Дэлгэрэнгүй

2016-03-29 09:30
0 сэтгэгдэл

Санхүүгийн Зохицуулах Хорооны Үнэт цаасны зохицуулалтын газрын дарга Т.Гандуламын Mongolian Economy сэтгүүлд өгсөн ярилцлагыг та бүхэнд хүргэж байна.

Монголд  Хөрөнгийн Бирж байгуулагдаад 25 жил болж байна. Энэ хугацаанд санхүүгийн зах зээлийн хууль эрх зүйн зохицуулалт хэр боловсронгуй болсон бэ? 

Монголын Хөрөнгийн Бирж 1991 онд үүсгэн байгуулагдсан. Энэ үеэс хөрөнгийн зах зээлийг зохицуулахтай холбоотой төр засгийн бодлого, шийдвэрүүд гарч холбогдох эрх зүйн зохицуулалт хийгдэж ирсэн. 25 жилийн хугацаанд “Үнэт цаасны зах зээлийн тухай” хууль хоёр удаа шинэчлэгдэн батлагдсан. Хамгийн сүүлд 2013.05.24-ний өдөр УИХ-аар батлагдсан бөгөөд 2014.01.01-нээс эхлэн хууль хүчин төгөлдөр үйлчилж байна.

Анх хөрөнгийн биржийг байгуулж байх үед мөрдөгдөж байсан хууль эрх зүйн зохицуулалтыг өнгөрсөн 25 жилийн хугацаанд дэлхий нийтийн глобалчлал, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн дэд бүтцийг олон улсын жишигт нийцүүлэх зэрэг цаг үеийн шаардлагын дагуу нийцүүлэн шинэчлэх зайлшгүй шаардлагатай болсон. Тиймээс, олон улсын жишигт  нийцсэн, гадаад болон дотоод хөрөнгө оруулалтыг татах боломж бүхий хууль эрх зүйн таатай орчинг бүрдүүлэх үүднээс хөгжиж буй болон хөгжсөн орнуудын үнэт цаасны зах зээлийг зохицуулж буй эрх зүйн орчныг судалж, улмаар Монголын хөрсөнд буусан хуулийн төслийг боловсруулах ажлыг үнэт цаасны зэх зээлд оролцогч мэргэжлийн бүх байгууллагатай хамтран боловсруулж, батлуулж байсан түүхтэй.

Хоёр жилийн өмнөөс хэрэгжиж байгаа Үнэт цаасны зах зээлийн тухай шинэчлэн батлагдсан хуулийн онцлогийн талаар танаас сонирхоё.

Хөрөнгийн зах зээлд тулгамдсан асуудал дэд бүтэц байсан. Тус хуулиар  хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийн байгууллагын зохицуулалтыг илүү тодорхой болгосон. Хоёрдугаарт, олон шинэ харилцааг бий болгосон. Тухайлбал, бүтээгдэхүүн талаасаа Монголын  Хөрөнгийн Бирж болон гадаадын хөрөнгийн бирж дээр үнэт цаасыг давхар бүртгүүлэх, хадгаламжийн бичиг гаргах, мөн өөрийгөө зохицуулах байгууллага болон кастодиан  банкны үйлчилгээ, түүний зохицуулалт зэргийг нарийвчлан тусгаснаараа онцлогтой. Хууль хэрэгжиж эхэлснээс хойших хугацаанд Санхүүгийн зохицуулах хорооноос өөрийгөө зохицуулах байгууллагаар хоёр байгууллагыг бүртгэлээ. Энэ бол Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо,  Монголын Хөрөнгийн Бирж хоёр юм.

Өөрийгөө зохицуулах байгууллага болсноор ямар өөрчлөлт шинэчлэлт бий болох вэ?

Өөрийгөө зохицуулах байгууллага ямар ач холбогдолтой вэ гэхээр олон улсын жишгийн дагуу гишүүнчлэлтэй байгууллага бөгөөд гишүүдийнхээ ёс зүйн хэм хэмжээ, үүрэг хариуцлагыг өөрөө тогтооно. Үнэт цаасны зах зээл дээр аливаа хууль бус үйлдэл болох үнэ ханшийг зохиомлоор өсгөх эсвэл бууруулах, зах зээлийг урвуулан ашиглах гэх мэт үйлдлийг гишүүдээсээ гаргуулахгүй байх, ёс зүйтэй, шудрага өрсөлдөөнт орчныг бүрдүүлэхэд анхаарч, шаардлагатай тохиолдолд зохицуулагч байгууллагатай хамтран хяналт шалгалт хийх, аливаа хууль бус үйлдлийг таслан зогсоох чиглэлээр төрийн байгууллагатай хамтран ажиллах, гишүүдээ мэргэшүүлэх сургалтад хамруулах, давтан сургах зэрэг өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулах мэргэжлийн байгууллага болох юм.

Ингэснээрээ үнэт цаасны зах зээлийг шудрага, нээлттэй, ил тод болгоход чухал үүрэг гүйцэтгэх ба гишүүд нь ёс зүйтэй, мэргэшсэн болж төлөвшинө. Мөн зарим төрийн чиг үүргийг  хэрэгжүүлэх юм. Үүнд, өмнө нь хороо зуучлагч байгууллагад тусгай зөвшөөрөл олгосноор холбооны гишүүнээр элсдэг байсан бол өнөөдөр эсрэгээрээ өөрийгөө зохицуулах байгууллагын шаард¬лагыг хангаагүй тохиолдолд тухайн байгууллагын хүсэлтээр тусгай зөвшөөрлийг нь хороо цуцлах юм.

Мөн Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс  өөрийгөө зохицуулах байгууллагыг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх, гишүүдийг нь сургах чиглэлээр Монголын арилжаа эрхлэгчдийн холбоотой хамтран ажиллах санамж бичгийг өнгөрсөн оны аравдугаар сард байгуулсан. Санамж бичгийн хүрээнд гурван жилийн хамтран ажиллах төлөвлөгөөгөө хамтран баталсан. Жил бүр төлөвлөгөөгөө тодотгон баталж, улмаар гүйцэтгэлийг жилд хоёр удаа дүгнэн тайлагнаж ажиллана. Нэгдсэн нэг санаа бодолтой, хийх ажлаа төлөвлөж, нэг зорилго дор хамтран ажиллах юм бол зах зээлд оролцогчдод хүндрэлгүй байх болно.

Мэргэжлийн хөрөнгө оруулагчид буюу институциональ хөрөнгө оруулагчдыг бий болгох шаардлага байгаа. Энэ чиглэлээр хууль эрх зүйн хүрээнд ямар шинэлэг зохицуулалтууд байгаа вэ?

Тиймээ, эрх зүйн зохицуулалтын шинэчлэлийн бас нэг асуудал нь институциональ буюу мэргэжлийн хөрөнгө оруулагчтай холбоотой юм. Тухайлбал, хөрөнгө оруулалтын сан, хөрөнгө оруулалтын менежментийн компани, эдгээрт үйлчилгээ үзүүлэх кастодиан банк гэсэн цоо шинэ харилцааг шинэчилэн баталсан хуулиар зохицуулсан. Ямар этгээд ямар шаардлага хангаснаар эдгээр үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрөл авахыг нарийвчлан тусгасан.

Хөрөнгийн биржид худалдах чанартай бүтээгдэхүүн чухал боловч нөгөө талдаа тэрхүү бүтээгдэхүүнийг худалдан авах худалдан авагчийг бий болгох шаардлагатай. Худалдагч, худалдан авагч хоёулаа байж гэмээнэ үнэт цаасны зах хөгжинө. Бид баахан бүтээгдэхүүн гаргаад байдаг худалдан авагч байхгүй цагт энэ зах хөгжих боломжгүй. Бүтээгдэхүүний хөрвөх чадварыг нэмэгдүүлэхэд анхаарах шаардлагатай. Худалдан авагчийн хувьд хөрөнгийн зах зээл дээр нэг онцлог байдаг. Ихэнх хөгжсөн орны хувьд үнэт цаасны зах зээлийн гол тоглогч нь мэргэжлийн буюу институциональ хөрөнгө оруулагч нар байдаг. Эдгээр хөрөнгө оруулагчид зах зээл дээр маш том худалдан авагч болдог. Тиймээс бидний хувьд анхаарал хандуулж буй өөр нэг зүйл нь мэргэжлийн хөрөнгө оруулагчдыг бий болгох, өсгөн бойжуулах асуудал юм.

Өнгөрсөн онд Санхүүгийн  зохицуу¬лах хорооны зүгээс “Хөрөнгө оруулалтын сангийн болон Кастодианы санхүүгийн тайлан бэлтгэх, нягтлан бодох бүртгэл хөтлөх, цэвэр хөрөнгийг үнэлэх”зааврыг шинээр боловсруулж, Монголбанк болон Сангийн яамтай хамтран баталж, энэ оны нэгдүгээр сарын нэгнээс мөрдөж байна. Ингэснээр тухайн байгууллагын үйл ажиллагааны эрсдлийг бууруулах, хөрөнгө оруулагчдын зүгээс тэдэнд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, нягтлан бодох бүртгэл нь олон улсын стандартад нийцэх зэрэг ач холбогдолтой.

Өнөөдрийн байдлаар хорооноос Хөрөнгө оруулалтын сан болон Кастодианы үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл авсан хэчнээн байгууллага байна вэ? 

Өнөөдрийн байдлаар долоон хөрөнгө оруулалтын менежментийн компани, хувийн хөрөнгө оруулалтын сан хоёр, кастодиан гурван банк Хорооноос тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.  Мөн хамтын хөрөнгө оруулалтын сан байгуулах тухай нэг хүсэл тирсэн.

Зах зээлд оролцогчид хохирдоггүй байх, чанартай бараа бүтээгдэхүүнтэй байх, эрсдэлгүй байх боломж хэрхэн хангагдаж байгаа вэ?

Энэ бол маш чухал асуудал. Манай хорооны зүгээс  авч хэрэгжүүлж байгаа бодлогын арга хэмжээний нэг хэсэг нь арилжаалагдаж буй бараа бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, чанаргүй бараа бүтээгдэхүүн гаргахаас сэргийлэхэд оршино. Үүний хүрээнд хорооны “Үнэт цаасны бүртгэлийн журам”-ыг шинэчлэн баталлаа. Мөн Монголын Хөрөнгийн Биржийн бүртгэлийн журам шинэчлэгдсэн. Эдгээр журмуудыг олон улсын түвшинд нийцүүлэх ажлууд хийгдлээ.

Шинэчлэгдсэн журмын өмнөхөөс ялгарах гол онцлог юу байгаа вэ та цухас дурдахгүй юу?

Бүртгэлийн журмын гол ач холбогдол нь юу вэ гэхээр арилжаалж байгаа бараа бүтээгдэхүүнийхээ чанарыг сайжруулах үүднээс үнэт цаасны ангилал тус бүрийн шаардлагыг шинэчлэн, шалгуур үзүүлэлтийг ангилал тус бүрээр тогтоосон. Биржийн зүгээс лангуунд байгаа барааныхаа чанарт нь хяналт тавьдаг байх зохицуулалтыг тусгасан. Мөн хороо болон биржийн хяналтын давхардлыг арилгаж өгсөн. Нөгөөтэйгээр өмнөх журмаас ялгарах өөр нэг зүйл нь цаг хугацааны хувьд маш богиноссон.

Тухайн үнэт цаас гаргаж байгаа компанийг хороо болон биржид бүртгэх үйл явц өмнө нь 40 хоногоос 3 сарын хугацаатай үргэлжилдэг байсан бол одоогийн шинэ журмаар Хөрөнгийн бирж болон хороонд IPO гаргах хүсэлтээ хамт ирүүлнэ. Хөрөнгийн Бирж шалгаад бүртгэх эсэх дүгнэлтээ хороонд ирүүлнэ. Хороо хөрөнгийн биржийн бүртгэх зөвшөөрөл олгоё гэсэн дүгнэлтийг үндэс¬лэж, шийдвэрээ гаргадаг болсон. Цаг хугацааны хувьд ажлын 15 хоногт бүртгэх зөвшөөрөл олгох асуудал шийдвэрлэгдэнэ. Энэ бол хөрөнгө оруулалт татах сонирхолтой компаниудын хувьд олон талын ач холбогдолтой.

Хөрөнгийн Бирж өөрийгөө зохицуулах байгууллага болсноор өөрсдийн дүрэм, журам болон гишүүнчлэлдээ тавих шаардлага, шалгуураа тогтоох, тэдгээрт тавих хяналтын механизмаа сайжруулах зэрэг эрх, үүрэг, хариуцлага нь нэмэгдсэн. Нөгөө талаас энэ нь төр, хувийн хэвшлийн зохистой түншлэлийн харилцааг бүрдүүлж өгнө.

2016 онд хорооны зүгээс салбартаа ямар ажлууд хийхээр  байгаа  вэ?

Манайх зохицуулагч байгууллагын хувьд 2016 оны үйл ажиллагаа гэхээсээ илүү ойрын 10 жилийн хугацааны сал¬барын хөгжлийн хөтөлбөрийг Монголбанк, Сангийн яамтай хамтран боловсруулсан. Монгол Улсын санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн стратеги гэсэн хөтөлбөрийг гаргасан. Энэ маань нэг нэг жилийг харсан биш, арван жилийн хугацаанд тогтвортой санхүүгийн зах зээлийг хөгжүүлэхтэй холбоотой макро түвшинд хийгдэх ажлуудыг санхүүгийн зохицуулалтын байгууллагууд болон холбогдох төрийн байгууллага ийм ийм хугацаанд хийж, хэрэгжүүлнэ гэж тусгасан.

Тухайлбал, зах зээл рүү чиглэсэн бодлого нь бид бүтээгдэхүүн гаргаад, хөрөнгө оруулагч бэлдэхээсээ илүүтэй тэднийг хөрөнгийн зах зээлд татан оролцуулах эдийн засгийн таатай орчныг бүрдүүлэхэд анхаарах ёстой. Хөгжсөн оронд хаалттай компани болон хувьцаат компанийн хооронд асар их ялгаа байдаг. Хувьцаат компаниудыг төрийн зүгээс бодлогоор дэмжиж, давуу эрх олгодог. Тэгэхээр нээлттэй компани болохыг дэмжих төрийн бодлого, зохицуулалт зайлшгүй шаардлагатай байна. Ялангуяа эдийн засгийн таатай орчин бүрдүүлэх үүднээс хувьцаа борлуулсаны орлогыг татвараас чөлөөлөх, хувь хүний болон аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх саналууд энэ хөтөлбөрт  тусгагдсан. Энэ хөтөлбөр батлагдсан тохиолдолд зах зээл дээр нэлээд томоохон эерэг өөрчлөлтийг авчирна гэж үзэж байна.

2016 оны хувьд бүтээгдэхүүн талаас зөвхөн бонд болон хувьцааны зах зээл гэхээс гадна үүсмэл үнэт цаасны зах зээлийг бий болгох ажлыг энэ онд хийхээр төлөвлөсөн. Үүсмэл санхүүгийн хэрэгслийг бүртгэх эрх зүйн орчныг бүрдүүлэх тал дээр холбогдох судалгааны ажлыг эхлүүлсэн.

Хувьцаа болон бондын зах зээлд ямар шинэ хандлага байна вэ?

Өнгөрсөн онд хөрөнгийн зах зээл үүсч хөгжсөнөөс хойших 25 жилийн түүхэнд хийгдээгүй үнийн дүн бүхий арилжаа явагдсан. Нийт 546,4 тэрбум төгрөгийн арилжаа. Хамгийн гол нь Монгол Улсын Засгийн газрын 510 тэрбум төгрөгийн бонд арилжигдлаа. 2011 онд 241 тэрбум төгрөгийн бонд арилжиж, нийт 350,2 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хамгийн их арилжаа хийгдсэн жил байсан юм. Засгийн газрын бондыг Хөрөнгийн биржээр дамжуулан арилжаалж болдог юм байна, олон нийт энэ бондыг сонирхож худалдан авах боломж байгаа юм байна гэдгийг харууллаа. Статистикаас харахад эдийн засгийн байдал таагүй байна гэж байгаа боловч манай зах зээл дээр харин ч эсрэгээрээ их гүйлгээ хийгдсэн байна. Жишээ нь, 2015 онд 6,3 их наяд төгрөгийн үнэт цаасны төлбөр тооцооны гүйлгээ хийгдсэн. Тэгэхээр бид боломж байна, иргэд зөвхөн банк дээр хадгаламж эзэмшигч байхаасаа илүүтэй бонд авч, хувьцаанд хөрөнгө оруулалт хийж үр өгөөжийг өөр хэлбэрээр олж болдог юм байна гэдгийн тод жишээ. 2016 онд илүү олон чанартай бүтээгдэхүүн гараасай гэж хүсч байгаа.

Хорооны зүгээс бодлогын хувьд энэ зах зээлийн эрсдэлийг багасгаж, хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэх хүрээнд даатгалд хамруулах, нөгөө талаар даатгалын салбарыг хөрөнгийн зах зээл рүү оруулах боломжийг судалсан. Сүүлийн 7-8 жилд компанийн бондын арилжаа зогссон байсан бол 2015 онд “Эрчим  бонд” гээд анх удаа зах зээлд дээр даатгагдсан бондыг арилжаалсан. Ингэснээрээ хөрөнгө оруулагчдыг эрсдэлээс хамгаалах том хөшүүрэг болсон.

Кастодиан банкны үйл ажиллагаа энэ онд хэр жигдрэх бол.

Мэргэшсэн  хөрөнгө оруулагчдад зориулсан үйлчилгээ үзүүлдэг кастодианы тусгай зөвшөөрлийг ХААН, ХХБ, Голомт гурав авсан. Энэ үйлчилгээ 2016 онд нэлээд жигдрэнэ гэж бодож байгаа. Ингэснээр гадны мэргэжлийн хөрөнгө оруулагчид орж ирэх боломж бололцоо нээгдэх юм. Мөн зөвхөн Монголд арилжаанд оролцохоос гадна Монголд байгаа үнэт цаасыг гадаадын хөрөнгийн бирж дээр хадгаламжийн бичиг болгон гаргах боломжтой болно.

Эх сурвалж: Mongolian Economy

Арилжааны тойм: 2017-07-20

Cимбол Хаалт Өөрчлөлт %
GOV 14920 930 6,65%
BAN 1914 116 6,45%
SHG 2125 100 4,94%
ADL 2165 67 3,19%
MRX 54,37 0,37 0,69%
SUU 138,06 0,789996 0,58%
SUL 45600 200 0,44%
TCK 22000 60 0,27%
MNP 385,88 0,88 0,23%
HSX 1400 1 0,07%
TAH 19000 10 0,05%
Cимбол Хаалт Өөрчлөлт %
HGN 99,5 -12,55 -11,20%
JTB 63,7 -4,26 -6,27%
SHV 2096 -110 -4,99%
UID 470,92 -24,08 -4,86%
MMX 2400 -93 -3,73%
TTL 5265 -200 -3,66%
MCH 550 -8 -1,43%
APU 428,36 -3,11 -0,72%
BNG 37000 -20 -0,05%
Cимбол Ширхэг
APU 126 174
JTB 118 978
SUU 39 813
MRX 11 751
MCH 2 770
Cимбол Мөнгөн дүн
MRX 638 939
ADL 259 750
APU 54 047 368
BAN 746 484
BNG 2 072 020