Дэлгэрэнгүй

0 сэтгэгдэл

Энэ оны 2 дахь IPO-г гаргаж байгаа “Ард кредит ББСБ” компанитай холбоотой гарсан ярилцлагуудын байр сууриудыг та бүхэнд хүргэж байна. 

САНХҮҮГИЙН БҮХ ТӨРЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ “ALL IN ONE” БУЮУ ГАНЦ АППЛИКЕЙШНД БАГТААСАН ФИНТЕК КОМПАНИ БОЛОХ “АРД КРЕДИТ” ББСБ-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Ч.ГАНЗОРИГ:

Ард Санхүүгийн Нэгдэл өнгөрсөн онд компанийн бүтцийн хувьд нэлээдгүй өөрчлөлт, шинэчлэлийг хийлээ. Тухайлбал, Ард Санхүүгийн Нэгдэл “Жинст Увс” компанитай урвуу нэгдэл хийх замаар олон нийтэд нээлттэй компани боллоо. Мөн “Ард Даатгал” компани нийт хувьцааны 25 хувийг санал болгож, 5.25 тэрбум төгрөг амжилттай татан төвлөрүүлсэн. Тэгвэл 2019 оны босгон дээр “Ард Кредит” ББСБ IPO гаргахаар бэлтгэж байна. Тиймээс шинээр үнэт цаас гаргах болсон шалтгаан, бэлтгэл ажлын талаар яриагаа эхэлье.

Ард Санхүүгийн Нэгдлийн охин компаниуд анхнаасаа олон нийтийн компани болох зорилготой байсан. Энэ хүрээнд бид хөрөнгө оруулагч үндэстэн болцгооё хэмээн уриа дэвшүүлэн 2015 оноос идэвхтэй ажиллаж эхэлсэн юм. Олон нийтийн компани болсноор маркетинг, бизнес загвар өөрчлөгдөхөөс авахуулаад олон зүйл өөрчлөгддөг. Банк бус санхүүгийн салбарт гаднын хөрөнгө оруулагчтай эсвэл зөвхөн гэр бүлүүд эзэмшдэг бизнес олон бий. Харин бид олон нээлттэйгээр үйл ажиллагаа явуулж, хүссэн бүрд хувьцаагаа эзэмшүүлж хамтдаа үр ашгаа хуваалцах боломжийг олгож байгаа юм.

Танайхан сүүлийн жилүүдэд хиймэл оюун ухаан, блокчейн зэрэгт суурилсан дижитал бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргахад анхаарал хандуулаад байгаа. Саяхан гэхэд санхүүгийн бүх төрлийн үйлчилгээ болон онлайн дэлгүүр багтаасан “Ard” аппликейшний шинэ хувилбарыг танилцууллаа. Цаашид дижитал банк болохоор зорьж байгаа гэж сонссон. Хэзээнээс төслийн ажлыг эхлүүлээд байна вэ?

“Ард Кредит” ББСБ нь 2011 онд байгуулагдан, 2013 оны эцэст Ард Санхүүгийн Нэгдлийн бүрэлдэхүүнд орсноор шинэ хөрөнгө оруулалт, бүтэц зохион байгуулалттайгаар ажиллаж эхэлсэн. Энэ хүрээнд олон салбар нэгж, дэд бүтцийг байгуулахгүйгээр шинэ технологи, шийдлийг ашиглан зардал багатай, бүтээмж өндөртэй ажиллах зорилготойгоор олон төслүүдийг хэрэгжүүлж ирсэн. Энэ хүрээнд “Ард дижитал банк”-ны төслийг банк санхүү ба төлбөрийн шийдлийн програм хангамж боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

“Grape city”, түүний охин компани болох банкны төлбөр тооцооны платформ болох “Most Money” компанитай хамтран өнгөрсөн сард дижитал банкны анхны хувилбарыг танилцууллаа. Гэхдээ дижитал банк гэдэг нь төсөл болон аппликейшний нэр болохоос арилжааны банкны лиценз авна гэсэн үг биш юм шүү. “Ард” аппликейшнээс хэрэглээ, бизнесийн зээл, хадгаламж, кредит карт, төлбөр тооцоо, биллингийн үйлчилгээ авахаас гадна онлайн худалдааны үйлчилгээ авч, компанийн хувьцаа, криптовалютын захиалга өгөх, арилжаанд оролцох боломжтой. Удахгүй даатгалын үйлчилгээг нэвтрүүлэх гэж байгаа. Тэгэхээр энэ нь зөвхөн зээл авах, хадгаламж нээлгэхээр хязгаарлагдахгүйгээр санхүүгийн бүх төрлийн үйлчилгээг нэг аппликейшнээс авах дэд бүтцийг бүрдүүлж байгаа гэсэн үг юм.

Түүнээс гадна хамгийн том давуу тал гэж хэлж болох дижитал банкны дэд бүтэц нь “Монгол шуудан” компанийн Монгол орон даяар тархсан салбар, нэгжүүд юм. Энэхүү нийт 392 салбартайгаар үйл ажиллагаа явуулж буй хамгийн том сүлжээг ашиглан дижитал банкаар үзүүлж буй бүх үйлчилгээг хүргэх боломжтой.

Та саяхан нэг форум дээр “Манай финтек компаниудын гаргасан аппликейшн цахим хэтэвчнээс даваад явчихсан. Өөрөөр хэлбэл, бид “All in one” буюу санхүү, төлбөрийн бүхий боломжийг нэг дороос өгч буйгаараа “wallet” гэдэг үгний утгаас хэдийн давсан” гэж хэлж байсан. Тэгвэл үр шимийг нь хүртэх хэрэглэгчид үүнийг хүлээж авахад бэлэн үү?

“Ard” аппликейшний шинэчилсэн хувилбар өнгөрсөн сарын 18-нд нээлтээ хийснээс хойш одоогийн байдлаар 26 мянган шинэ хэрэглэгч бүртгүүлэн, 4000 гаруй зээл гаргажээ.  Зээлийн дундаж хэмжээ 260 мянган төгрөг байгаа. Бид компанийн IPO гаргах их ажлын хажуугаар аппликейшныхаа маркетингийг хийж амжаагүй байхад ийм олон хүн бүртгүүлжээ. Тиймээс бид хэрэглэгчид үүнд аль хэдийн бэлэн болсон гэж ойлгож байгаа. Монгол улсад ухаалаг гар утас хэрэглэгчдийн тоо гэхэд л 1.8 сая орчим хүрсэн гэсэн судалгаа байдаг. Мөн биднээс өмнө иймэрхүү төрлийн онлайн зээлийн үйлчилгээ зах зээлд нэвтэрч хэрэглэгчид харьцангуй туршлагатай, ойлголт сайтай болсон учраас энэ тал дээр санаа зовох хэрэггүй болжээ.

“Ард Кредит” компани хувьцааны 25 хувь буюу 70 сая ширхгийг нийтэд санал болгоно. Ингэхдээ нийт хувьцааны 50 хувийг захиалгын бүртгэлийн аргаар буюу 70-85 төгрөгийн хооронд арилжаална гэсэн. Тогтоосон үнийн аргаар бус захиалгын бүртгэлийн аргаар арилжаалж буй шалтгаан нь юу бэ?

Бид нийт хувьцааны тал хувийг стратегийн хөрөнгө оруулагчдад 70 төгрөгөөр санал болгож байгаа. Харин үлдсэн тал хувийг 70-85 төгрөгийн хооронд захиалга өгөх боломжтой. Энэ нь бусад орнуудын хөрөнгийн биржид нэлээд түгээмэл болсон арга л даа. Тухайн хувьцааны эрэлтээс шалтгаалан ханш өсөх эсвэл буурч болдог. Монголд ийм захиалгын арга бараг анхны удаа гэж хэлж болно. Өмнө нь уг нь өөр компани оролдож үзсэн ч амжилттай болоогүй гэсэн. Хэрэв бид амжилттай хийж чадвал хөрөнгийн бирж дээр маш зөв жишиг тогтоно гэж харж байгаа. Өмнөх IPО гаргасан компаниудын хувьд хувьцааны захиалгын дүн нь хэд дахин давж биелэн учраас хуваарилалтыг маш бага хувь ногдохоор тэнцүүлж өгсөн. Энэ хүрээнд бага хугацаанд ашиг хийгээд хувьцаагаа эргэн зарах хүсэлтэй хүмүүс л хожоод байгаа мэт харагддаг.

Танайх 2016 онд 1.7 тэрбум төгрөгийн хаалттай бонд гарган, зээлийн багц, эргэлтийн хөрөнгөө санхүүжүүлэхэд зарцуулж байсан. Тэгвэл энэ удаагийн үнэт цаасны арилжаагаар татах төвлөрүүлэх 4.9 тэрбум төгрөгийг юунд зарцуулахаар төлөвлөсөн байгаа вэ?

Бид захиалгын бүртгэлийн аргын дагуу 4.9-5.5 тэрбум төгрөгийн санхүүжилт босгохоор төлөвлөсөн. Захиалга сайн байвал 5.5 тэрбум төгрөгт хүрэх боломжтой. Энэ хүрээнд санхүүжилтийг 100 хувь зээлийн эх үүсвэртээ зарцуулна. Бид технологийн шийдэл дэд бүтцийн хувьд бэлэн болсон тул тэдгээрт нэмэлт хөрөнгө оруулалт хийх бусад зардалд мөнгө гаргах шаардлагагүй байгаа юм.

Миний санахын 2017 онд танай компани цэвэр ашгийнхаа 50 хувийг ногдол ашиг болгон тарааж байсан. Нээлттэй хувьцаат компани болсны дараа буюу ирэх жилүүдэд ногдол ашгаа хэрхэн хуваарилах төлөвлөгөөтэй байна?

Бид тухайн жил ашигтай ажилласан бол жил бүр цэвэр ашгийн 20 хувийг ногдол ашиг болгон тараах бодлого гарган бизнес төлөвлөгөөгөө боловсруулсан байгаа.

Финтек бол Монголд төдийгүй дэлхий нийтэд шинэ зүйл болоод байна. Энэ хүрээнд төр, Засгийн газрууд, зохицуулагч байгууллагууд та бүхэнтэй хэр хамтран ажиллаж байгаа вэ?

Бид төр, засгийн байгууллагуудтай уулзаж, санал солилцоход цаашид хамтран ажиллаж, дэмжинэ гэдгээ илэрхийлсэн. Тухайлбал, Монголбанкнаас гаргасан журмын дагуу ямар нэг банкны систем хэрэглэхгүйгээр кредит карт гаргах боломжтой болно. Энэ хүрээнд бид энэ онд олон улсын “Union Pay” карт гаргахаар зорьж байгаа. Мөн Төвбанкнаас цахим мөнгөний зөвшөөрөл авах болов уу хэмээн найдаж байна.

Бид өнгөрсөн хугацаанд маш олон бүтээгдэхүүн, үйлчилгээг туршиж үзсэн л дээ. Хөдөө орон нутаг, алслагдсан газруудад яаж зээл олгох уу гээд л онлайнаар зээлийн хүсэлт авч, хөдөө орон нутгийн бичил санхүүгийн байгууллагуудад бөөний зээл олгож, кредит карт гаргаж байсан. Алдаж, оносон олон зүйл бий. Эцсийн дүнд одоо дижитал банкны төсөл дээр ирээд байна.

Одоогоор харилцагчийн тоо хэдэд хүрээд байна?

Одоогоор 30 гаруй мянган харилцагчтай болоод байна. Энэ ондоо багтаад 21 аймагт санхүүгийн үйлчилгээ үзүүлж эхлэх бол Монгол улсын бүх суманд нэвтрүүлэхээр зорьж байна. Тиймээс бид ирэх хоёр жилд харилцагчийн тоо нэг сая гаруйд хүрэх болов уу хэмээн таамаглаж байгаа.

ББСБ болон харилцагчдын тоо сүүлийн жилүүдэд хоёр дахин нэмэгдэж, нийт хөрөнгийн хэмжээ нэг их наяд төгрөг даваад байна. Энэ хүрээнд зах зээлийн өрсөлдөөн ширүүсэж байна уу. Танай компанийн хувьд гол өрсөлдөгч нь арилжааны банк уу эвсэл ББСБ-ууд юм уу?

Бид үл хөдлөх, хөдлөх хөрөнгө барьцаалан зээл олгодог уламжлалт банк бус санхүүгийн байгууллагуудыг өрсөлдөгчөө гэж хардаггүй. Тэд салбар нэгжтэй, барьцаа авдаг, хүү өндөр зэрэг уламжлалт аргаар бизнесээ явуулдаг. Бидний бизнес загвар тэдгээрээс өөр онцлогтой. Одоогоор “Ард Кредит” 2.3 хувийн хүүтэйгээр олгож байна. Цаашид бид зээлийн хүүгээ банкны төвшинд хүргэж, буулгахаар зорьж байгаа.

Ингэж бид банкны хэмжээнд очиж өрсөлдөнө. Технологийн шинэчлэл, финтек үйлчилгээ гээд л сурталчлаад байдаг хэрнэ цаана нь маш өндөр хувийн хүүтэй зээл олгох нь бидний зорилгод нийцэхгүй. Илүү зардал, олон шат дамжлагыг хөнгөвчлөн салбаргүй үйлчилгээ эрхэлдэг хэрнэ өндөр шимтгэл авах нь зохисгүй. Харин ч буурах ёстой. Одоохондоо бидний аппликейшнээр олгож буй бичил зээлийн хүү бага биш, өндөр байгаа. Тэрийг ний нуугүй хэлнэ. Гэхдээ бид цаашид улам сайжирч эрсдэлээ бууруулан, зээлийн хүүгээ богино хугацаанд багасгах болно.

Эх сурвалж: newspress.mn


“АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ”-ИЙН ДИЖИТАЛ ТЕХНОЛОГИ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ Г.ТЭНҮҮН:

Финтек гэж юу вэ, хамгийн товчхон тодорхойлвол?

Энэ бол санхүүгийн үйлчилгээнүүдийг технологиор шийдэж байгаа хэлбэр. Финтек компаниуд нь эдгээр санхүүгийн үйлчилгээнүүдийг сайжруулж, хэрэглэгчдэд хялбар, дөхөм болгох зорилготой ажиллаж байгаа.

Лэнд.мн апп-аа гаргасан. Aрд Апп хэрэглэгчдэд ямар давуу тал олгох вэ?

Онлайнаар зээл олгох нь манай Aрд Апп буюу Ard Digital Banking-ийн функцуудын жижигхэн хэсэг нь. Ерөөсөө харилцагчдын санхүүгийн бүх хэрэгцээг нэг дороос амар хялбар өгөх зорилготой.

Жишээ нь харилцах болон хадгаламжийн данстай.

-       Эдгээр дансыг манай аль нэг салбар дээр ирэхгүйгээр өөрөө нээчих боломжтой. Мөн иргэний үнэмлэхнийхээ зураг, иргэний үнэмлэхээ барьсан селфи зургаа явуулахад л хиймэл оюун ухааны тусламжтайгаар шинэ харилцагч өөрийгөө бүртгэчихнэ.

-       Нээсэн дансаа ашиглаад банк хооронд шилжүүлэг хийнэ. Бас гар утсаараа үнэт цаасны арилжаанд оролцох боломжийг олгосон.

-       Интернэт худалдаа хөгжиж буй энэ үед онлайнаар худалдаа хийх боломжийг апп дээр оруулж өгсөн байгаа. Мөн тун удахгүй зээлээр онлайн худалдан авалт хийх боломжийг нэвтрүүлэх болно.

-       Ард Аппын хэрэглэгч болж, үйлчилгээ авах бүрт Ардын лоялти оноо өгөхөөс гадна өөрийн найз нөхдийг урин оролцуулбал мөн урамшуулал олгодог.

-       Даатгал хийлгэх, кино билет авах гэх мэтийн шинэ бүтээгдэхүүнүүд тун удахгүй нэмэгдэх болно.

Финтек компаниуд хүчээ авч уламжлалт банкуудыг ч сандаргах төлөвтэй болчихлоо. Энэ чигээрээ үргэлжилбэл финтек компаниуд зээлийн хүүг бууруулах боломжтой юу?

Өмнө нь банк санхүүгийн салбарт хэр олон салбар нэгжүүдтэй нь амжилтад хүрч байлаа. Харин өнөөдөр иргэд нь санхүүгийн үйлчилгээг гар утсаараа авах боломжтой байхад банкууд заавал өндөр зардалтай салбар нээх шаардлагагүй болчихлоо.

Нөгөө талаас тэр олон салбарууд нээх нь их хэмжээний зардал учраас зээлийн хүү өндөр гарахад нөлөөлж байна. Финтек өөрөө ийм зардал гаргахгүйгээр үйлчилгээ үзүүлж байгаа учраас ирээдүйд эрчимтэй хөгжиж зээлийн хүүг багасгах бүрэн боломжтой.

Одоогоор бид ББСБ-ынхаа дунд хамгийн бага хүүтэй зээлийг олгож байна. Цаашдаа ч банкаас доогуур хүүтэй зээл олгохоор зорин ажиллаж байна. Мэдээж цаг хугацаа шаардах ажил л даа.

Aрд Апп-аар хэд хүртэлх төгрөгийн зээл авч болох вэ?

100 мянгаас 2 сая төгрөг хүртэлх барьцаагүй зээлийг 5 минутад багтаж авах боломжтой. Эхний удаад хуулийн дагуу зайлшгүй өөрийн биеэр ирж гэрээ байгуулах шаардлага бий. “Монгол Шуудан”-гийн өөрт ойрхон салбартаа очоод гарын үсгээ зурчихаж болно.

Ард Апп-ийг гадны зах зээл рүү гаргах төлөвлөгөө бий юу?

Үнэндээ Монголд банк, санхүүгийн байгууллага хангалттай олон байгаа. Яваандаа чанаржиж цөөрөх байх.

Бид Монголд дижитал банкны үйлчилгээний системийг нэвтрүүллээ. Ирээдүйд гадны зах зээл рүү гарах төлөвлөгөө бий. Үүний дагуу ажил хийгдээд эхэлчихсэн. Яагаад Монголчуудын хийсэн систем олон улсын зах зээл дээр гарч болохгүй гэж. Манай технологийн залуучуудын хийсэн бүтээгдэхүүн гадныхны хийснээс дутаад байх зүйлгүй. Бидэнд гадны зах зээлд өрсөлдөх боломж бий гэдэгт итгэлтэй байна.

Удахгүй “Ард Кредит” IPO хийх гэж байна. Хамгийн гол онцолмоор байгаа зүйл бол энэ мөнгө үндэсний хөрөнгө оруулагчдынх учраас Монголдоо үлдэх нь ээ?

Энэ бол нэгдүгээрт иргэд банк санхүүгийн байгууллагынхаа эзэн болох боломж юм.  Таны хэлсэнтэй ч санал нэг байна. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа ихэнх банкууд гадаад эзэнтэй, дагаад ашиг нь гадаад руу гардаг нь нууц биш. Харин тэрхүү ашиг Монголдоо үлдэж, ашгаас нь иргэн та өөрөө хүртэх боломжийг бид энэ удаагийн IPO-өөр олгож байгаа юм. Aрд Апп-аар дамжуулаад энэ IPO-д оролцох боломжтой. Ингэж гар утсаараа арилжаа хийх нь хоёрдогч зах зээлийн арилжааг идэвхжүүлэх давуу талтай.

Эх сурвалж: peak.mn

Арилжигдсан компани Арилжсан ширхэг Арилжааны дүн Нийт хэлцэл
14 60 926 11 361 513 65

Өсөлттэй хувьцаа

Cимбол Хаалт Өөрчлөлт %
ADU N/A 25 3,22%
BTL N/A 9,75 15,00%
SUU N/A 2 0,94%
TTL N/A 25 0,34%
MBW N/A 2,72 1,10%

Бууралттай хувьцаа

Cимбол Хаалт Өөрчлөлт %
APU N/A -2,81 0,35%
GHC N/A -1870 -13,02%
GOV N/A -2,58 0,13%
JIV N/A -169 -9,95%
ITL N/A -0,46 -0,50%

Ширхэгээр

Cимбол Ширхэг
LEN 18 502
TUM 12 658
ITL 9 442
GOV 9 223
ADB 8 904

Үнийн дүнгээр

Cимбол Мөнгөн дүн
GOV 2 876 320
TUM 2 203 960
MND 2 040 970
LEN 1 281 773
ITL 868 664