Дэлгэрэнгүй

0 сэтгэгдэл

Компани IPO гаргаад 1 жил гаруй өнгөрч байна. Энэ хугацаанд компанид ямар эерэг өөрчлөлт гарсан бэ?

Хүнд үйлдвэрийн салбарт харъяалагддаг хувийн компапиас олон нийтийн компанийн хэлбэрт шилжсэн туршлага манай хөрөнгийн зах зээл дээр төдийлөн олон байдаггүй байх.

Бидний хувьд олон нийтийн компани болох нь хөгжлийн нэг том алхам гэж харж энэхүү шийдвэрийг гаргасан. Монголын Хөрөнгийн Бирж дээр нээлттэй хувьцаат компани болох үйл ажиллагаа өөрөө удаан, маш өндөр шалгууртай, олон даваа давсан үйл ажиллагаа болсон. Энэхүү үйл явц компанийг бүртгэл, журам, менежмент, бодлого стратеги талаас нь улам бүр цэгцрүүлж өгдөг санагдсан.

Мөн компанийн дотоод менежмент зохион байгуулалтыг дахин сайжруулах, олон улсын менежментийн шилдэг шийдэл зарчмуудаас цаашид хэрэгжүүлэх боломжтой юм байна гэсэн итгэл төрүүлсэн шүү.

Хувьцаат компанийн хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчид нь компанийнхаа бүтээгдэхүүн, үйлчилгээний хэрэглэгч болдог, борлуулалтыг дэмждэг туршлага байдаг. Энэ танай дээр одоогоор ажиглагдаж байна уу

Тэгж байгаа шүү. Хувьцааны Road show-ны үеэрх олон нийтийн арга хэмжээнүүд маш том маркетингийн дэмжлэг болсон гэж харсан. Үүгээрээ манай зах зээл, бүтээгдэхүүнийг мэддэггүй, ойлгодоггүй хүмүүсийг нүдийг нээж бид илүү олон шинэ хэрэглэгч татаж чадсан. Үндэсний цорийн ганц чулуун хөвөн үйлдвэрлэгчээ ойлгож дэмжих хүсэл зах зээлд бий болгосон.

Чулуун хөвөнгийн бусад төрлийн бүтээгдэхүүнээс ямар онцлог давуу тал байдаг юм бэ?

Манай бүтээгдэхүүний хувьд байгаль орчинд ээлтэй, галд шатддаггүй, амьсгалдаг бүтэцтэй, уур ус тусгаарладаг гээд олон давуу чанар бий. Мөн хүний амьдрах орчны дотоод болон гадаад агаарын чанарт хамгийн эерэгээр нөлөөлдөг удаан эдэлгээтэй тусгаарлагч материал гэж үздэг.

Учир нь чулуун хөвөн бүтээгдэхүүнийг үйлдвэр технологийн салбар олон жилийн турш сайн хөгжсөн улс орнууд л үйлдвэрлэж чаддаг юм. Тиймээс энэхүү технологийг нутагшуулан нэвтрүүлсэн нь Монгол Улсын хүнд үйлдвэрлэлийн салбарын хөгжлийг нэг шат ахиулсан чамлашгүй амжилт гэж манай хамт олон үздэг.

Дотоодын хэрэглэгчид чулуун хөвөнгийн энэ давуу талыг мэдэрч ойлгох нь хэр байна. Цаашдын төлөвийг та хэрхэн харж байгаа вэ?

Өмнө нь дотоодын хэрэглэгч нар дулаалгын материалын давуу чанар гэхээсээ илүү үнийн харьцуулалтууд хийх нь элбэг байдаг байсан. Харин сүүлийн жилүүдэд үнийн зөрүү буурхаас гадна хэрэглэгч нар өөрсдийн эд хөрөнгөндөө хамгийн чанартайг нь сонгохыг илүүд үздэг болсон байна.

Барилгын компаниуд ихэнх тохиолдолд зураг төсөлд анх заасан бараагаа сонгочихдог бол жижиглэнгийн харилцагч нарын хувьд өөрийн хэрэгцээнд ашиглах зориулалтаар авдаг тул дулаан алдахгүй, галын эрсдэлгүй, тав тухтай орчинг хүсч, барилгын ашиглалтын зардлыг олон жилийн турш бууруулах боломжтой бүтээгдэхүүн сонгодог болсон байна. Хэрэглэгч нар маань мэдлэгжиж, сонголтондоо илүү хашир, зөв ханддаг болсон нь бидний борлуулалтыг өсгөхөд сайн нөлөөтэй.

v1dT7h.jpg

Сүүлийн үед манайд томоохон дэд бүтэц, барилгын олон улсын хэмжээний төслүүд хэрэгжиж байна. Энэ хэрээр танайд боломж нээгдэж байгаа гэж үзэж болох уу?

Тиймээ. Ер нь аль ч улсын зах зээл, эдийн засгийн хөгжилтэй уялдан манай бүтээгдэхүүний эрэлт нэмэгддэг. Жишээ нь, евро стандартаар зурагдсан зураг төсөлтэй барилгын төсөлд зайлшгүй, галд шатдаггүй, А1 зэрэглэлийн чулуун хөвөн дулаалгын материалууд хэрэглэхийг заасан байдаг. Энэ нь олон улсын барилга дэд бүтцийн компаниудтай хамтран ажиллах, түүнчлэн тогтвортой ханган нийлүүлэгч болох боломжийг бидэнд бүрдүүлж байгаа юм.

Монголд олон улсын томоохон төслүүд хэрэгжих тоолонд манай бүтээгдэхүүний эрэлт илүү хурдацтай нэмэгдэнэ гэсэн үг. Энэ нь нэг талаараа барилга, дэд бүтцийн салбарын чанар стандартын хөгжилд оруулж байгаа бидний хувь нэмэр гэж үзэж болох юм.

Бүтээгдэхүүнээ гадаадын зах зээлд гарах уу?

Гадны зах зээлүүдээс манайд маш их хандалт ирдэг. Энэ төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нар ундаа, чихэр зэрэг хүнсний үйлдвэрүүд шиг олон байдаггүйтэй холбоотой байх.

Ойрын хугацаанд бид масс хэрэглээнд нийлүүлэх хэмжээнд бүтээгдэхүүнээ нөөцлөөд дариу БНХАУ-н зах зээл рүү гарна гэж тооцоолж байна. Энэ чиглэлээр гадаад харилцагч нартайгаа уулзаад явж байгаа. Энэ бол нэг удаагийн борлуулалт биш, урт хугацаанд, тогтвортой ханган нийлүүлэгч болоход чиглэсэн гэж хэлж болно.

“Монгол Базальт”ХК-ийн ирэх 3 жилийн төлөвлөгөө юу вэ?

Чулуун хөвөн бүтээгдэхүүний зах зээл жил ирэх бүр улам бүр нэмэгдэж байгаа бөгөөд дотоодын зах зээл жилдээ л хамгийн багадаа 40-50%-иар нэмэгдэж байна. Энэ нь бүтээгдэхүүний эрэлт гадна, дотны зах эээлүүдэд тогтвортой өсч байгааг харуулж байгаа юм.

Мөн барилга, дэд бүтцийн томоохон төслүүдэд хөрөнгө оруулалтын урсгал сайжирсантай холбогдуулан бүтээн байгуулалтын ажлууд ирэх жилүүдэд эрчимтэй өсөх хандлага байна. Иймээс бид өсөн нэмэгдэж буй чулуун хөвөнгийн зах зээлийг юуны түрүүнд чанар стандарттай бүтээгдэхүүнээр тогтвортой ханган нийлүүлэх зорилттой байгаа.

Бас онцолж хэлэхэд ирэх 3 жилд багтаад олон улсын стандартыг шингээсэн менежменттэй компани болох зорилтыг тавьсан байгаа. Үүний тулд гадны зөвлөх үйлчилгээний компаниудтай хамтран шат дараалсан процессийн сайжруулалт хийж байна. Энэ бол боловсон хүчнээ чадваржуулах, гадны зах зээл дээр өрсөлдөх чадвартай компани болох суурь хундаам юм.

Хөрөнгө оруулагчид ил тод байдал, ашигтай ажиллаж, өндөр ногдол ашиг өгөхийг хүсэж байгаа байх. Нээлттэй компани байх нь компанийн хувьд том хариуцлага шүү дээ

Тиймээ. Мэдээж хууль, журмын дагуу баталсан засаглал, ил тод байдлыг хангах журмуудаа мөрдөж ажиллах нь наад захын компанийн үүрэг, хариуцлага.

“Монгол Базальт” компани хөрөнгийн зах зээлийн шинэхэн компани шүү дээ. Тиймээс өөрсдийгөө хөрөнгө оруулагч нарынхаа өнцөгөөс харж сурах, тайлан мэдээллийг ойлгомжтой болгох, шийдвэр гаргах процесст нэмэрлэх мэдээллүүдийг тогтмол хүргэж байхыг зорьж байгаа.

Үүн дээр нэмж хэлэхэд бид мэргэжлийн байгууллагуудтай хамтран засаглалаа сайжруулах, улам бүр хөгжүүлэх тал дээр дэмжлэг туслалцаа аван ажиллаж байгааг хэлмээр байна. Бид олон улсын санхүү, хууль, менежментийн зөвлөх үйлчилгээний компаниудтай хамтран хөгжлийн стратегиудаа шинээр боловсруулж байна.

Энэ бүхний үр дүнд үйлдвэр технологидоо инновацийн шинэчлэлүүд хийсэн үр ашигтай, өндөр бүтээмж бүхий үйл ажиллагаатай экспортлогч компани болсон байна даа.

За. Манай сэтгүүлийн зочиноор оролцож, сонирхолтой ярилцлага өгсөн танд баярлалаа.

Та бүхий ажилд амжилт хүсэе.

Баярлалаа