Дэлгэрэнгүй

2016-09-15 09:50
0 сэтгэгдэл

Mongolian economy" сэтгүүлээс Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэнтэй хийсэн ярилцлагыг хүргэж байна.

- Эдийн засгийн хүндрэлтэй холбоотойгоор санхүүгийн болон хөрөнгийн зах зээл ч сайнгүй байна. Банкуудын чанаргүй зээл ихэсч эргэн төлөлтийн байдал улам муудаж байгааг эдийн засагчид хэлж байна. Зохицуулах байгууллагын зүгээс энэ талаар ямар байр суурьтай байгаа вэ?

Бусад улсад санхүүгийн секторт банк давамгайлдаг ч гэлээ манайх шиг хэт өндөр хувь эзэлдэггүй. Банкнаас бусад зах зээл буюу манайхаар бол үнэт цаас, даатгал, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршоо (ХЗХ)-дын үйл ажиллагаа нийт санхүүгийн салбартаа 30-50 хувийн оролцоотой байдаг. Гэтэл манайд энэ бүтэц арай өөр байна. Хэрэв уг бүтэц харьцангуй эрүүл байсан бол банкны салбарын хүндрэл, иргэдэд учирч байгаа санхүү, эдийн засгийн дарамт өнөөдрийнхөөс хавьгүй зөөлөн тусах байсан нь гарцаагүй юм.

-Төвбанкны бодлогын хүүгийн өсөлттэй холбоотойгоор бизнесийн зээл хумигдаж болзошгүй байна. Энэ байдал нь дотоодын том компаниудад хөрөнгийн зах зээлийг сонирхож ажиллах боломж олгож байж болох юм. Ер нь хямралын үед хөрөнгийн зах зээлийг унагахгүй байх, улмаар ганц тулгуурт өнөөгийн санхүүгийн системийн бүтцийг өөрчлөх замаар хямралыг даван туулах ямар стратеги хэрэгжүүлэх боломжтой вэ?

Хүндрэлийг даван туулах, санхүүгийн зах зээлийг урт хугацаанд тогтвортой хөгжүүлж, эдийн засагт гүйцэтгэх үүргийг нь нэмэгдүүлэхийн тулд тодорхой бодлого, хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх шаардлагатай байгаа. Та хөрөнгийн зах зээлийг тухайлан асуусан болохоор би энэ талаар тодруулж ярья. Энэ зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх дотоодын эх үүсвэр, боломж бололцоо бий гэж бид үзэж байгаа. Тухайлбал, Засгийн газрын бонд, төрийн өмчийн болон стратегийн орд газар эзэмшигч компаниудын хувьцааны тодорхой хувийг биржээр арилжаалах, бенчмарк хүү гэх мэт нийлүүлэлтийн арга хэрэгслүүдийг ашиглах боломжтой.

Үнэт цаасны зах зээлийг иргэдэд ээлтэй, нээлттэй, амьд болгох, хөрөнгө оруулагчдад таатай татварын орчин бүрдүүлж, мэргэжлийн хөрөнгө оруулагчдыг олноор нь бий болгох, дэмжих шаардлага байна. Улмаар өмчлөх эрхийг баталгаажуулж, төлбөр тооцооны горимыг олон улсын жишигт нийцүүлэн, кастодиан банк, мэргэжлийн зуучлал, итгэмжлэгдсэн дилерийн үйлчилгээг хөгжүүлж, нэгдсэн дэд бүтэц бий болгосноор гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэж, зах зээл тэлэх боломж бүрдэнэ. Хамгийн гол нь хөрөнгө оруулагчдын эрх ашиг хамгаалагдсан байх ёстой. Үүний тулд компанийн засаглалыг сайжруулах, мэдээллийн ил тод, нээлттэй орчинг бий болгох, ханшийн хэлбэлзлээс хүлээх алдагдлыг бууруулах тогтолцоо бүрдүүлэх ажлыг юуны өмнө эхлүүлнэ. Мөн эрсдэлд суурилсан, зах зээлийн гарцыг дэмжихэд чиглэсэн хяналт, шалгалтын тогтолцоонд шилжинэ. Энэ бүхнийг хэрэгжүүлэхийн тулд Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль болон холбогдох бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай. Бид энэ тал дээр ажиллаж байна.

-Хөрөнгө оруулалтын тухай хууль болон эрх зүйн бусад зохицуулалтын хүрээнд Монголын хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт татах боломжууд нээгдсэн гэж ярьдаг. Үүнтэй холбоотой Хөрөнгө оруулалтын 2-3 сан байгуулах зөвшөөрөл ч олгогдсон байдаг. Тэд үйл ажиллагаагаа эхлэх боломжтой байна уу. Ер нь хөрөнгө оруулалт татах боломж хэр байна вэ?

Хөрөнгө оруулалтын сан бол санхүүгийн зах зээлийн шинэ салбар. Олон нийтэд төдийгүй мэргэжлийн байгууллагуудад ч энэ талаарх ойлголт харьцангуй шинэлэг байгаа. Санхүүгийн зохицуулах хорооноос Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн хүрээнд дагаж мөрдөх журам, заавруудыг баталж, эрх зүйн орчинг бүрдүүлэхийн зэрэгцээ зах зээлийн оролцогчид болон олон нийтэд зориулсан сургалт, сурталчилгааг хийж байна. Өнөөдрийн байдлаар 10 гаруй компани хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл аваад ажиллаж байна. Гэхдээ эдгээрээс ердөө дөрөв нь л сангаа байгуулаад байгаа нь чамлалттай үзүүлэлт юм. Цаашид хууль болон зохицуулалтуудаа сурталчлан таниулах, энэ талаарх олон нийтийн мэдлэгийг нэмэгдүүлэх ажлыг бид холбогдох талуудтайгаа хамтраад дэс дараатай хийхээр төлөвлөж байна.

-Иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх чиглэлд юу хийх вэ? Иргэдийн эдийн засаг, санхүүгийн боловсрол муу байгаагаас эдийн засаг доошлох үед хямрал руу уруудах нь амархан байна. Та мэргэжлийн эдийн засагч, багш хүний хувьд энэ талаар ямар бодитой зүйл хийж чадах вэ?

Мэдээж манай хорооны зохицуулалттай санхүүгийн байгууллага болоод тэдний харилцагчид бүгдээрээ л манай үйлчлүүлэгчид. Бидний гол зорилго бол банкнаас бусад санхүүгийн салбарт оролцогчдынхоо одоогийн болон цаашдын үйл ажиллагаа, тэдгээрийн харилцааг онолын түвшинд хоёр талд хоёуланд нь зохистой байдлаар зохицуулалт бий болгох явдал юм. Манай хорооны зохицуулалттай байгууллагуудад ихэвчлэн эдийн засаг, санхүүгийн боловсролтой мэргэжлийн тоглогчид байдаг. Тэдэнд манай зүгээс харилцагчиддаа найрсаг үйлчилгээг үзүүлж, сэтгэл харамгүй зааж зөвлөж ажиллаарай гэж хүснэ. Учир нь, ХЗХ-дын гишүүдийн тоо 41000, даатгалын компаниудын даатгуулагчид 598116, ББСБ-уудын харилцагчдын тоо 650000, үнэт цаасны компаниудаар үйлчлүүлдэг хувьцаа эзэмшигчид, харилцагчид 863376 байна. Маш олон хүн санхүүгийн зах зээлд оролцож байгаа биз? Тэд бүгдээрээ л оролцож байгаа салбарынхаа талаар тодорхой хэмжээний мэдлэг эзэмшицгээсэн байгаа шүү дээ.Тийм ч учраас иргэдийн эдийн засаг, санхүүгийн боловсрол тааруу гэдэг нь харьцангуй ойлголт юм. Харин илүү сайхан боломжит нөхцөлөөсөө эдийн засгийн хүнд нөхцөлтэй нүүр тулж байгаа учраас одоо яах ёстой вэ, юу хийх ёстой вэ гэсэн асуултууд хүмүүст тулгарч байна.

-2016-2020 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт өмнөх засгуудын үед тусгагдаж байсан “Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлнэ” гэсэн уламжлалт ганцхан өгүүлбэр орсон байна гэж мэргэжлийн хүмүүс шүүмжлэлтэй харж байна. Шинэ Засгийн газар хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх төлөвлөгөө гаргаж, хэрэг- жүүлээсэй гэсэн хүлээлт байна. Энэ талаар дээр юу хийх вэ?

Хөрөнгийн зах зээлийн өнөөгийн бүтэц, хөгжлийн үзүүлэлтүүдийн чиг хандлагаас харахад эдийн засгийн өсөлтөөс шууд хамааралтай, мөчлөг дагасан шинж агуулж байгаа юм. 2011 онд төрөөс “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн арилжаа, хадгаламж, хяналтын программ хангамжийг олон улсын жишигт нийцүүлэн шинэчилсэн, “Эрдэнэс Тавантолгой” ХК- ийн 1072 ширхэг хувьцааг иргэдэд үнэ төлбөргүйгээр өгсөнтэй холбоотойгоор манай улсын хөрөнгийн зах зээлд оролцогчдын идэвх сэргэсэн. Тэр үед дэлхийн зах зээл дээр эрдэс, түүхий эдийн үнэ өндөр байсантай холбоотойгоор уул уурхайн томоохон хувьцаат компаниудын үнэ ханш огцом өсөж, гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхлыг нэмэгдүүлсэн. Харин 2012 оноос үнэ ханш унаж, эдийн засгийн өсөлт удааширсантай шууд уялдаатайгаар хөрөнгийн зах зээлийн үнэлгээ, индекс, арилжааны хэмжээ буурсан.

Хорооноос цаашид хөрөнгийн зах зээлийн хөгжлийн бодлогыг мөчлөг дагасан бус мөчлөг сөрсөн хэлбэрээр боловсруулах, сангийн болон мөнгөний бодлоготой харилцан уялдуулах чиглэлээр түлхүү анхаарна. Санхүүгийн зохицуулах хороо үнэт цаасны зах зээлийн зохицуулалтынхаа тогтолцоог олон улсын жишигт нийцүүлж, үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэх бодлогын зорилтоо санхүүгийн үйлчилгээний үүргийг идэвхжүүлэх, санхүүгийн салбарт итгэх итгэлийг сэргээх, шударга, тогтвортой зах зээл бий болгох гэсэн зорилтуудад бүлэглэн авч үзэж, тус бүрт нь төлөвлөгөө гарган ажиллаж байна.

- Эцэст нь асуухад, Монголын хөрөнгийн биржийн хувьчлалын асуудал тодорхойгүй байгаа учраас саяхан мэргэжлийн хүмүүс нэгдээд хувийн хөрөнгийн бирж байгуулах зорилгоор Хөрөнгийн зах зээлийн нээлттэй холбоо байгуулж буйгаа зарласан. Үүнийг хэрхэн харж байна вэ?

Үнэт цаасны зах зээл дээр шинээр мэргэжлийн, нээлттэй холбоо байгуулагдаж байгаа нь сайн зүйл. Энэ салбарын хууль 2013 онд шинэчлэгдсэнээр өөрийгөө зохицуулах байгууллагыг мэргэжлийн хүмүүс, зохицуулалттай этгээдүүд сайн дурын үндсэн дээр байгуулах боломжтой болсон. Манай Хороо хөрөнгийн төдийгүй санхүүгийн бүхий л зах зээлийн мэргэжлийн холбоодтойгоо нягт хамтран ажилладаг, цаашид ч улам бүтээлчээр хамтран ажиллана

Эх сурвалж: "Mongolian economy" сэтгүүл

Арилжааны тойм: 2017-07-20

Cимбол Хаалт Өөрчлөлт %
GOV 14920 930 6,65%
BAN 1914 116 6,45%
SHG 2125 100 4,94%
ADL 2165 67 3,19%
MRX 54,37 0,37 0,69%
SUU 138,06 0,789996 0,58%
SUL 45600 200 0,44%
TCK 22000 60 0,27%
MNP 385,88 0,88 0,23%
HSX 1400 1 0,07%
TAH 19000 10 0,05%
Cимбол Хаалт Өөрчлөлт %
HGN 99,5 -12,55 -11,20%
JTB 63,7 -4,26 -6,27%
SHV 2096 -110 -4,99%
UID 470,92 -24,08 -4,86%
MMX 2400 -93 -3,73%
TTL 5265 -200 -3,66%
MCH 550 -8 -1,43%
APU 428,36 -3,11 -0,72%
BNG 37000 -20 -0,05%
Cимбол Ширхэг
APU 126 174
JTB 118 978
SUU 39 813
MRX 11 751
MCH 2 770
Cимбол Мөнгөн дүн
MRX 638 939
ADL 259 750
APU 54 047 368
BAN 746 484
BNG 2 072 020