Дэлгэрэнгүй

0 сэтгэгдэл

Сайн байна уу. Юуны өмнө бидний урилгыг хүлээн авч ярилцлага өгч байгаад баярлалаа.

Танай сайтын уншигчдад энэ өдрийн мэнд. Урьсанд баярлалаа.

- Хоёулаа яриагаа Ард Даатгал компанийн талаарх сэдвээр эхлэе. Та компанийнхаа талаар танилцуулаач.

Ард даатгал компани маань 24 жилийн түүхтэй. Анх 1994 онд Монгол Улсын анхны хувийн ердийн даатгалын компани болон байгуулагдаж байсан.  Энэ хугацаанд манай улсад тохиолдсон эдийн засгийн хүндрэлтэй байдлыг даван туулж, үйл ажиллагаагаа тасралтгүй тогтвортой явуулж ирлээ. 

Бид 2004 онд салбартаа анхлан гадаадын хөрөнгө оруулалтыг оруулж ирж байсан бол 2011 онд Гранд даатгал компанийг өөртөө нэгтгэж өргөжлөө. 

Өнөөдөр манай компани УБ хот болон орон нутагт нийт 24 салбараараа дамжуулан үйлчилгээгээ хүргэхээс гадна 240 орчим төлөөлөгч, 30 гаруй зуучлагч компаниар даатгалын үйлчилгээгээ иргэдэд үзүүлж байна. 

Санхүүгийн үзүүлэлтээр харвал Ард Даатгал компани хөрөнгийн хэмжээгээрээ салбартаа 11.7 тэрбум төгрөгөөр 7-т, цэвэр ашиг, ашгийн өгөөжөөрөө салбартаа 1-т бичигдэж байна. Мөн өөрийн хөрөнгийн өгөөж салбарын хэмжээнд дунджаар 10 хувь байгаа бол манайх 24 хувьтай, активын өгөөж 4 хувь байдаг бол манайх 11 хувьтай байгаа гээд эерэг олон үзүүлэлттэй нэр хүндтэй компани болж чадсан.

- Сүүлийн үед компаниуд IPO гаргах сонирхол нэмэгдсэн. Энэ жишгээр Ард Даатгал мөн IPO гаргаж байна. Үүнд юу нөлөөлсөн вэ?

Ард Санхүүгийн Нэгдэд иргэд санхүүгийн үйлчилгээ авч байгаа компанийнхаа хувьцаа эзэмшигч эзэн нь байгаасай, эргээд түүнээсээ ашиг орлого хүртдэг байгаасай гэсэн философи байдаг. Тэгвэл энэ хүрээнд олон төрлийн ажил хийгдэж байдаг. Энэ ажлын нэг нь Ард Даатгал компанийн IPO юм.

Тиймээс 2017 оны намар бид IPO хийнэ гэдгээ зарласан. Харин оны эхэнд хувьцаа эзэмшигчдийн хурлаараа албан ёсны шийдвэрээ гаргасан. Ингээд бид мэргэжлийн андеррайтер, аудит, хууль, үнэлгээний компаниудаа сонгож, хамтран ажиллаж эхэлсэн. Бид уг нь 2018 оны 6 сард хувьцаагаа гаргахаар төлөвлөж байсан. Харин Санхүүгийн Зохицуулах Хорооны шийдвэр 8 сарын 29-нд гарсан тул энэ сардаа багтааж хувьцаагаа гаргахаар ажиллаж байна.

Зураг: Ард Даатгал"ХК-ийн IPO-ны анхдагч зах зээлийн арилжааны нээлт, Монголын хөрөнгийн бирж, 2018.09.17

- Зах зээлээс 5.25 тэрбум төгрөг босгохоор ажиллаж байгаа. Уг мөнгөөр юу хийх вэ? 

Ард Даатгал компани хөрөнгийн зах зээл дээрээс 5.25 тэрбум төгрөг босгохоор ажиллаж байна. Гол нь IPO гарган татсан мөнгөөр бид өөрийнхөө хөрөнгийг л нэмэгдүүлнэ. Нэг талаараа хөрөнгө сайтай компани байна гэдэг чинь эрсдэл даах чадвар сайжирна гэсэн үг. Ингэснээр зах зээлд шинэ шинэ бүтээгдэхүүн гаргаж, түүний эрсдлийг даах чадамжтай болох юм. Мөн давхар даатгал руу гардаг зардлыг бууруулж, ингэснээр ашигт ажиллагаа нэмэгдэх боломжийг бий болгодог

Ер нь даатгалын компаниуд нөөцийн сангаараа хөрөнгө оруулалт хийж, түүнийг сайн  удирдаж байж компанийн ашгаа олж байдаг. Хэр их нөөц сантай байна тэр хэмжээгээр ашиг нэмэгддэг. Даатгалын компаниуд чинь маш том хөрөнгө оруулагч нар байдаг шүү дээ. Энэ утгаараа хөрөнгийн зах зээлийн гол тоглогчид байдаг учраас тодорхой хэмжээгээр хөрөнгө оруулалт хийнэ.

Компани олон нийтэд санал болгож байгаа хувьцаагаа олон нийтэд хямдруулсан үнээр санал болгож байгаа гэсэн.

Тиймээ. Манайх БДО аудит компаниар бизнесийнхээ үнэлгээгээ хийлгэсэн. Энэ компани маань мэргэжлийнхээ хүрээнд олон улсын стандарт, аргачлалын дагуу үнэлгээ хийхэд Ард Даатгал компани 20 тэрбум төгрөг буюу нэгж хувьцааны үнэ 1,164 төгрөг байх боломжтой гэж гаргасан.

Гэхдээ бид энэ үнэлгээгээр бус 700 төгрөгөөр нэгж хувьцаагаа иргэддээ санал болгож байна. Энэ нь 40 хувиар хямдруулсан гэсэн үг. Үүний гол зорилго нь мөн л түрүүнд хэлсэн олон хувьцаа эзэмшигчтэй болох, иргэддээ боломж олгох зорилготой.

Нэмж хэлхэд манай хувьцааны захиалга энэ сарын 26-ны лхагва гарагт дуусна гэдгийг сануулая.

Ард Даатгал компани нээлттэй хувьцаат компани болсноор олон хувьцаа эзэмшигчдийн өмнө хариуцлага хүлээнэ гэсэн үг. Энэ талаарх таны бодол.

Миний хувьд хариуцлага гэхээсээ илүү боломж гэж харж байгаа. Биржид бүртгэлтэй нээлттэй хувьцаат компани болсноор өмнө нь хэлсэнчлэн манай үйл ажиллагаа илүү ил тод, нээлттэй болохоос гадна олон хувьцаа эзэмшигчтэй болно.

Хувьцаа эзэмшигч гэдэг чинь энэ компанийн эзэн шүү дээ. Ард даатгал компанийн эзэн өөрөө, гэр бүл, найз нөхдөө компаниараа үйлчлүүлэхийг бодно биз дэ. Энэ хэрээр манай үйл ажиллагаа, маркетингийн зардал буурна, мөн орлого, ашиг нэмэгдэнэ гэсэн үг

Эзэд маань компанидаа орлого оруулснаар эргээд хувьцаанаасаа өндөр өгөөжийг хүртэх боломжтой болно.

Салбарын талаар яриагаа үргэлжлүүлье. Сүүлийн үед даатгалын салбар өсөх боломжтой гэж салбарын мэргэжилтнүүд их ярьж байгаа. Үнэхээр боломж бий юу.

Монгол улсад даатгалын салбар хөгжлийнхөө эхний шатанд явж байна. Энийг хэрхэн харах вэ гэхээр даатгалын нийт хураамжийн орлогыг нь тухайн улсын ДНБ-тэй харьцуулдаг. Манай хоёр хөрш оронд энэ үзүүлэлт 3 орчим хувьтай байгаа бол барууны хөгжингүй оронд 10 хувь байгаа. Гэтэл манайд энэ харьцааны үзүүлэлт 0.5 хувь байгаа юм.

Сүүлийн 10 гаруй жил энэ хэмжээнд явж ирсэн. Тиймээс боломж бидэнд байгаа. Үүнийг хийхийн тулд салбарынханд хийх зүйл их бий. Жишээ нь даатгалын салбарын талаар, түүний ач холбогдлыг иргэдэд маш сайн таниулах, боловсролыг нь сайжруулах, даатгалд тэмүүлэх тэмүүллийг бий болгох шаардлагатай байгаа. Ер нь даатгал өөрөө үнэтэй биш шүү дээ. Тухайн хөрөнгийн үнэлгээний 1 хувиар  л даатгадаг.

2012 онд жолоочийн хариуцлагын даатгал бий болж эхэлснээс иргэд даатгалын талаар бага багаар ойлгож эхэлж байна. Анх бий болж байхад иргэд дургүйцэж байсан бол одоо даатгалынхаа ач холбогдлыг ойлгосон байна. Жолоочийн хариуцлагын даатгал нь нөхөн төлбөрөөрөө салбарын хэмжээнд дээгүүрт орох болсон

Даатгалын зах зээл багадаа 6-10 дахин тэлэх боломж Монголд байгаа гэж харж байна.

Салбарт том боломж байгаа юм байна. Тэгвэл энэ боломжийг ашиглах, хувьцаа эзэмшигчид хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд компани юу хийх вэ

Бидэнд хийхээр төлөвлөсөн олон ажлууд бий. Жишээ нь, одоо технологийн эрин зуун болж байна. Тэгэхээр онлайн цахим даатгалууд хийгдэх ёстой. Үйлчилгээ маань түргэн шуурхай хүрэх ёстой. Тиймээс Ард аппликэйшн-нээр дамжуулан даатгалын үйлчилгээгээ үзүүлдэг болохоор ажиллаж байна.

Мөн Эрүүл мэндийн даатгалын бүтээгдэхүүний орлогын өсөлт нэмэгдэж байгаа. Уг даатгалыг гадны хөрөнгө оруулалтттай, эсвэл гадаад удирдлагатай компаниуд ажилчдаа даатгалд хамруулах нь түгээмэл байсан бол өнөөдөр дотоодын компаниуд ажилчдаа даатгуулах сонирхол нь нэмэгдэж байна.

Тиймээс энэ чиглэлээр ажиллахаар Олон улсын эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ үзүүлэх зөвшөөрлийг Санхүүгийн Зохицуулах Хорооноос авлаа. Энэ үйлчилгээ маань бусад компаниудын үзүүлж буй бүтээгдэхүүнээс илүү хамгаалалттай, мөн зардал багатай байх болно.

Та гүйцэтгэх захиралын ажлыг аваад удаагүй байгаа байхаа. Энэ салбарын хүн үү. Өөрийнхөө талаар товч танилцуулбал.

Миний хувьд Ард Санхүүгийн Нэгдлийн үүсгэн байгуулагчдын нэг. Өмнө нь Хөгжлийн алтан сан, Хас банкинд ажиллаж байсан. 2011-ээс 2014 онд Тэнгэр даатгал компанийн захиралаар ажиллаж байсан. Ард Санхүүгийн Нэгдлийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаад 2017 оны 5 сараас Ард Даатгал компанийн Гүйцэтгэх захиралаар ажиллаж байна. Ажлаа аваад  жил гаруй л хугацаа өнгөрч байна даа.

 Миний ажигласнаар Ард Даатгал, болон Ард Санхүүгийн Нэгдлийн нэг онцлог нь мэдээллийн ил тод нээлттэй байдал гэж хардаг. Компанитай холбоотой мэдээллүүдээ нээлттэй зарлаад явдаг нь бусад компаниудад хэрэгжүүлмээр санагддаг шүү. 

Тиймээ. Манай компанийн үйл ажиллагаа байнга ил тод байдгийг та бүхэн мэдэх байх. Компанитай холбоотой мэдээллээ өөрийн цахим хуудас болон сошиалаар дамжуулан түгээж байдаг. 

Ард Санхүүгийн Нэгдэл, түүний охин компаниуд бүгдээрээ ил тод байдал, сайн засаглалыг хэрэгжүүлэхийн төлөө л ажилладаг юм. Анх Хөгжлийн алтан сан, Хас банкийг байгуулаад үүнийг хэрэгжүүлж байсан, түүнийгээ одоо ч хэрэгжүүлсээр байгаа. 

Тайлагналын хувьд, өмнө нь Санхүүгийн Зохицуулах Хороонд үйл ажиллагаагаа тайлагнадаг байсан бол нээлттэй хувьцаат компани болсноороо нэмж Монголын Хөрөнгийн Биржид тайлагнаж, манай компанийн мэдээлэл биржийн сайтад тогтмол тавигдах болж байгаа.

Харин хувьцаа эзэмшигчиддээ тайлагнадаг байдал өмнө нь ч байсан цаашид үүнийгээ улам сайжруулаад нээлттэй ил тод байх болно.

Компани 2017 онд цэвэр ашгийнхаа 50%-ийг ногдол ашигаар тараасан гэсэн. Цаашид энэ бодлого үргэлжлэх үү.

Манайд Төлөөлөн Удирдах Зөвлөлөөс батлагдсан “Ногдол ашгийн бодлого” гэж байгаа. Энэ бодлогоор компани жил бүр хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг олгоно.

2016 онд манай компани цэвэр ашгийнхаа 30 хувийг ногдол ашигаар хуваарилж байсан. Харин 2017 онд 1.12 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, ашгийнхаа 50 хувь буюу 562 сая төгрөгийг ногдол ашигаар хуваарилсан байгаа.

Ер нь хувьцаанд хөрөнгө оруулалт хийж байгаа хүмүүс чинь хоёр л гол зүйлийг хардаг шүү дээ. Нэг нь хувьцааны ханшийн өсөлт, нөгөө нь ногдол ашиг. Усны цоргоор төсөөлбөл бид нэг боломжийг нь хааж болохгүй л дээ. 

Тиймээс цаашид жил бүр ашгийнхаа 30-50 хувийг ногдол ашигаар хуваарилна. Гэхдээ тухайн бүр нь Төлөөлөн Удирдах Зөвлөлөөс компанийн санхүүгийн нөхцөл байдалтай уялдуулаад шийдвэрээ гаргах байх. Энэ хэмжээнээс өндөр байж ч болно.

Ард Даатгал компанийн дунд хугацааны өсөлт ямар байх вэ?

Ард Даатгал компани ойрын 5 жилд зах зээлд эзлэх хувиа жилд нэг хувиар тогтвортой нэмэгдүүлнэ гэсэн зорилготой байгаа. Өнгөрсөн жил гэхэд манай салбарынхан нийт 144.3 тэрбум төгрөгийн хураамжийн орлого олсон байхад манай компани 10.4 тэрбум төгрөгийн орлого цуглуулж, салбартынхаа 7.3 хувийг эзэлсэн. Тэгвэл энэ жил 10 хувийг эзлэхээр ажиллаж байна.

Манай давуу тал гэвэл хураамжийн орлого нь төвлөрсөн бус байдаг. Даатгалын бизнесийн онцлог нь нэг томоохон компанитай өндөр дүнтэй даатгалын гэрээ хийж, 5 тэрбум, 10 тэрбум төгрөгийн хураамж авах боломж байдаг.

Өнгөрсөн жилийн Ард Даатгал компани 260,000 гэрээ байгуулсан. Өөрөөр хэлбэл энэ нь маш тархсан байдалтай. 10.3 тэрбум төгрөгийн орлогоо гэрээний тоонд хуваавал нэг гэрээнд ногдох дүн бага байгаа. Өөрөөр хэлбэл бид нэг, хоёр том харилцагчаас хамааралгүй, төвлөрсөн бус байгаа нь бидний давуу тал.

- За бидний хүсэлтийг хүлээн авч ярилцсан танд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

Баярлалаа

Арилжигдсан компани Арилжсан ширхэг Арилжааны дүн Нийт хэлцэл
16 387 184 142 423 556 122

Өсөлттэй хувьцаа

Cимбол Хаалт Өөрчлөлт %
DAO 126,5 16,5 15,00%
RMC 31,99 1,99 6,63%
LEN 74,91 1,09 1,48%
APU 591,37 8,47999 1,45%
SUU 230,11 0,11 0,05%

Бууралттай хувьцаа

Cимбол Хаалт Өөрчлөлт %
EER 3580 -419 -10,48%
NEH 20000 -1000 -4,76%
AIC 740 -25,02 -3,27%
MND 4843 -111 -2,24%
MBW 324,14 -5,52 -1,67%

Ширхэгээр

Cимбол Ширхэг
APU 162 037
LEN 137 906
MBW 50 564
SUU 23 043
MIB 10 000

Үнийн дүнгээр

Cимбол Мөнгөн дүн
APU 96 075 120
MBW 16 267 747
LEN 10 325 848
SUU 5 291 794
GOV 4 959 300