Дэлгэрэнгүй

2017-11-13 09:00
0 сэтгэгдэл

Барилгын салбарт 47 жил ажилласан хөрөнгийн зах зээлийн шинэхэн тоглогч Б.ЖАЛБИЙ-ЮМЧИН гуайтай хийсэн ярилцлагыг та бүхэнд хүргэж байна.

Мэргэжил: Цахилгааны инженер
ХЗЗ-д орж эхэлсэн огноо: 2016 он
Анхны хөрөнгө оруулалтын хэмжээ: 100,000 төгрөг
Харилцагч брокерийн компани: Бумбат-Алтай ҮЦК

Та яагаад ХЗЗ-д орох болсон бэ?
2016 оны 10 сард билүү дээ манай найз бирж дээр хувьцааны өдөрлөг явагдаж байна тэнд очье гэж хэлсэн юм. Тэгээд л найзтайгаа хамт очоод тэнд байсан хүмүүсээс анх хувьцааны талаар мэдээлэл авч, мөнгөө өсгөж болдог юм байна гэдгийг ойлгосон доо.

Эхлээд ах нь 100,000 төгрөгөөр хувьцаа худалдаж авахаар шийдэж, брокерийн компани дээр очиж байлаа. Ахынх нь мөрөөдөл бол ердөө байртай болох юм шүү дээ. 

Таны олж байсан том ашиг, эсвэл алдагдал юу вэ?
Ах нь анхны хөрөнгө оруулалтаараа нүүрс олборлодог Тавантолгой ХК-ийн хувьцаа авсан. Тэр үед нэг ширхэг хувьцаа нь 1,800 төгрөг байсан юм. Гэтэл 2 сарын дараа үнэ нь 3,000 төгрөг болж, ахын нь нөгөө 100,000 төгрөг чинь 200 мянга болоод өссөн. Үүнд их урамшсан шүү. /инээв/ 

Миний ойлголтоор хаана ямар компанийн хувьцаа өсч байна гэдгийг сайн судлаад үзэх юм бол тоглолт хийж, мөнгөө өсгөх боломжтой байдаг юм байна.

Та хөрөнгө оруулалтын хэмжээгээ нэмэгдүүлсэн үү?
Өнгөрсөн 4 сард боломжоороо арилжаанд ордог мөнгөө 1,500,000 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Ах нь ахиад нөгөө Тавантолгой ХК-ийн хувьцааг 5,000 төгрөг байхад нь авсан. Гэтэл хувьцааны маань ханш өсөөд 9,000 төгрөгт хүрчлээ. Одоо ахынх нь оруулсан мөнгө 2 дахин өсчихлөө. Энэ агуу өндөр үзүүлэлт шүү дээ. Би банкинд мөнгөө хийсэн бол жилийн хугацаанд 10 гаруй хувиар л өсөх байлаа.

Гэхдээ хувьцааны ханш бас үе үе буурч байгаа ч тэр бол чухал биш шүү дээ. Энэ чинь хөрөнгийн биржийн хууль юм чинь. Гол нь тогтвортой өсөх хувьцаагаа олоод авбал зүгээр юм уу гэж бодож байна. Бас жилийн дараа ногдол ашиг өгдөг хувьцаанууд байна. 

Иргэд маань брокерийн компаниудад хандаж, хувьцааны талаар ойлголт аваад багаар ч хамаагүй ороод үзвэл зүгээр юм уу да.  

Танд тохиолдсон сургамжтай явдал?
Ах нь ер нь энэ хувьцааны талаар ерөөсөө ойлгодоггүй, мэддэггүй байлаа шдээ. Нэг өдөр аз таарч өдөрлөгт оролцсноор тодорхой хэмжээний мэдээлэл авсан юм. Тэгээд хувьцаа аваад үр ашгийг нь үзэж байгаадаа баяртай байна. Цаашид ах нь байртай болохын тулд мөнгөө тав, арав гэхгүй хийсээр байгаад байранд орно доо. Ахынх нь бодлоор болчих л юм шиг байна. 

Таны хувьцаа авахдаа анхаардаг зүйлс юу вэ?
Энэ компани ирээдүйтэй, хурдан хөгжинө гэсэн хувьцааг л авдаг. Сайн нарийн зүйлийг нь мэдэхгүй, цаашид суралцах байх. Харин азтай байж Тавантолгойн хувьцааг авсан нь боллоо.

Таны бусад хүмүүст ямар зөвлөгөө өгөх вэ?
Хувьцаа эзэмшинэ гэдэг чинь их, бага гэж голохгүйгээр боломжийнхоо хэрээр худалдан аваад байхад хүний амьдрал ингэж дээшилдэг юм байна. Ах нь мөрөөдөлдөө хүрэхийн тулд авч байна. Та бүхэн чинь гэсэн сонирхож үзэхийг уриалах байна да.

За бидэнтэй ярилцсанд баярлалаа. Мөрөөдлөө хурдан биелүүлээрэй.

Баярлалаа, Ерөөл бат оршиг ээ.

Арилжааны тойм: 2018-02-23

Cимбол Хаалт Өөрчлөлт %
MVO 2443 316 14,86%
TTL 10990 940 9,35%
MMX 2800 169 6,42%
RMC 39,1 2,08 5,62%
ITL 134,09 5,75 4,48%
TCK 26500 1000 3,92%
BEU 860 30 3,61%
OLL 80 2 2,56%
SUU 204,06 2,18 1,08%
JTB 67,1 0,1 0,15%
Cимбол Хаалт Өөрчлөлт %
GTJ 1500 -150 -9,09%
HGN 78 -6,91 -8,14%
MNP 550 -48 -8,03%
SHV 2125 -154 -6,76%
HHN 1700 -100 -5,56%
BDS 1190 -29 -2,38%
MCH 510,06 -9,94 -1,91%
GTL 19340 -170 -0,87%
GOV 22840 -180 -0,78%
EER 3652 -21 -0,57%
APU 673,38 -0,409978 -0,06%
Cимбол Ширхэг
APU 15 074
HRM 10 326
SUU 4 308
MNP 4 120
ITL 2 400
Cимбол Мөнгөн дүн
ADL 29 000
APU 10 103 682
BDS 4 760
BEU 50 670
CHR 231 600