Хурлын тэмдэглэл

ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛ

Гермес центр /MSE:HRM/ хувьцаат компани хувьцаа эзэмшигчдийн 2017 оны ээлжит хурлаа 2017.03.15-ны өдөр хуралдууллаа.
Хурал компанийн саналын эрхтэй хувьцааны 85.9%-ийг эзэмшигч Хувьцаа эзэмшигчид хүрэлцэн ирж хуулийн хүчин төгөлдөр ирцтэй эхэлж байгааг Тооллогын комиссын мэдэгдлээр эхлэв.

Хувьцаа эзэмшигчдийн хурлыг Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Оюунсүрэн даргалан явуулсан бөгөөд ТУЗ-аас оруулж ирсэн дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Үүнд:

- Компанийн 2016 оны бизнесийн үйл ажиллагаа болон санхүүгийн тайланд өгсөн ТУЗ-ийн дүгнэлт
- Компанийн 2016 оны аудитаар баталгаажсан санхүүгийн тайланд хийсэн ТУЗ-ийн дэргэдэх аудитын хорооны дүгнэлт
- Компанийн 2015, 2016 болон 2017 оны ногдол ашгийн талаарх мэдээлэл
- ТУЗ болон Гүйцэтгэх захиралын цалин урамшуулал, зардлын төсөв
- Компанийн нэгдмэл сонирхолтой этгээд болон тэдгээрийн эзэмшилд байгаа хувьцааны тухай
- Компанийн 2017 оны үйл ажиллагааны зорилтын тухай
- Компанийн дүрэмд өөрчлөлт оруулах тухай

Үйл ажиллагааны талаар:
Гермес центр /MSE:HRM/ компани Улаанбаатар хотод барилгын худалдаа үйлчилгээний төв ажлуулж, бизнес эрхлэгчдэд лангуу, павилон түрээслүүлэх үйл ажиллагаа явуулж байна.

Компани тайлант онд үйл ажиллагаанаасаа 1.37 тэрбум төгрөгийн орлого олж, 706.9 сая төгрөгийн зардал гарган ажилласан байна. Зардлын хувьд 823.7 сая төгрөгийн зардал гаргахаар төлөвлөж байсан боловч гүйцэтгэлээр 116.7 сая төгрөг буюу 14%-иар бууруулж чаджээ.

Орлогын хэмжээг өмнөх 2015 онтой харьцуулбал 144 сая төгрөг буюу 10 орчим хувиар буурсан байна. 
Энэ талаар: Манай улсын эдийн засаг, барилгын салбарын хүндрэл нь компанийн гол орлогыг бүрдүүлэгч түрээслэгчдэд нөлөөлж байгаа тул компанийн удирдлагыг зүгээс нэн тэргүүнд тэдэнд чиглсэн бодлого, арга хэмжээг авч байна.
Энэ хүрээнд түрээслэгчдээ хадгалах, тогтвортой байлгахын тулд үнийн хөнгөлөлт үзүүлж байгаа нь орлогын бууралтад нөлөөлсөн гэж ТУЗ-ийн дарга Д.Оюунсүрэн хурлын үеэр онцлон тэмдэглэлээ.

Харин ашигт ажиллагаа нь татварын дараах байдлаар 706.9 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласан нь оны төлөвлөгөөг 147.0 сая төгрөгөөр давуулан биелүүлсэн талаар компанийн Гүйцэтгэх захирал Б.Оюунцэцэг танилцуулав. Иймд ТУЗ-ийн зүгээс гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагааг сайшаан дүгнэсэн байна. Нэмж хэлэхэд одоогийн гүйцэтгэх захирал нь үүрэг ажилд томилогдоод 1 жил болж байгаа ажээ.

Тайлант хугацаанд нийт 367.3 сая төгрөгийг татварт төвлөрүүлсэн байна. 

Ногдол ашгийн тухайд:
Компани 2016 онд нэгж хувьцаанд 6.69 төгрөгийн ногдол ашиг олохоор төлөвлөж байсан бол гүйцэтгэлээр 8.51 төгрөг болсон байна.

Иймд тайлант хугацаанд хувьцаа эзэмшигчиддээ 2 удаа ногдол ашиг олгосон бөгөөд 2016 оны 8 сард ТУЗ-өөс эхний хагас жилийн ашгаас хувьцаа эзэмшигчиддээ 348.73 сая төгрөгийн, сүүлийн хагас жилийн ашгаас 323.61 сая төгрөгийн, нийт 581.3 сая төгрөгийн ногдол ашгийг олгоод байна. 

Нэмж хэлэхэд тус компани 2008 онд хувьцаат компани болсноос хойш 8 удаагийн тараалтаар нийт 2.58 тэрбум төгрөгийг ногдол ашиг хэлбэрээр хувьцаа эзэмшигчиддээ олгожээ.

Хурлаар Гермес центр /MSE:HRM/ компанийн 2017 оны ТУЗ болон Гүйцэтгэх захиралын цалин урамшуулал, зардлын төсөвийг дараах байдлаар баталлаа. Үүнд:
- ТУЗ-ийн зардал: 12.84 сая төгрөгөөр
- Гүйцэтгэх захиралын цалингийн зардалд 36.0 сая төгрөг, үйл ажиллагааны үр дүнгээс хамаарч урамшуулал нь 10.0 сая төгрөг

2017 оны зорилтын талаар:
Тус компани энэ онд дараах үйл ажиллагааны үр дүнд хүрэх зорилт тавиад байна. 
- Борлуулалтын орлого: 1.27 тэрбум төгрөг
- Зардал: 838.98 сая төгрөг
- Цэвэр ашиг: 522.57 сая төгрөг

Дүрмийн өөрчлөлтийн талаар:
Компани хувьцаа эзэмшигчиддээ 2 удаа буюу эхний хагас жил болон сүүлийн хагас жилд ногдол ашиг тарааж байгаа нь дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай болсон байна.

Тухайлбал, дүрэмд “Ногдол ашиг хуваарилах шийдвэрийг санхүүгийн бүтэн жил дууссанаас хойш 50 хоногийн дотор ТУЗ гаргана” гэснийг Ногдол ашиг хуваарилах шийдвэрийг санхүүгийн хагас болон бүтэн жил дууссанаас хойш 50 хоногийн дотор ТУЗ гаргана” гэж өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.

Ингээд хувьцаа эзэмшигчид хэлэлцсэн дээр асуудлуудаар санал бодлоо хэлсний дараа олонхийн саналаар баталлаа.