Дэлгэрэнгүй

0 сэтгэгдэл

Танд энэ өдрийн мэнд хүргэе.

Баярлалаа. Та бүхэнд ч бас мэнд хүргэе.

МХБ-ээс Хамтын хаалттай ХОС-ийн нэгж эрхийн бүртгэлийн журам баталлаа. Уг хөрөнгө оруулалтын сангийн талаар товчхон хэлбэл? 

Манай улсад хуулиараа хөрөнгө оруулалтын сан нь хамтын, хувийн гэсэн 2 хэлбэртэй байдаг. Хувийн сан нь цөөн хөрөнгө оруулагчдаас бүрддэг бол хамтын сан нь олон нийтээс хөрөнгө татан төвлөрүүлсэн сан байдаг. Хамтын сан нь дотроо нээлттэй, хаалттай гэсэн 2 хэлбэртэй.

Тухайлбал, Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангууд нэгж эрхээ худалдах замаар иргэдийн мөнгөн хөрөнгийг татан төвлөрүүлж, нэгдсэн удирдлагаар хөрөнгийг нь удирдан хөрөнгө оруулалтын шийдвэрийг хүмүүсийн өмнөөс гаргаснаар мөнгийг нь өсгөж өгөх практик олон улсад тогтсон байдаг.

Иргэдийн хувьд ч хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулах, хувьцаа авах сонирхолтой байдаг хэдий ч ямар хувьцаа сонгохоо мэдэхгүй, санхүүгийн шинжилгээ хийж мэдэхгүй гэх зэрэг асуудлууд гардаг. 

Иймд хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийг худалдан авснаар мэргэжлийн хөрөнгө оруулалтын менежментийн компаниар хөрөнгөө удирдуулж, иргэд зах зээлд оролцоход илүү хялбар дөхөм болно.

IPO гаргаж буй компанийн хувьцаанаас ялгаатай, төстэй зүйл бий юу

Хамтын хөрөнгө оруулалтын сангийн тухайд нэгж эрхийн танилцуулга бэлтгэж, СЗХ-нд бүртгүүлдэгээрээ IPO-той ижил талтай. 
Компанийн хувьцааны IPO-с ялгаатай тал нь хөрөнгө оруулагч сангийн менежерт тодорхой хэмжээний урамшуулал төлж, хөрөнгөө удирдуулдаг, сангийн NAV буюу цэвэр хөрөнгийн үнэ цэнэ нь өдөр бүр шинэчлэгдэж мэдээлэгддэг гэх мэт ялгаатай талууд олон бий.  

Тэгвэл, иргэд хэрхэн эдгээр компаниудаар мөнгөө удирдуулах вэ?

Иргэд МХБ дээрээс хувьцаа худалдан авч байгаатай ижил арга замаар хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийг худалдан авна. Ингэснээр мөнгөө удирдуулж байна гэсэн үг. Мөн уг нэгж эрхээ хүссэн үедээ МХБ дээр худалдах боломжтой. 

Хамтын хаалттай сангууд хөрөнгө оруулалт татснаар хөрөнгийн захад эргээд богино хугацаандаа ямар үр нөлөө үзүүлэх вэ?
Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулиар хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан нь бирж дээр арилжигдаж буй компанийн хувьцаа, өрийн хэрэгсэл, ЗГҮЦ, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасанд хөрөнгө оруулах зохицуулалттай тул арилжааны эргэлт нэмэгдэх, зах зээлийн хөрвөх чадвар сайжрах үр нөлөө үзүүлэх боломжтой. 

Хамтын хаалттай ХОС-ийн нэгж эрхээ худалдахаар ажиллаж байгаа сангаа үүсгэн байгуулсан ХОМК байгаа юу? 

Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан үүсгэн байгуулж, 5 орчим тэрбум төгрөгийн нэгж эрхээ бүртгүүлэх хүсэлт ирүүлээд байгаа 1 ХОМК байна.

Эцэст нь асуухад Хэзээнээс хөрөнгө оруулагчдад санал болгож эхлэх хүлээлт байна вэ?

СЗХ болон МХБ-ийн журмын шаардлага хангасан тохиолдолд анхны Хамтын хаалттай ХОС-ийн нэгж эрхийн арилжаа энэ оны 2-р улиралд явагдаж эхлэх хүлээлттэй байна. 

Цаг гарган яриа өрнүүлсэнд баярлалаа, таны ажилд амжилт хүсье.

Баярлалаа та бүхэнд бас ажлын өндөр амжилт хүсье.