Дэлгэрэнгүй

0 сэтгэгдэл

Голомт банкны Кастодиан банкны хэлтсийн захирал Г.Зориг-той хийсэн ярилцлагыг та бүхэнд хүргэж байна.

Голомт банк хөрөнгийн зах зээл дээр Кастодианы үйлчилгээ үзүүлэх эрх аваад багагүй хугацаа өнгөрчээ. Өнгөрсөн хугацаанд гарсан гол үр дүнгээсээ танилцуулбал?

Голомт банк нь Санхүүгийн зохицуулах хорооноос 2014 оны 8 сард үнэт цаасны зах зээлд кастодиан банкны үйлчилгээ үзүүлэх хамгийн анхны эрхийг авсан. Өнгөрсөн хугацаанд дотоод, гадаадын мэргэжлийн хөрөнгө оруулагчдад олон улсын түвшинд үнэт цаасны цогц үйлчилгээ үзүүлэх бэлтгэлийг бүрэн хангаж ажиллалаа. 

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үнэт цаасны Nomura ICS системийг нэвтрүүлснээр хөрөнгө оруулагчдыг Монголын хөрөнгийн зах зээлтэй холбох, үнэт цаасыг нь найдвартай хадгалж, дагалдах бүх үйлчилгээг үзүүлэх боломжийг бүрдүүлсэн. 

Мөн JPMorgan банкийг Монголд төлөөлөх болсноор Америк, Европын хөрөнгө оруулагчдад үйлчилгээ үзүүлэх гарцыг нээсэн. Үнэт цаасны арилжааны дараах үйлчилгээний процесийг дэлхийн жишигт хүргэж олон улсын ISAE 3402 стандартыг хангасан. Цаашид дотоодын хөрөнгө оруулагчдыг гадаад арилжаанд оролцох, үнэт цаас худалдаж авахад шаардлагатай дэд бүтцийг бүрдүүлэхээр ажиллаж байна. 

Танайх JPMorgan банкийг Монголд төлөөлөх болсон гэж хэллээ. Ер нь манай зах зээл дээр байгаа бүтээгдэхүүнүүд гадны томоохон хөрөнгө оруулагчдын сонирхолыг татаж чадаж байна уу? Хувьцаат компаниуд болон мэргэжлийн оролцогчид юун дээр анхаарах шаардлагатай вэ?

JPMorgan банк нь дэлхийд тэргүүлэгч банкны хувиар мега гэж хэлж болохоор хамтын болон тэтгэврийн сангуудад өөрийн сабкастодиануудаар дамжуулж үнэт цаасны бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгодог. Эдгээр сангуудын хувьд гол сонирхдог бүтээгдэхүүн нь хөрвөх чадвар сайтай, эргээд зарахад худалдан авагч олдохоор, үнийн хэлбэлзэл, эрсдэл багатай үнэт цаас байхыг шаарддаг.

Манай хувьцаат компаниудын хувьцаа хэт төвлөрөл ихтэй, хяналтын багцыг цөөхөн хуулийн этгээд, иргэд эзэмшдэгээс компанийн засаглал муу, түүнийгээ дагаад хөрвөх чадвар, худалдан авах эрэлт хэрэгцээ тааруу байгаа дутагдал байна. 

Цаашид хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниуд үйл ажиллагаагаа нийтэд ил тод мэдээлж, засаглалаа олон улсын түвшинд хүргэж чадвал гадаадын хөрөнгө оруулагчид Монголд хөрөнгө оруулах сонирхол улам бүр нэмэгдсээр байгаа гэдгийг баталж хэлье.

Дотоодын харилцагчдын хувьд кастодиан банкны үйлчилгээ авах боломж бий юу? Одоогоор хичнээн харилцагчид, ямар үйлчилгээ санал болгож байгаа вэ? 

Өмнө хэлснээр кастодиан банкны хувьд түлхүү мэргэжлийн хөрөнгө оруулагчдад үнэт цаасны цогц үйлчилгээг санал болгож ажилладаг. Монголын хувьд банк, даатгал, хөрөнгө оруулалтын сан, брокер дилерийн компаниудыг мэргэжлийн хөрөнгө оруулагч гэж ойлгож болно. Одоогоор СЗХ-оос зөвшөөрөл авсан нийт 15 хөрөнгө оруулалтын сан байгаагаас 10 нь Голомт банктай гэрээ байгуулж, үнэт цаасны үйлчилгээ авч эхлээд байна. 

Бидний хувьд харилцагчдын үнэт цаасыг хадгалах, төлбөр тооцоо гүйцэтгэх, өмчлөх эрх баталгаажуулах, хувьцаа эзэмшигчдийн хуралд төлөөлж санал өгөх, ногдол ашиг, бондын хүүгийн орлого цуглуулах, хувьцаат компанийн мэдээлэл дамжуулах, татварын тооцоолол хийх зэрэг үйлчилгээг үзүүлдэг. Энгийнээр хэлбэл үнэт цаасны арилжааны дараах бүх үйлчилгээг цогцоор үзүүлдэг гэж ойлгож болно. Голомт банкны хувьд хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх бүртгэх, нэгжийн цэвэр үнэлгээ тооцоолох, сангийн гишүүдийн дэлгэрэнгүй бүртгэл хөтлөх зэрэг үйлчилгээг нэмэлтээр үзүүлдэг онцлогтой.

Энгийн харилцагчдын хувьд өөрийн харилцдаг брокерийн компаниар дамжуулж үнэт цаас болон арилжааны дансаа кастодиан банк дээр байршуулснаар банкны харилцах, хадгаламжийн данстай адил үнэт цаасны үлэгдлээ хянах, төлбөр тооцоо гүйцэтгэх, хадгалуулж буй хөрөнгийн талаар дэлгэрэнгүй тайлан мэдээлэл авах зэргээр оруулсан хөрөнгө оруулалтандаа итгэлтэй байж, өмчлөх эрхээ баталгаажуулах боломжтой юм.

Кастодиан банк хөрөнгийн зах зээлийн хөгжилд ямар ач холбогдолтой вэ? 

Энгийн арилжааны банкууд улс дамнасан Свифт сүлжээ зэрэг дэд бүтцээр дамжуулан харилцагчдын мөнгөн хөрөнгийн урсгалыг зохицуулж байдаг. Яг үүнтэй адилаар кастодиан банкууд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн глобол кастодиан банкны сүлжээнд нэгдсэнээр улс хооронд хөрөнгө оруулалт хийх дэд бүтэц, хөрөнгө оруулагчдад эрсдэл болон өгөөжийн зохистой харьцаа бүхий багц үүсгэх боломжийг бүрдүүлдэг.

Та бүхэн Монголын хөрөнгийн бирж Лондонгийн хөрөнгийн биржтэй хамтарч ажилладаг, мөн олон улсын FTSE индекст багтахаар ажиллаж байгааг сонссон байх. Манай улсын хувьд дээрх индексийн шаардлага, олон улсын шалгуурыг хангахын тулд  глобал кастодиан банкийг төлөөлж, олон улсын стандартыг хангасан банктай байх гэсэн шаардлага тавигддаг юм. Голомт банкны хувьд дэлхийд тэргүүлэгч JPM банкны шаардлагыг бүрэн хангаснаар гадаадын томоохон хөрөнгө оруулагчид Монголын хөрөнгийн зах зээл дээр хөрөнгө оруулах боломжийг бүрдүүлсэн гэж ойлгож болно.

Та Монголын хөрөнгийн зах зээл хөгжихөд цаашид юу хийх шаардлагатай гэж үздэг вэ? Хөрөнгийн зах зээлийн оролцогчдын хамтын ажиллагаа ямар хэмжээнд байгаа вэ?

Дээр хэлсэн FTSE индексийн шаардлагыг бүрэн хангахын тулд арилжааны дараах төлбөр тооцооны горим, эрсдлийн менежментийг шинэчлэх шаардлагатай байна. Энэ чиглэлээр Сангийн Яам, Санхүүгийн зохицуулах хороо, Монгол банк санаачлан олон улсын зөвлөхийн баг ажиллуулж байгаа.

Хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийг бүрдүүлэгч, оролцогч талуудын харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх, системийн холболтыг автоматжуулах шаардлагатай байна. Бидний зүгээс зах зээл дээр нэгэнт амжилттай нэвтэрсэн Millenium IT системийг цаашид хөгжүүлж, Арилжааны төлбөр тооцоо байгууллагын систем хангамжийг сайжруулах шаардлагатай гэсэн байр суурь баримталж байгаа.

Та бүхэн Монголын зах зээл дээр шинээр нэвтрүүлэхээр ажиллаж байгаа бүтээгдэхүүн, үйлчилгээнээсээ танилцуулаач?

Бид хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийг хөгжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татахаас гадна дотоодын үнэт цаасны хөрвөх чадварыг сайжруулах, арилжааны идэвхийг нэмэгдүүлэхэд чиглэн ажиллаж байгаа. Энэ чиглэлээр маржин арилжаа, шортсэйл, репо зэрэг шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, бусад үүсмэл санхүүгийн хэрэгсэл гаргахаар зорьж ажиллаж байгааг дуулгахад таатай байна. Цаашид хадгаламжийн бичиг үйлчилгээг нэвтрүүлснээр гадаадын үнэт цаасыг дотоодоос худалдаж авах, дотоодын үнэт цаас гадагшаа гарах боломж бүрдэх юм. 

Ярилцлага өгсөнд баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.

Баярлалаа