Дэлгэрэнгүй

0 сэтгэгдэл

Ярилцлагын эхэнд компанийнхаа талаар товч мэдээлэл өгөхгүй юу

“Бумбат Алтай”ҮЦК нь 1991 онд Монголын хөрөнгийн зах зээлийн тулгын чулууг тавилцаж байсан ууган брокерын компанийн нэг. 
Анх Ховд аймагт Жаргалант брокер дилерийн компани нэртэйгээр байгуулагдаж, аймгийнхаа иргэдэд цэнхэр, ягаан тасалбараар дамжуулан өмч хувьчлалыг амжилттай хийсэн. 

Одоо манай компани 80 гаруй мянган харилцагчтай, үнэт цаасны арилжааны хэмжээгээрээ Монголын Хөрөнгийн биржийн гишүүн компаниудаас эхний 5-д орохоор үзүүлэлттэй явж байна

Мөн бид хөрөнгийн зах зээл дээр 10-аас дээш жил ажилласан туршлагатай мэргэжилтнүүдээр багаа бүрдүүлж чадсаныг онцолж хэлмээр байна. 

Одоо танай компани ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна вэ?

Одоогоор манайх Санхүүгийн зохицуулах хорооноос үнэт цаасны зах зээл дээр Брокер, дилер, андеррайтерын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл аваад байгаа.  

Үүнээс Андеррайтерын тусгай зөвшөөрлийн хүрээнд хөрөнгийн бирж дээр дотоодын компаниудаа IPO гаргахад нь зуучлах, зөвлөгөө өгөх зэрэг мэргэжлийн үйлчилгээ үзүүлж байна. Мөн шинээр хувьцаа гаргахаас гадна одоо хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй байгаа компаниудад хөрөнгө оруулалт татахад нь тусладаг. 

Бид харилцагчид, хөрөнгө оруулагч нартаа хариуцлагатай, үр өгөөжтэй бүтээгдэхүүнийг Андеррайтерынхаа үйлчилгээгээр дамжуулж санал болгохыг зорьж байгаа. Цаашдаа ч энэ бодлогодоо тууштай ажиллах болно.

Танайх сүүлийн үед андеррайтерын үйлчилгээгээр хэд хэдэн компанид хөрөнгө оруулалт татаж өгсөн байх тийм үү

Тиймээ. Манай компанийн хувьд 2017, 2018 он ихээхэн онцлог жил болж байгааг хэлэх хэрэгтэй. Монгол шуудан компаниас хойш олон нийтээс санхүүжилт татах ажил зогсоод байсан. 

Харин өнгөрөгч онд “Анд энерги”ХК-ийн IPO-ны үндсэн андеррайтераар ажиллан 1.6 тэрбум төгрөгийг амжилттай татаж чадлаа. Энэ компани маань Монголын анхны хувийн бирж болох Монголын үнэт цаасны биржийн хамгийн эхний IPO гэдгээрээ мөн онцлог байсан.

Гэхдээ үүнийг бид дангаараа хийгээгүй, бусад 4 мэргэжлийн компанитай хамтран хийсэн гэдгийг хэлэх хэрэгтэй болов уу. Үүнд Булган брокер, Дэлгэрхангай, Монсек, Дархан брокер компаниуд байсан.

Үүний дараа сая 5 сард Монгол базальт компанийн хувьцааг олон нийтэд санал болгох ажлын андеррайтераар амжилттай ажиллаж, 6.4 тэрбум төгрөгийн хөрөнгө босгосон. Үүн дээр ч гэсэн Гаули, Стандарт инвестмент компаниудтай хамтран ажиллаа. 
Харин одоо бид “Хөвсгөл алтан дуулга”ХК-ийн нэмэлт хувьцаа гаргах ажлыг хийж байна. 

Хөдөө аж ахуйн чиглэлийн компани байхаа. Яагаад энэ компанийн үнэт цаас гаргах төсөлд ажиллах болсон вэ?

Эхлээд нэг зүйлийг хэлэе. Монгол Улсын хөгжил дэвшил, иргэдийн орлоготой байхын үндэс нь үйлдвэрлэл. Гэтэл манай улс чинь 1991 онд олон үйлдвэрүүдээ хаалгасан.

Гэтэл одоо үйлдвэрлэл чухал гээд төрөөс үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх гээд олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна. Тухайлбал, 21 аймагт 100 үйлдвэр байгуулах хөтөлбөр гэх мэт.

Бид дотооддоо үйлдвэрлэх боломжтой, бараа бүтээгдэхүүнээ өөрсдөө үйлдвэрлэдэг байх нь чухал. Харин үүнд шаардлагатай хөрөнгийг хугацаагүй, хүүгүйгээр олж өгөх нь бидний зорилго. 

Үүнийг хөрөнгийн зах зээл дээрээс босгох боломжтой. Тэр утгаараа манай компани үйлдвэрлэлийн салбарын компанийн хувьцаа гаргах төсөл дээр түлхүү ажиллах бодлого барьж байгаа.

Харин “Хөвсгөл алтан дуулга”ХК-ийг манайх яагаад сонирхож, сонгох болсон гэхээр нэг талаар тус компани 7,000 га газартай, хоногт 100 тн үйлдвэрлэх хүчин чадалтай гурлын үйлдвэртэй, тогтмол орлого олдог, үйл ажиллагаа нь тогтворжсон, өсөлтийнхөө гараан дээр байгаа компани байсан. 

Нөгөө талаар энэ нь манай хөрөнгө оруулагчдад богино хугацаанд үр өгөөжөө өгөх боломжтой, үйл ажиллагааныхаа хувьд ч, засаглалийн хувьд ч сайн компанийн нэг байх боломжтой гэж харсны үндсэн дээр хамтран ажиллах саналыг компанид тавьсан юм.

Харин компанийн удирдлагууд маань бидний саналыг эерэгээр хүлээн авч, хамтран ажиллах боломжийг олгосон доо. Одоо ингээд бид 4 сая ширхэг хувьцаагаа олон нийтэд санал болгоод үнэт цаасны захиалгаа авч эхлээд явж байна.

Компанийн талаарх таны бодол, дүгнэлтийг сонирхмоор байна

“Хөвсгөл алтан дуулга”ХК маань 1990-ээд онд Хөвсгөл аймагт 113 сая төгрөгийн хөрөнгөтэй эхэлж байсан. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд хувьцаа эзэмшигчдийнхээ итгэлийг алдахгүйгээр ажиллаж, тухайн үед 7,000 төгрөгөөр авч байсан хувьцааг нь өнөөдөр 7 орчим сая төгрөг болгож чадсан. 
Компани газар тариалан гурилын зах зээл дээр ажилладаг. Гурил чинь өргөн хэрэглээний бүтээгдэхүүн. Энэ зах зээл 240 гаруй тэрбум төгрөгийнх шүү дээ.  

Өнгөрөн жил үнэт цаас гаргагч маань 2.2 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн бол энэ жилдээ 8 тэрбум төгрөгийн борлуулалт хийх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Энэ төлөвлөгөө нь компанийн хувьд нилээн даруу төсөөлөл гэж  миний хувьд харж байгаа. Компанийн зүгээс ч бас мэдэгдсэн. 

Бидний босгож байгаа мөнгө маань ямар нэг үйлдвэр барихад зарцуулагдахгүй, дийлэнх нь эргэлтийн хөрөнгөд зарцуулагдана. Тиймээс компанийн боруулалтын орлогод нөлөөлж, дээр хэлсэн зорилтод хүрэх бүрэн боломжтой гэж харж байна.

Нэмж үнэт цаас гаргах төсөлд танайхаас өөр ямар байгууллагууд оролцсон вэ?

Бид нэмж үнэт цаас гаргах төсөлдөө чиглэл чиглэлдээ туршлагатай, нэр хүндтэй компаниудыг хамтран ажиллахаар сонгосон. Хөрөнгийн үнэлгээний ажилд “БДО аудит”ХХК-тай хамтрасан. Энэ компани маань сүүлд АПУ ХК-ийн MCS, Хайнекен компанитай бизнесээ нэгтгэх төсөлд үнэлгээ хийсэн байгаа. 

Аудитын дүгнэлт гаргуулахаар “Од бүртгэл аудит”ХХК- тай, хуулийн зөвлөхөөр Эм ди эс энд Хаанлекс ХХН ажилласан. Эдгээр компаниуд маань хараат бус, хөрөнгө оруулагчдын итгэлийг хүлээж чадахуйц компаниуд.

“Хөвсгөл алтан дуулга”ХК-ийн нэгж хувьцааг 850 төгрөгөөр санал болгож байгаа. Үнийг хэрхэн тогтоосон вэ? 

850 гэдэг үнийг манайхаас шууд тогтоогоогүй. Уг үнийг дээр дурьдсан хөндлөнгийн мэргэжлийн байгууллагуудын үнэлэлт дүгнэлтэд үндэслэн тогтоосон. Аудитын компани санхүүгийн үйл ажиллагаанд нь аудит хийж баталгаажуулж, дараа нь үнэлгэний компанийн зүгээс олон улсын стандарт, аргачлалын дагуу үнэлгээ хийсэн байгаа. Үүнд Орлогын хандлага, өртгийн хандлага, зах зээлийн хандлагаар үнэлэсэн. Жишээ нь орлогын хандлагаар уг компанийг 21 тэрбум төгрөгөөр үнэлсэн, өртгийн хандлагаараа 17 тэрбум төгрөгөөр үнэлэгдсэн. 

Бизнесийн үнэ цэнийг нь тооцохгүйгээр хөрөнгийн хандлагаараа бол 10 гаруй тэрбум төгрөгийн үнэлгээтэй байна. Гэхдээ уг үнэлгээнээс нь бууруулаад нэгж хувьцааны үнийг 850 төгрөгөөр тогтоож, хөрөнгө оруулагчдад Захиалгын бүртгэлийн аргаар санал болгож байгаа. Хөрөнгө оруулагчид маань үнэлгээний дэлгэрэнгүй тайланг нь Үнэт цаасны танилцуулгаас харах боломжтой гэдгийг хэлмээр байна.

Та сая Захиалгын бүртгэлийн аргаар санал болгож байгаа гэж хэллээ. Энэ арга хөрөнгө оруулагчдад ямар давуу талтай вэ?

Сүүлийн үед гарсан хувьцаанууд дандаа тогтоосон үнийн аргаар олон нийтэд санал болгосон. “Хөвсгөл алтан дуулга”ХК-ийн хувьцааг тогтоосон үнэ болон захиалгын бүртгэлийн аргыг хослуулж байгаа. 

Энэ аргын онцлог нь зах зээл дээр бодит ханш тогтох, хөрөнгө оруулагчид өөрсдөө компанийг үнэлж, хувьцааны үнийг тогтоодогоороо давуу талтай. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагчдад худалдан авахыг хүссэн үнэ дээрээ хувьцаагаа худалдан авах боломжийг олгож байгаа юм.

Стратегийн хөрөнгө оруулагчдад дийлэнх хувьцааг нь санал болгож байгаа гэсэн. Яагаад ингэх болсон юм бол

Монголын Хөрөнгийн Бирж дээр байгаа компаниудын дийлэнхийн үнэлгээ нь үндсэн хөрөнгийн үнэлгээнээсээ доош орсон байдаг. Гэтэл “Хөвсгөл алтан дуулга”ХК-ийн үнэлгээг харвал 20 гаруй тэрбум төгрөгийн үнэлгээтэй компани байхаар байгаа.

Гэтэл компани үнэлгээнээсээ бага буюу 9.6 тэрбум төгрөгийн үнэлгээтэйгээр өөрийн хувьцаагаа санал болгож, хөрөнгө оруулагчидтайгаа урт хугацаанд хамтран ажиллах хүсэлтэй байгаа юм.

Урт хугацааны хөрөнгө оруулагчид нь Стратегийн хөрөнгө оруулагчид байдаг шүү дээ. Уг хөрөнгө оруулагчид компанийн бизнест ач холбогдол өгч, урт хугацаанд хамтран ажиллах боломжтой. 

Тиймдээ ч үнэт цаас гаргагчийн зүгээс стратегийн хөрөнгө оруулагчдад хувьцаагаа тогтоосон үнээр буюу 850 төгрөгөөр худалдан авах давуу боломжийг олгосон.

Нууц биш бол, хувьцааны захиалгын байдал ямар байна

Анхдагч зах зээлийн хувьцаааны захиалга 8-р сарын 8-наас эхэлсэн байгаа. Одоогоор Стратегийн хөрөнгө оруулалт дээр хэд хэдэн худалдан авах санал ирээд байна. 

Эдгээрээс бид үнэт цаас гаргагч компанитайгаа ярилцсаны үндсэн дээр шийдвэрлэнэ. Гэхдээ стратегийн хөрөнгө оруулагчаар орох сонирхолтой хөрөнгө оруулагчид байвал бидэнд саналаа ирүүлэх нь 16-ны хүртэл нээлттэй гэдгийг хэлмээр байна.

Харин олон нийтээс босгох 1 тэрбум төгрөгийн санхүүжилтын хувьд одоогоор 500 сая төгрөгийн худалдан авах саналаа ирүүлээд байна. Ирэх долоо хоногтоо бид хөрөнгө оруулалтаа босгоно гэдэгт итгэлтэй байгаа. 

Компани хөрөнгө оруулалтаа юунд зарцуулах вэ? Та зүгээс зарцуулалтанд яаж хяналт тавих гэж байна. Энэ хөрөнгө оруулагчдад чухал байдаг шүү дээ

Компани маань нийт 3.7 тэрбум төгрөгийг хөрөнгийн захаас босгохоор ажиллаж байна. Үүний 540 сая орчим төгрөгийг нэмэлт тоног төхөөрөмж авахад, 950 сая төгрөгийг жилийн 20 гаруй хувийн хүүтэй банкны зээлийн төлөлтийг хийгээд үлдсэн мөнгийг эргэлтийн хөрөнгө буюу буудай худалдан авахад зарцуулахаар тооцоолсон.

Эргэлтийн хөрөнгөөрөө буудай худалдан авснаар оны эцэс гэхэд одоогийн төсөвлөсөн 8 тэрбум төгрөгийн боруулалтдаа хүрэх боломжтой харагдаж байгаа юм.

Андеррайтерын зүгээс бид өмнө нь ч, одоо ч хөрөнгө оруулалт татаж байгаа компаниудынхаа татсан хөрөнгийн зарцуулалтад хяналт тависаар ирсэн, цаашид ч хяналтаа тавих болно. 

Үүний тулд Нийцүүлэгч гэдэг компанийг ажлуулж байгаа. Манай анхны IPO болох “Анд энерги”ХК дээрээс эхлэн ажлуулж эхэлсэн. Нийцүүлэгч компани хөндлөнгийн аудитын компани байх бөгөөд 6 сар тутамд хөрөнгийн зарцуулалтын талаар тайлан гаргаж, хувьцаа эзэмшигч, олон нийтэд танилцуулж байх юм. 

Мэргэжлийн хүний хувьд та хөрөнгийн зах зээлийг сонирхож байгаа иргэдэд юу гэж зөвлөх вэ? Уг ярилцлагыг уншиж байгаа хүмүүст хэрэгтэй байх болов уу

Хүмүүс богино хугацаанд өндөр орлого олох хүсэлтэй байдаг. Өнөөдөр манай зах зээл дээр нэг нь авч байвал дагаад авдаг, нөгөө нь зарж байвал дагаад зардаг сэтгэхгүй, хандлага давамгайлж байх шиг байна. Гэтэл тэр зарж байгаа хүн үнэхээр зөв мэдээлэл, судалгаан дээр үндэслээд зарж байна уу гэдгийг мэдэх боломжгүй. Түүнийг дагаснаар ирээдүйд, магадгүй 1, 2 жилийн дараа олох байсан өндөр ашгаа алдаж болзошгүй шүү дээ.

Харин хүн бүр өөрийн гэсэн хөрөнгө оруулалтын бодлоготой, стратегитай байх хэрэгтэй. Үүний тулд анх орохдоо сайн судалж, мэдлэг, мэдээлэлтэй, миний хөрөнгө оруулалтын багцад ямар хувьцаа байх хэрэгтэй вэ?, би яаж хөрөнгө оруулалт хийвэл надад эрсдэлгүй байх вэ? гэдгийг сайн тооцоолж өөрийнхөө санхүүгийн боломжид уялдуулж хөрөнгө оруулалт хийгээрэй гэж зөвлөмөөр байна.

За манай сайтад ярилцлага өгсөнд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье!

Баярлалаа. Намайг урьж ярилцсан танай хамт олонд талархал илэрхийлье.

Арилжигдсан компани Арилжсан ширхэг Арилжааны дүн Нийт хэлцэл
16 387 184 142 423 556 122

Өсөлттэй хувьцаа

Cимбол Хаалт Өөрчлөлт %
DAO 126,5 16,5 15,00%
RMC 31,99 1,99 6,63%
LEN 74,91 1,09 1,48%
APU 591,37 8,47999 1,45%
SUU 230,11 0,11 0,05%

Бууралттай хувьцаа

Cимбол Хаалт Өөрчлөлт %
EER 3580 -419 -10,48%
NEH 20000 -1000 -4,76%
AIC 740 -25,02 -3,27%
MND 4843 -111 -2,24%
MBW 324,14 -5,52 -1,67%

Ширхэгээр

Cимбол Ширхэг
APU 162 037
LEN 137 906
MBW 50 564
SUU 23 043
MIB 10 000

Үнийн дүнгээр

Cимбол Мөнгөн дүн
APU 96 075 120
MBW 16 267 747
LEN 10 325 848
SUU 5 291 794
GOV 4 959 300