Дэлгэрэнгүй

2016-10-11 09:00
0 сэтгэгдэл

Монос групп нь нээлттэй хувьцаат компани болохоор ажиллаж байгаатай холбоотойгоор тус группын Ерөнхийлөгч, Эмзүйн ухааны доктор, профессор Л.Хүрэлбаатартай хийсэн ярилцлагыг та бүхэнд хүргэж байна. 

Юуны өмнө Монос групп МХБ дээр хувьцаагаа арилжиж нээлттэй хувьцаат компани болно гэсэн. IPO гаргах ажил ямар шатанд явж байгаа вэ? Энэ 2016 онд багтаж гарах уу.

Одоогоор бид андеррайтерын компаниа сонгож, олон улсад нэр хүндтэй Эрнест Янг аудитын компаниар аудитаа хийлгэсэн, мөн BDO Монголиа компаниар биет болон биет бус хөрөнгийн үнэлгээгээ хийлгээд байгаа. Өөрөөр хэлбэл IPO гаргах ажил дуусах шатандаа явж байна. 

Гэхдээ энэ ондоо багтах уу, үгүй юу гэдэг асуудал биднээс шалтгаалах бус, манай улсын эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалах болоод байна. Өөрөөр хэлбэл энэ хямралтай нөхцөл байдалд хувьцаагаа гаргахад бодох асуудлууд байгаа юм. Тэгэхээр яг энэ онд багтааж гаргана гэж амалж чадахгүй байна. Гэхдээ сая хэлсэнчлэн IPO хийх бэлтгэл ажлууд бол дуусч байгаа.

Нээлттэй хувьцаат компани болно гэдэг нь компанийн хувьд ч, Монголын ХЗЗ-ийн хувьд ч чухал алхам гэж харж байна. Тэгэхээр энэ шийдвэрийг гаргахад юу нөлөөлөв?

Ер нь бидний нээлттэй хувьцаат компани болох асуудал ойрын хугацаанд гарч ирсэн асуудал биш юм. Бүр 2008 онд Японы үнэт цаасны компанитай хамтран Хонгконгийн хөрөнгийн биржид бүртгүүлэхээр бэлтгэл ажлаа эхлүүлээд дуусах шатандаа явж байсан. Гэтэл 2008-2009 онд дэлхийн санхүүгийн хямрал болсон учраас хувьцаа гаргах тохиромжтой үе биш гэж үзээд энэ асуудлыг хойшлуулсан. 

Тэр үед манай компани олон улсын стандартын шаардлага хангасан, экспортын чиглэлийн 5 үйлдвэр барих томоохон амбицтай төслүүд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байсан учраас компанийнхаа 20%-ийг Европын сэргээн босголт, хөгжлийн банкинд /EBRD/ худалдаж, мөн зээл авсан юм. Саяхан 4-р сард эхний олон улсын GMP стандартад нийцсэн шахмал, капсултай эмийн үйлдвэрийг ашиглалтанд орууллаа.

Одоо бид антибиотик, тосон эм, шингэн эм болон эмийн ургамал боловсруулах гээд 4 үйлдвэрийг байгуулах төлөвлөгөөтэй байна. Харин эдгээр үйлдвэрийн төслүүдийг 1-рт банкны зээлээр хэрэгжүүлэх үү, 2-рт иргэд, хөрөнгө оруулалтын компаниудын хөрөнгөөр хийж, тэд нар нь компанид хэрэгтэй юм болов уу гэсэн санаа явж байгаа. 

Харин надад нэг хувийн бодол байдаг юм. Ер нь хүн болгон бизнес хийх сонирхолтой байдаг боловч тийм боломж байдаггүй. Заримд нь мэдлэг байдаггүй, зарим хэсэгт нь туршлага байдаггүй гэх мэтчлэн. Бизнес хийнэ гэдэг нь хүнээс олон шинж чанарыг шаарддаг. Жишээ нь эрсдэл хүлээх чадвар, зоригтой байх, бусдаас өөрөөр сэтгэх, шинэлэг санал санаачлага гаргах. Аль нэг нь дутагдах юм бол бизнес нь амжилтгүй болж, бидний хэлдэгээр шатдаг. Энэ нь дан ганц манай улсад бус дэлхий даяар болж байгаа зүйл юм. Тэгэхээр хүн бүр бизнес хийх шаардлага байхгүй. Харин АНУ болон өрнөдийн орнуудад иргэд нь бизнесийг хувьцаа худалдан авах замаар хийдэг.Өөрөөр хэлбэл, иргэд нь хувьцаа аваад, харин компаниуд нь тэр хөрөнгөөр шинэ үйлдвэр, эсвэл үйлдвэрээ өргөтгөх юм уу шинэ бизнесээ эрхэлдэг. Иргэд нь хувьцааны үнийн өсөлтөөс ашиг олох, ногдол ашиг хүртэх замаар банкинд хадгалуулснаас илүү орлого олж байдаг. Гэхдээ ямар компанийн хувьцаа авах вэ? гэдэг нь чухал.

Тийм учраас бид энэ нээлттэй хувьцаат компани болох ажлаа үргэлжлүүлэхээр EBRD-аас буцаагаад хувьцаагаа худалдаж авсан.

Нээлттэй хувьцаат компани болсон нь Монос групп-т одоо байхгүй юуг авчрах бол? Энэ талаар та бодож байв уу?

Нээлттэй хувьцаат компани гэдэг бол олон улсын зарчмаар, сайн засаглалыг хэрэгжүүлэх явдал юм. Өнөөдөр Монголын компаниудад менежментийн нэг гол асуудал байгаа. Тэр нь хувьцаа эзэмшигч, Төлөөлөн удирдах зөвлөл, Гүйцэтгэх удирдлагууд нь 1 хүн дээр төвлөрч байна. Манай компани дээр ч нэг үе ийм асуудал байсан. Харин одоо бол манайд хувьцаа эзэмшигчид нь удирдлагаа, ТУЗ болон гүйцэтгэх удирдлагын үүрэг функц нь тусдаа болсон. Мөн Төлөөлөн удирдах зөвлөлд маань Их Британийн мэргэжилтэн ажиллаж байгаа.

Тэгэхээр хувьцаат компани болсноор 1-рт одоо байгаагаас илүү сайн засаглалыг авчирна. Яагаад гэвэл хаалттай компанийн хувьд 2,3 хувьцаа эзэмшигч байдаг, тэд өөрсдөө удирдлагадаа оролцдог бол  нээлттэй хувьцаат компани болсноор олон мянган хувьцаа эзэмшигчдийн өмнө хариуцлага хүлээх болно. Тийм учраас компанийн сайн засаглал жинхэнэ утгаараа хэрэгжинэ. 2-рт хаалттай компанийн мэдээлэл нь хаалттай байдаг бол хувьцаат компанийнх нь мэдээлэл нь нээлттэй, манай улсын Ерөнхийлөгчийн яриад байгаа шилэн данс гэдэг шиг бүхий үйл ажиллагаа, санхүүгийн тайлан мэдээ нь ил тод, улирал, жил тутам санхүүгийхаа тайлан мэдээг хэвлээд хувьцаа эзэмшигчиддээ мэдээлдэг шилэн болно гэсэн үг. 

Та түрүүнд нэмж 4 үйлдвэр барина гэж хэллээ. IPO хийж татсан хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төслийн талаар дэлгэрэнгүй ярихгүй юу.

Бид 5 том үйлдвэр байгуулахаар төсөл боловсруулснаас 1 үйлдвэр маань ашиглалтанд орж, одоо 4 үйлдвэр үлдсэн. Гэхдээ энэ үйлдвэрүүд нь эхний үйлдвэр байгуулсан шиг удаан хугацаа шаардахгүй. Юу гэхээр шинэ 4 үйлдвэрийн цахилгаан, дулаан гээд дэд бүтцийн бүх асуудал нь шийдэгдсэн, мөн үйлдвэрийн барилга нь баригдаж улсын комисс хүлээж авчихсан, бэлэн байгаа.

Антибиотикийн үйлдвэр нь ашиглалтанд орлоо гэхэд стандартууд нь бэлэн болсон. Бид хуучин үйлдвэртээ бага хэмжээгээр макролидийн бүлэг гэж ярьдаг, хамгийн сүүлийн үеийн кларитромицин, азитромицин 2 бүлгийн антибиотикийг бага хэмжээгээр үйлдвэрлэдэг байсан бол их хэмжээгээр үйлдвэрлэх боломжтой болно. Тодруулбал, хуучин ампициллин, пенициллин зэрэг антибиотикууд эмчилгээнд үр дүн муутай болж байгаа нь эдгээрт тэсвэртэй нянгууд бий болсонтой холбоотой тул хамгийн сүүлийн үеийн эмчилгээний өндөр идэвхитэй антибиотекуудыг үйлдвэрлэх юм. Нөгөөтэйгүүр хүүхдэд зориулсан антибиотикийн үйлдвэр байна. Хүүхдэд гашуун эвгүй амттай антибиотик эм өгөхөд маш хэцүү байдаг. Тийм учраас хүүхдэд зориулсан хэлбэрийн эмийг үйлдвэрлэнэ.
Тосон эмийн хувьд харшлын гэдэг ч юмуу, өвчин намдаах, үе мөчний зориулалтын тосны дийлэнхийг гаднаас импортоор авч байна. Үүнийг дотооддоо үйлдвэрлэх боломжтой болно. Иймд Монголчууд богино хугацаанд GMP олон улсын стандартад нийцсэн ахиад 4 үйлдвэртэй болно. 

Ер нь яагаад энэ 5 үйлдвэрийг байгуулахад итгэлтэй байна уу гэхээр эдгээр үйлдвэрүүдийн технологийг боловсруулах, стандартыг нэвтрүүлэх, туршилт судалгаа хийх Эм судлалын хүрээлэн гэж манайд байдаг. Манай компани Монголдоо цөөхөн хувийн хүрээлэнтэй байгууллагын нэг юм. Хүрээлэнд маань Австри, Чех, ОХУ, Япон, БНСУ, Австрали зэрэг олон улсуудад эрдмийн зэрэг цол хамгаалсан 30 шахам эрдэм шинжилгээний ажилтан ажиллаж байна. 

Мөн үүний зэрэгцээ Монос эмийн сан нь Монголдоо хамгийн шинэлэг бүхнийг нэвтрүүлдэг. Тухайлбал, өөрөө өөртөө үйлчлэх үйлчилгээ, жортой эмийг лангууны цаанаас жорын дагуу авдаг, жоргүй эмийг өөрөө барьж үзэж, манай ажилчдаас зөвлөгөө авдаг, эмч, гоо сайхны үйлчилгээтэй энэ хэлбэр нь иргэдэд нилээн танигдсан учраас ийм хэд хэдэн эмийн сан шинээр байгуулна. Мөн Монголчуудын хэрэглэж буй эмийн 40 орчим хувийг манай компани дангаар үйлдвэрлэж, нийлүүлж байгаа. Тэгэхээр бид логистикийн асуудлаа сайжруулах, мэдээллийн технологи нэвтрүүлсэн, автомажуулсан агуулах байгуулах юм. 

Нээлттэй компани болох нь нэг талаар том хариуцлага байдаг. Эцэст нь асуухад хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчдийн хувьд ногдол ашиг их чухал. Одоогоор ногдол ашгийн бодлогоо тодорхойлсон байгаа юу. Энэ тал дээр ямар байр суурьтай байгаа вэ?

Түрүүнд хэлсэнчлэн EBRD компанид манайх хувьцааны 20%-ийг хаалттай хүрээнд худалдсан. Тухайн үед бид том хэмжээний үйлдвэр ашиглалтанд оруулахаар ажиллаж байсан учраас хувьцаа эзэмшигчидтэйгээ тохирч жил бүр компанийн цэвэр ашгийн 15-20%-ийг ногдол ашиг хэлбэрээр хуваарилж ирсэн. Харин одоо бол бид эхний 2 жилдээ 20%-ийн ногдол ашиг олгох, цаашдаа 30-35%-ийг ногдол ашиг болгон хуваарилах бодлого явж байгаа. Гэхдээ эцсийн байдлаар гараагүй байна. 

Ер нь манайд сонгодог утгаараа гарсан хувьцаат компани цөөхөн байгаа, дандаа өмч хувьчлалын үеэр бий болж, үйл ажиллагаа нь доголдсон, жижиг хувьцаа эзэмшигчдээ гомдоосон, үйл ажиллагаа, тайлан тооцоо нь нээлттэй биш байсан. 

Харин бид энэ бүхний туршлагыг аваад иргэдийг хувьцаанд итгэлтэй болгох юмсан, хувьцаат компани гэдэг чинь өндөр ашигтай, хувьцаанаас нь ашиг хүртэж болдог юм байна гэдгийг ойлгуулахад ард түмэнд танигдсан компанийн хувьд, тэр дундаа нээлттэй хувьцаат компани болсноор том хариуцлага ирж байгаа учраас аль болох өндөр ногдол ашиг олгохыг зорьж ажиллана. Энэ нь ч дараа дараачийн компаниудад хэрэг болох байх гэж бодож байна. 

Бидний урилгыг хүлээн авч, дэлгэрэнгүй ярилцага өгсөнд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье!

Арилжааны тойм: 2017-07-20

Cимбол Хаалт Өөрчлөлт %
GOV 14920 930 6,65%
BAN 1914 116 6,45%
SHG 2125 100 4,94%
ADL 2165 67 3,19%
MRX 54,37 0,37 0,69%
SUU 138,06 0,789996 0,58%
SUL 45600 200 0,44%
TCK 22000 60 0,27%
MNP 385,88 0,88 0,23%
HSX 1400 1 0,07%
TAH 19000 10 0,05%
Cимбол Хаалт Өөрчлөлт %
HGN 99,5 -12,55 -11,20%
JTB 63,7 -4,26 -6,27%
SHV 2096 -110 -4,99%
UID 470,92 -24,08 -4,86%
MMX 2400 -93 -3,73%
TTL 5265 -200 -3,66%
MCH 550 -8 -1,43%
APU 428,36 -3,11 -0,72%
BNG 37000 -20 -0,05%
Cимбол Ширхэг
APU 126 174
JTB 118 978
SUU 39 813
MRX 11 751
MCH 2 770
Cимбол Мөнгөн дүн
MRX 638 939
ADL 259 750
APU 54 047 368
BAN 746 484
BNG 2 072 020