Дэлгэрэнгүй

0 сэтгэгдэл

Сайн байна уу. Юуны өмнө бидний урилгыг хүлээн авч ярилцлага өгч байгаад баярлалаа.

Танай сайтын уншигчдад энэ өдрийн мэнд. Ер нь цаг гарвал танай сайтаар орж мэдээллүүдийг уншдаг шүү. Урьсанд баярлалаа.

2017 оноос хойш хөрөнгийн зах зээл дээр олон IPO гарлаа. Эргээд дүгнээд харахад засаж залруулах, анхаарай зүйлүүд юу байна. 

Тиймээ. 2017 оноос хойш Монголын хөрөнгийн зах зээл дээр олон шинэ IPO гарсан. Эдгээр IPO-нууд дээр дүгнэлт хийгээд дараагийн шинэ бүтээгдэхүүнүүдэд суралцах зүйлүүд их байгаа. 

Тухайлбал, сүүлийн үед манай дээр ирж буй компаниудын бизнес үнэлгээ болон олон нийтээс  босгох гэж байгаа хөрөнгийн дүнг харахад өөдрөг төсөөлсөн, хэт өндөр байна уу даа гэсэн дүр зураг харагдаж байна. Түрүүлэн IPO давалгааны эхлэл болсон компаниудын хувьд бодит чиг хандлагатай, хараат бус үнэлгээ, аудит, хуулийн дүгнэлтүүд,  чамбай бэлтгэгдсэн  үнэт цаасны танилцуулгатай байсан бол сүүлд орж ирж буй төслүүдийг харахад олон улсын туршигдаагүй  стандартаар тооцоолох, нөгөө талдаа хэт өөдрөг төслөөлөлтэй өндөр ашиг бага зардлаар тооцсон үнэлгээ, тооцооллыг бий болгоод байна уу даа гэсэн бодол төрж байгаа учраас цаашид энэ тал дээр анхаарах шаардлагатай байна.

Мөн бид хиймэл оюун ухаан, финтекийн салбарын үнэлгээг хийхэд бид өөрсдөө суралцах, турших шаардлага байгаа ба нөгөө талаас урт хугацааны хөрөнгө оруулагчид бий болоход анхаарал тавих цаг нь болжээ гэдэг нь харагдлаа.

Гэхдээ нэг зүйлд бид итгэлтэй байна. Манай хөрөнгийн зах зээл шингээх, хүлээж авах багтаамж байгаа юм байна.

Монголын Хөрөнгийн Бирж бүртгэлтэй компаниудаа цэгцэлж байгаа. Сүүлд 21 хувьцаат компанийг бүртгэлээсээ хассан. Үүний үр дүнг та хэрхэн харж байна вэ?

Хөрөнгийн Биржийн бүртгэл, Санхүүгийн зохицуулах хорооны бүртгэл хоёр зөрүүтэй байдаг. Хороо олон нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэлийг хурлаар шийдвэрлэн бүртгэдэг. Хөрөнгийн биржийн бүртгэл гэдэг нь тухайн биржээр арилжаанд оруулахыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэл юм.

Бирж нь компаниудад тавих өөрийн нөхцөл шаардлагыг багтаасан журмаа боловсруулаад, Хороогоор батламжлуулдаг. Ингэснээр энэ журмын шаардлагыг хангаагүй одоо байгаа компаниудаа бүртгэлээсээ хасах боломж нь бүрдэж байгаа. Энэ бол биржийн өөрийнх нь асуудал бөгөөд үүнээс гарах үр дагавар нь биржид хамаагүй, өөрөөр хэлбэл ирээдүйд үүсэх эрсдлийг нь бодох шаардлагагүй. Яагаад гэвэл бирж бол ашгийн төлөөх компани.

Харин Хороонд хуулиар хүлээсэн үүрэг байгаа. Өөрөөр хэлбэл нээлттэй хувьцаанд хөрөнгө оруулсан хөрөнгө оруулагчид, ялангуяа жижиг хөрөнгө оруулагчид, хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгийн түрүүнд анхаарч үзэх ёстой. Тийм учраас тухайн компани нэн тэргүүнд жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалахтай холбоотой үүргээ биелүүлсний дараа хүсэлтээ гаргавал Хороо хянаж үзээд бүртгэлээс хасах үйл ажиллагааг хэрэгжүүлдэг.

Хөрөнгийн биржийн бүртгэлээс хасагдсан боловч Хорооны бүртгэлээс хасагдаагүй компаниуд эргээд биржид бүртгэлтэй болох боломж бий юу?

Боломжтой. Биржийн бүртгэлээс хасагдаж байгаа компаниудыг харахад тайлан мэдээллээ ирүүлдэггүй, хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийдэггүй, хувьцааны төвлөрөл нь хэт өндөр гэх мэт шалтгаантай байгаа. 

Хувьцаат компаниудын мэдээллийн ил тод байдал ямар хэмжээнд байгаа гэж бодож байна. Үүнийг сайжруулах чиглэлээр Хороон дээр ямар ажлууд хийгдэж байгаа вэ?

Компаниудын мэдээллийн ил тод байдал хангалттай хэмжээнд байхгүй байна. Гэхдээ нааштай үр дүн төлөв харагдаж байгааг хэлэх хэрэгтэй. Тухайлбал, сүүлийн үед гарсан IPO-нуудын хоёрдогч зах зээлийн арилжааны идэвхжил болон иргэд олон нийтийн хөрөнгийн зах зээл дээрх оролцоо нэмэгдэхийн хэрээр энэ нь чимээгүй, хөдөлгөөнгүй байсан бусад хувьцаат компаниудад нөлөөлөх байдал ажиглагдаж байна. 

Өөрөөр хэлбэл бид нээлттэй ил тод байгаад засаглалаа сайжруулаад ирвэл хөрөнгө оруулагчид бидэнд итгэж, хөрөнгө оруулалт татах боломж байна гэдгийг ойлгож байх шиг байна.

Өнөөдөр мэдээллийн технологи бүхий л салбарт хурдацтай нэвтэрч байгаа. Хөрөнгийн зах зээлд технологийг нэвтрүүлэх шаардлага байна уу?

Зайлшгүй шаардлагатай. Энэ утгаараа сүүлд үнэт цаасны дансыг цахимаар нээх ажлыг ҮЦТХТ-өөс эхлүүллээ. Гэтэл энэ зах зээл дээр бизнес хийж байгаа Үнэт цаасны компаниуд back-office-ийн программ байхгүй байна, ийм учраас энэ ажлыг хойшлуулж өгнө үү гэсэн үйлдэл гаргаж байгаа нь маш буруу. Яагаад гэвэл бид хүссэн хүсээгүй дараагийн шатандаа гарах гээд ажиллаж байхад бид нар бэлэн биш тул хүлээж байна уу гэх нь зохимжгүй юм. 

Өнөөдөр хөрөнгийн зах зээл дээрх оролцогчид зохицуулах байгууллага болох Хорооноос бусад нь бизнесийн, ашгийн төлөө ажилладаг байгууллагууд байгаа. Тэд ашгаа өндөр хэмжээнд байлгахын тулд компани маш хурдтай байх ёстой. 

МХБиржээс Т+2 төлбөр тооцооны системд нэвтрэхээр холбогдох журмын төслийг хүргүүлсэн байгаа. Энэ асуудал хэзээ шийдэгдэх вэ?

Бид 2018 оноос DVP, T+2 зарчимд шилжиж, эдгээр олон улсын стандарт нөхцлүүдийг зайлшгүй ашиглах шаардлагатай гэдэгт бодлого боловсруулагчид болох Сангийн яам, Санхүүгийн Зохицуулах Хороо, Монголбанк нар санал нэгтэй байгаа. 

Тэр утгаараа Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкны хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх төслийн хүрээнд 2018 оны 10 сараас гадны Зөвлөх ажиллаж байна. Зөвлөх одоогийн нөхцөл байдлыг судлаад холбогдох хууль эрх зүйн орчинтой холбоотой тайлан, дүгнэлтээ 4 дүгээр сарын эхээр ирж танилцуулах гэж байна. Ингэснээр уг ажил эцсийн байдлаар шийдэгдэх юм.

ХЗЗ-ийн мэргэжлийн оролцогчид шийдвэр гаргагчидтай харилцах харилцаа дутмаг санагддаг. Үүнийг хэрхэн сайжруулах вэ?

Хороонд салбарын бодлого боловсруулж, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, хэрэгжүүлэх чиглэлээр хүмүүс суун ажиллаж байгаа. Түүнээс биш энд байгаа хүмүүс бизнес хийгээгүй, өөрөөр хэлбэл зах зээлд үүсээд байгаа бодит байдлыг шууд мэдрэх боломжгүй байгаа. Тиймээс хууль журам, зааврыг шууд зохиогоод хийж болохгүй. Харин эсрэгээрээ бизнесээ хийж байгаа, бодит байдалд хууль, журмыг мөрдөн ажиллаж хүмүүс нь учирч байгаа асуудлыг судалгаатай, үндэслэлтэй, дүгнэлттэйгээр гаргаж тавьсан тохиолдолд түүнийг нь судалж үзээд холбогдох өөрчлөлтүүдийг хийж байх ёстой.

Гэтэл оролцогчид маань ямар нэг зүйлийг зөв хийж чадахгүй болохоороо л хууль эрх зүйн орчин болохгүй байнаа гэдэг жижүүрийн үгтэй байсаар л байна. 

УИХ-аас 2020 он хүртэл хууль эрх зүйн шинэчлэлийг хийхээр болсон. Үүнд ХЗЗ-ийн салбарын хуулиуд багтсан байгаа. Гол ямар өөрчлөлтүүд орох вэ?

Тиймээ. Компанийн тухай хууль, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулиуд шинэчлэн найруулагдана гээд орсон байгаа. Яг тэр утгаараа манай газрынхан 2017 онд Хөрөнгө оруулалтын сан, хөрөнгө оруулалтын менежментийн компани, үнэт цаасны компаниудын төлөөллийг цуглуулаад эдгээр хуулиудтай холбоотой ямар асуудал байгаа вэ?, хууль эрх зүйн орчинд бизнес хийхэд тань тулгарч байгаа тулгамдсан асуудлууд юу байна гээд уулзсан. Гэхдээ зарчмын томоохон өөрчлөлт авч ирэх дорвитой саналууд тэндээс гараагүй. 

Энэ юуг хэлээд байгаа вэ гэхээр, жишээ нь хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийг одооогоор манайхан бүрэн ашиглаагүй, хэрэглээгүй гэсэн үг. Тийм учраас эхлээд бид хуулиа бүрэн гүйцэт хэмжээнд ашиглаад үр дүнг нь хараад, болохгүй байгаа зүйлүүдийг мэдэж авах хэмжээнд тэр бизнесийг хийчихээд дараа өөрчлөлт, шинэчлэлтийн тухай ярих хэрэгтэй байгаа юм. Түүнээс биш огт ашиглаагүй байж энэ хууль болохгүй байна гэдэг нь өөрөө асуудал.

Харин сүүлийн үед зах зээл дээр богино хугацааны хөрөнгө оруулагчид хэт их болсноос хувьцааны үнэ ханш ихээр савлуулах нөхцөл байдал бий болж байна. Энэ бодитой асуудал дээр үндэслээд өмнө хэлсэнчлэн бид урт хугацааны хөрөнгө оруулагчдыг бий болгох нөхцлийг аажмаар бүрдүүлэх хэрэгтэй байгаа. 

УИХ-аас татварын багц баталчихлаа. ХЗЗ-ийн хөгжилд татварын дэмжлэг хэрэгтэй юу?

Энэ салбарт татварын дэмжлэг байх хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Олон улсын түвшинд харвал манай улсын татварын хувь хэмжээ тийм ч их биш гэж үздэг. Гэхдээ энэ удаагийн өөрчлөлтөнд хөрөнгийн зах зээлд таатай нөхцөл бүрдүүлсэн нэлээдгүй заалтууд орсон байгаа. 

Гэхдээ бид нэг зүйл дээр сайн ажиллах ёстой. Бүгдээрээ нэгэн зүгт харж нэг зорилготой болоод суурь үндсэн аягаа томруулах тухай бодох ёстой юм. 
Аягаа томруулчих юм бол тал талаас нь халбагадахад асуудалгүй шүү дээ. Тэр үед одоо байгаа татварыг хэмжээнд нь асуудалгүй төлөөд явчих боломжтой болно. 

Гол зорилгоо ухамсарлаагүй байж улсаас тэтгүүлэх, татварын дэмжлэг авах зэрэг ийм бэлэнчлэх сэтгэлгээнээсээ салах хэрэгтэй болов уу. Бид нар хөрөнгийн зах зээлээ Монгол стилээр биш, сонгодог утгаар нь хөгжүүлээд өөрсдөө эрсдлээ үүрээд, өгөөжөө хүртээд явах ёстой шүү дээ. 

Биржийн бус зах зээл гэсэн ойлголт байдаг. Өөрөөр хэлбэл хөрөнгийн биржийн шаардлагыг хангахгүй компаниудын хөрөнгө босгох боломж гэж харж байна. Энэ талаар

Хөрөнгийн зах зээл дээрээс санхүүжилт татдаг боломж нь зөвхөн IPO биш л дээ. Үүнээс өөр зөндөө боломжууд байгаа. Бондын зах зээл, биржийн бус зах зээл хөгжих ёстой.

Шинээр бий болж байгаа start up компаниуд, биржийн нөхцөл шаардлагыг хангахгүй байгаа жижиг компаниудын биржийн бус зах зээлээр явах боломжтой. 

Энэ нөхцлийг бүрдүүлэхээр бид JICA-ийн хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх 2-р шатны төслөөр бондын зах зээлийг хөгжүүлэх хүрээнд биржийн бус зах зээлийг бий болгох, зээлжих зэрэглэлийг тогтоох байгууллагыг хөгжүүлэх талаар оруулаад ажиллаад явж байна.

Хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалах хамгийн зөв гарч, шийдлийг юу гэж харж байна

Хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн хэрэглэгчдийг хамгаалах нь Монгол Улсын санхүүгийн зах зээлийг тогтвортой байлгах том зорилгын дор ярьж байгаа боловч хувьцаа эзэмшигчид гэдэг чинь өөрсдөө дандаа хувь хүмүүс. Тэдгээрийн гаргасан шийдвэр нь дандаа л  өөрсдийнх нь байдаг.

Тийм учраас эрх ашгийг хамгаалах гэхээсээ илүү тэдгээр хүмүүст санхүүгийн боловсролыг нь олгох ёстой. Үүнд манай байгууллагаас гадна хөрөнгийн зах зээл дээр ажиллаж байгаа бүх байгууллагууд хамтран ажиллах хэрэгтэй.

Ингэснээр хувьцаа эзэмшигчид байнга хэн нэгэн ирж эрх ашгийг нь хамгаалахыг хүлээдэг биш өөрсдөө мэдлэг боловсролтой болсноороо эрх ашгаа хамгаалдаг, дуугардаг болгох нь туйлын чухал. 

Үүний тулд энэ зах зээлийн талаар хэн нэгнээс хараат бусаар, хөндлөнгийн байр сууринаас мэдээллийг үнэн зөвөөр хөрөнгө оруулагчид, хувьцаа эзэмшигчид, олон нийтэд хүргэдэг танайх шиг байгууллагууд олон болоосой гэж бодож байна. Та бүхний ажилд амжилт хүсье.

Баярлалаа, таны ажил амжилт хүсье.