Дэлгэрэнгүй

0 сэтгэгдэл

Өөрийнхөө талаар товч танилцуулбал
За өөрийнхөө тухай танилцуулах чинь харин хүндхэн асуулт байна даа. Би нийгмийн ухааны мэргэжилтэй, сүүлийн нэлээн хэдэн жил олон улсын байгууллагуудад ажиллаж байна. Иймэрхүү ажил бас их сонирхолтой. Учир нь дандаа шинийг эрэлхийлж байдаг юм. Тиймдээ ч тэрүү орлогоосоо жаахан юм илүүчлээд ажлынхаа зав чөлөөгөөр хөрөнгийн зах зээлд оролцож байна. 

Та өмнө нь бизнесийн салбарт ойр байсан уу? 
Заа бизнесмен болно гэдэг чинь сурдаг мэргэжил биш, төрдөг чанар гэх юм билээ. Надад тэр чанар нь заяагаагүй юм шиг байна лээ. Харин бизнесийн мэдлэг, хэм хэмжээг бол хүн бүр мэддэг байх ёстой гэж боддог. Сүүлийн үед хувь хүний санхүүгийн боловсрол гээд их ярих боллоо ш дээ, тэр чинь ус, агаар мэт хэрэгтэй зүйл. Хүн бүр бичиг үсэгтэй болох нийгмийн шаардлага байдагтай адил бүгд санхүү, хөрөнгө оруулалтын боловсролтой болох хэрэгтэй тийм цаг үед амьдарч байна. 

Хувьцааны арилжаа, хөрөнгийн зах зээлд ороод та хэр хугацаа өнгөрч байна. 

Би хөрөнгийн зах зээлийг сонирхоод 6 гаран жил, арилжаанд идэвхтэй ороод 4 жил орчим болж байгаа юм байна. 

Ер нь яагаад хувьцааны арилжаанд орох болсон бэ? Танд юу нөлөөлөв
Би сургуулиа төгсөөд л төрийн албанд ажиллаж эхэлсэн юм. Төсвийн цалингаар амьдрах гэж нэн өндөр хэмнэлтийн горим бариад нэлээн үзсэн ч хүрэлцэхгүй л байлаа.  

Тэгээд ажлынхаа хажуугаар компани байгуулаад, нэмэлт орлого олох гэж үзлээ. Эндээс нэг дүгнэлт хийсэн “Би бол бизнесийн чиглэлийн хүн биш юм байна. Тэгээд ч жижигхэн бизнесийг хөгжүүлээд үр шимийг нь хүртэхэд нэлээдгүй хугацаа орох юм байна” гэж. Ингээд энэ тэрийг уншиж байтал, өөрөө бизнес босгож чадахгүй бол, бусдын бизнесээс хувь эзэмшиж болдог гэдгийг ойлгосон.  

Иймэрхүү байдлаар будилаад, бас тэгээд зүгээр байхгүй эрэл хайгуул хийсээр байгаад хөрөнгийн зах зээл рүү аяндаа ороод ирсэн дээ. 

Бас нэг хувийн шалтгаан байсан. Өмнө нь хэлж байсандаа олон улсын байгууллагад ажиллаж байгаа гээд. Энд бас нэг сул тал ч гэх юм уу, давуу тал ч гэх юм уу нэг юм байдаг юм. НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудад ажиллахад дотоодын нийгмийн даатгалын системд хамрагдах нь таны өөрийн сайн дурын сонголт байдаг. Өөрөөр хэлбэл заавал нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүргээс олон улсын гэрээ, конвенцийн дагуу чөлөөлөгддөг гэсэн үг. Ихэнх хүмүүс нийгмийн сайн дурын даатгалд хамрагдаад яваад байдаг. Харин би нэг мэдсэн 10 гаруй жил даатгалын хураамж төлөөгүй явсан юм билээ. Тиймээс ирээдүйдээ, өөрөөр хэлбэл хөдөлмөр эрхэлж, орлого олж чадахгүй болсон үедээ яаж амьдрах бэ гэдгээ бодох хэрэгтэй болсон. Надад нэг хатуу итгэл, үнэмшил байдаг юм. Тэр маань үр хүүхдээ зовоохгүй юм шүү гэсэн бодол. За тэгээд, чадаж байгаа үедээ хөрөнгийн зах зээлээс өөрийнхөө чадах хэмжээнд хувьцаа худалдан авч, тодорхой компаний “нэг эзэн” нь болохоор шийдсэн нь хувьцааны арилжаанд оролцох хувийн нэг томоохон түлхэц болсон. 

Анх ороход ямар байсан вэ?
Бусдын л адил эхэндээ мэдэхгүй зүйл их л байсан даа. Суралцаад л явж байна. “Явсан нохой яс зууна” гэдэг шиг ямар нэгэн байдлаар туршлага хуримтлуулж л байна даа.

Та хувьцаа авахдаа юун дээр анхаардаг вэ? Туршлага ч юмуу, арга барилаасаа хуваалцвал 
Миний хувьд тодорхой, ирээдүйд өсөлттэй байх боломжтой гэж үзсэн хувьцаат компанийн хувьцаа аваад тодорхой хугацаанд хүлээх. Энэ тохиолдолд өдөр тутамдаа сэтгэл амар байж, ханшийн хэлбэлзлээс  айхгүй тайван байж болдог. 

Нэг жишээ хэлэхэд “Монгол шуудан”ХК IPO хийхдээ 185 төгрөгөөр хувьцаагаа санал болгосон. Өнөөдөр 600 гаран төгрөгийн ханштай байна. Бараг 3.3 дахин өссөн байгаа биз. 3 жилийн хугацаанд гээд бодохоор жилийн бараг 100%-ийн ашигтай гэсэн үг. Лэндмн ББСБ-ийн хувьцаа гэхэд 25 төгрөгөөр гарсан. Одоо 50 гаран төгрөг гэхээр 2 дахин өссөн байна. Ийм компани олоод авчихвал тэгээд болох нь тэр.. Харамсалтай нь тухайн үед нь ирээдүйг таамаглаад ийм болно гэдгийг мэдэх боломжгүй байдагт л учир нь байгаа юм. Бүх хувьцаа ингэж өсөхгүй шүү дээ. 

Дараагийн нэг зүйл бол би өөр хүний санал, зөвлөмжинд хэзээ ч итгэж арилжаанд оролцдоггүй. Бас бусад хүмүүст хэзээ ч зөвлөгөө өгдөггүй. Алдсан ч, оносон ч зөвхөн өөрийнхөөрөө гэх үү дээ.

Арилжаанд орсноос хойш санаанаас гардаггүй алдаа эсвэл оносон зүйл юу байдаг вэ?
Алдаа хийдэггүй хүн гэж байхгүй дээ. Мэдээж зөндөө байгаа. Харин тэр алдаагаа олон дахин давтахгүй, тэрнээсээ сургамж авч чадсан бол харин ч давуу тал болно байх. Хамгийн санаанаас гардаггүй алдаа гэх үү эсвэл сургамж гэвэл “АПУ”ХК байна. 2017 оны сүүлээр АПУ-ийн бодит нэгдэл болоод хүмүүс хэдэн өдөр шуурсан даа. Тэр үед би гоё юмнаас хоцрох гэж байгаа юм шиг санагдаад шимтгэл орсон үнээр нэг хувьцааг 1006 төгрөгөөр авч байлаа.

Өнөөдрийн ханшнаас 2 дахин өндөр, АПУ-ийн түүхэн дэх хамгийн өндөр үнэ шүү дээ.  Сүүлд нь 2019 он 2 сарын 19-ний орой АПУ түүхэндээ байгаагүй өндөр ногдол ашиг зарлаад маргааш нь ханш 15%-аар өсөхөд нь бас өрсөлдөөд авч байсан. Ер нь би АПУ-г харахаараа авмаар л санагдаад байдаг. Хэзээ нэгэн цагт өгөөжөө өгнө гэсэн итгэлтэй байгаа, гэхдээ энэ бол зөвхөн өөрөө өөртөө л бий болгож байгаа итгэл шүү, бусдад зориулсан зөвлөгөө биш. За тэгээд жижиг, сажиг алдаа бол олон олон. Хамгийн гол нь тэр алдаанаасаа сурч байгаа, ирээдүйд минь хэрэг болно гэж боддог. Алдаа гаргадаггүй хүн байдаг бол, нэг бол юу ч хийдэггүй хүн, нэг бол төгсрөөд бурхан мэт болсон хүн байх даа. Алдаанаас харин айж болдоггүй гэсэн шүү. 

Оносон зүйл бол мэдээж байж таарна. Яагаад гэвэл онох гэж л хийж байгаа болохоор. Харин тоочоод байх нь даруу бус болох байх. Алдаа, онооны хэмжүүр цаг хугацаа болохоор, өнөөдөр хийсэн шийдлүүд маань онох, алдахын аль нь болохыг тодорхой хугацааны дараа харна даа. 

Иргэд маань сүүлийн үед хөрөнгийн зах зээлийг сонирхож байгаа. Одоо шинээр орох гэж байгаа хүмүүст юу гэж зөвлөх вэ? Юунаас эхлэвэл зүгээр вэ?

За даа би хүнд зөвлөх дургүй гэж дээр хэлсэндээ. Тиймээс зөвлөгөө гэхээсээ илүү иймэрхүү зүйл санаж явбал зүгээр гэдэг талаас нь хариулъя. 
Юуны түрүүнд энэ зах зээлийг заавал сонирхох хэрэгтэй. Нэг өдрийн өмнө ч болсон оролдоод үз гэж хэлмээр байна. Тэр хэмжээгээрээ алдаа, оноогоо олоод цэгцрээд ирнэ. Зах зээлийн нийгмийн чинь мөн чанар нь хөрөнгийн зах зээл шүү дээ. Тиймээс үүний гадна байна гэдэг бол нийгмээсээ хол байна л гэсэн үг.

Дараагийн хэлэх зүйл бол энэ мөнгөтэй хүний тоглодог талбар биш, харин ч мөнгө төгрөгийн хувьд боломж багатай гэх юм уу, өөрөө компани байгуулаад явах боломжгүй хүн компаний нэг эзэн байх боломжийг олгодог зах зээл юм. Боддоо 1 төгрөгийн үнэтэй хувьцаа ч байдаг. Түүнээс 1 ширхгийг ч эзэмшиж болно. Тэгээд хувьцаа эзэмшигчдийн хуралд нь оролцоод, саналаа өгөөд, ногдол ашгаа тэр хэмжээнд аваад явж болно. Зүгээр л энэ зах зээл руу ор, ямар нэгэн хязгаарлалт, тусгай нөхцөл энэ тэр гэж байхгүй. Тэгээд эхэн үедээ алдаж, оноод, яваандаа учрыг нь олоод туршлагатай болно. Холуур, дөлөөд яваад байх юм бол, ертөнцийн нэг хаалга өмнө чинь нээгдэхгүй байсаар л байна.

Бас нэг хэлэхгүй бол болохгүй зүйл бол, бүх мөнгөө хөрөнгийн зах зээл руу оруулж болохгүй. Зээлийн хөрөнгөөр бол хэзээ ч болохгүй. Гэнэт гарсан мөнгөний хэрэгцээгээ хувьцаа зарах байдлаар шийдэж болохгүй гэсэн үг. Зах зээл ямар ч байх юм билээ, энэ тохиолдолд ихэвчлэн алдах гээд байдаг. 
Төгсгөлд нь хэлэхэд өөрийн бодол өөртэй зөв гэдэг. Би мэдэхгүй юм чинь гээд ямар хувьцаа авах уу? Гэж асуугаад хүний үг дагаад яахав, өөрөө оролдож, алдаж оноод түүнээсээ сургамж авч, судалж сур. Тэр нь амттай. Гэхдээ хөрөнгийн зах зээл бол эрсдэл өндөртэй, бас тэр хэмжээгээрээ өгөөжтэй. Тиймээс эхний үедээ алдсан байсан ч амьдралд нөлөөлөхгүй хэмжээний хөрөнгөөр эхлэх нь зөв. Тэгээд яваандаа юун дээр ямар хөрөнгөөр хэзээ орох уу гэдгээ мэддэг болно доо. Эхэндээ мөнгө олно гэхээсээ илүү сурна, туршлагатай болно гэсэн зорилго тавих нь бодитой. 

Манайд ярилцлага өгсөн танд баярлалаа. Таны хөрөнгө оруулалтанд амжилт хүсэе!

Баярлалаа