэрбум төгрөг буюу 64.2%-ийг дотоодын борлуулалтаас олсон бол 33.5 тэрбум төгрөг буюу 35.8%-ийг гадаад зах зээлийн борлуулалтаас олсон байна.  

Компани гадаад, дотоодод салбар дэлгүүрээ нэмэгдүүлэх чиглэлээр үргэлжлүүлэн ажиллаж байгаа ба энэ хүрээнд үйлдвэрлэлийн өргөтгөлийг 11 сард ашиглалтанд оруулах бол УБ галерэй дэлгүүр энэ сарын 15-нд нээлтээ хийхээр төлөвлөсөн байна. Мөн онлайн худалдаанд анхаарал хандуулан ажиллаж байгаа бөгөөд amazon.com сайтаас борлуулалт хийж эхэлжээ.