Дэлгэрэнгүй

0 сэтгэгдэл

Танд энэ өдрийн мэнд хүргэе. Ярилцлагаа хөрөнгийн зах зээлд гаргаж буй танай компанийн нэмэлт хувьцааны талаар эхэлье. Бидний мэдэж байгаагаар саяхан “Сүү” ХК хөрөнгийн зах зээл рүү чиглэсэн бодлогоо эрчимжүүлнэ гэж олон нийтэд зарлаж байсан. Үүнээс өмнө хувьцаагаа 1000 хувааж, хамгийн том дүнтэй Сүү бондыг нээлттэй арилжаалсан. Одоо нэмэлт хувьцаа гаргаж байна. Энэ бүхэн уг бодлогын үргэлжлэл гэж ойлгож болох уу? 

Баярлалаа. Та бүхэнд ч бас мэнд хүргэе. Тийм ээ. Энэ бол манай компанийн дунд хугацааны стратегийн хүрээнд засаглалын хувьд илүү нээлттэй, тунгалаг болж, олон улсын жишигт нийцсэн сайн засаглалтай хувьцаат компани болох бодлогын үргэлжлэл юм. 

Өнөөдөр “Сүү” ХК нь Монголын Хөрөнгийн Биржийн 1-р ангилалд бүртгэлтэй, ТОП-20 индекст багтаж, дотоодын хөрөнгийн зах зээлийн чиг хандлагыг илэрхийлэгч болсон. Энэ утгаараа бид хөрөнгийн зах зээл дээрээ маш идэвхтэй ажиллаж байгаа. 

Үүний тод жишээ нь, таны сая дурдсан хувьцааны идэвхийг сайжруулах зорилгоор 2016 онд нэгж хувьцаагаа 1,000 хувааж, 2017 онд зургаан тэрбум төгрөгийн үнийн дүнтэй “Сүү Бонд”-ыг зах зээлд гарган хөрөнгө оруулалт татсан нь Монголын хөрөнгийн биржийн түүхэнд хамгийн богино хугацаанд, хамгийн өндөр дүнтэй бондыг нээлттэй зах зээл дээрээс амжилттай босгосон жишээ болсон. Бондын төлбөрийг нэг жилийн дараа маш амжилттай эргүүлэн төлсөн юм. Одоо бид нэмэлт хувьцаа гаргаж байна. Үүний үр дүнд хувьцааны төвлөрөл ч буурна.

Нэмэлт хувьцааны талаар мэдээлэл өгөхөд, бид компанийнхаа 19.9%-тай тэнцэх хэмжээний, 218 төгрөгийн нэгж үнэлгээтэй, 85,589,000 ширхэг хувьцааг олон нийтэд санал болгож байгаа бөгөөд 7-р сард багтаан хөрөнгө босгохоор төлөвлөн, маш шаргуу ажиллаж байна. 

Онцолж хэлэхэд өмч хувьчлалын үеийн хувьцаат компаниудаас энэ бүх ажлуудыг хэрэгжүүлсэн компани байхгүй болов уу. Үүгээрээ бид хөрөнгийн зах зээл дээрээ түүчээ болж байна гэж миний хувьд бодож байгаа. 

Тоо баримтаас харахад 2016 оноос хойш компанийн хөрөнгө оруулагчын тоо 200-аас 2,800 болж өсчээ. Одоо ч нэмэгдэж байна. 

“Сүү” ХК-ийн хувьд бусад салбарын бизнесүүдтэй харьцуулахад хувьцаа эзэмшигчид нь манай үнэнч хэрэглэгчид байдаг. Хэрэглэгч нь өөрөө компанийн үйл ажиллагаа тогтвортой явж байна уу гэдгийг дэлгүүр ороод л бүтээгдэхүүн нь байна уу, үгүй юу, шинэ бүтээгдэхүүн гарч уу гээд шууд хянаад явах боломжтой. Тэр утгаараа манайх хамгийн гарт барьцтай, хамгийн ил тод бизнес, хамгийн бодит хөрөнгө оруулалт юм.

Санхүүгийн хувьд бид сүүлийн 5 жилийн хугацаанд борлуулалтаа тогтвортой өсгөн, цэвэр ашгаа тогтмол нэмэгдүүлж чадсан. 2017 оныг суурь болгон авч үзвэл 2019 онд Сүү ХК-ийн нийт хөрөнгө 35%, цэвэр борлуулалтын орлого 39%-аар тус тус өссөн бөгөөд цэвэр ашгийн жилийн өсөлт 2018 онд 201%, 2019 онд 55%-д хүрч, өөрийн хөрөнгийн 22%-ийн өгөөжтэй ажилласан.

Ногдол ашгийн хэмжээгээ ч нэмэгдүүллээ. 2016 оноос хойш нийтдээ 7,3 тэрбум төгрөгийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэдээ олгон, хөрөнгийн өгөөжийг нэмэгдүүлэх тал дээр анхааран ажиллаж байгаа. 

Энэ бүх хичээл зүтгэлийн дүнд хөрөнгө оруулагчдын “Сүү” ХК-д итгэх итгэл улам нэмэгдэж, шинэ хөрөнгө оруулагчид орж ирж байгаа болов уу. Манай компанийн хувьцаа эзэмшигчид оруулсан хөрөнгө оруулалтандаа сэтгэл хангалуун байгаа гэдэгт итгэлтэй байна. /инээв/ 

Нэмэлт хувьцаагаар татах хөрөнгө оруулалтын гол үр дүн юу байх вэ?

Манай компани анх Улаанбаатар хотын иргэдийг сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангах зорилгоор байгуулагдаад нэгэн жарныг үдэж, одоо 62 дахь жилдээ явж байна. Салбарынхаа ууган компани гэдгийг хүн бүхэн мэднэ.  

Гэтэл сүүлийн жилүүдэд дотоодын сүү, сүүн бүтээгдэхүүний зах зээл жилд дунджаар 10%-аар  өсөж, тэр хэрээр өрсөлдөгч компаниуд томоохон хөрөнгө оруулалтаар тоног төхөөрөмж, технологийн шинэчлэл хийж байгаа нь дотооддоо шинэчлэл хийх шаардлагатай болсныг харуулж байна.

Иймээс нэмж хувьцаа гаргаад, босгосон хөрөнгөөр “Сүү” ХК-ийн хамгийн чухал хэсэг болох сүү хүлээн авах ложистик болон сүү боловсруулах цехэд бүрэн шинэчлэл хийнэ. Үүний үр дүнд 2,500 малчин, фермерээс хүлээн авах сүүний хэмжээ одоогийнхоос 2 дахин өсөж, үйлдвэрлэлийн процесст байгаа гар ажиллагаа автоматжуулагдана. Ингэснээр бүтээгдэхүүний өртөг зардал буурч, нэгэн зэрэг олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бүрдэх юм. Улмаар хөрөнгө оруулагчдын хүртэх өгөөж нэмэгдэнэ. 

Нөгөөтэйгүүр, хувьцаа эзэмшигчдийн бүтэц дэх олон нийтийн эзлэх хувь 25,7%-д хүрч, компани засаглалын хувьд сонгодог утгаараа олон нийтийн компани болох эхлэл тавигдах юм.  

“Сүү” ХК-ийн үнэт зүйл нь юу вэ?

Манайх “Монгол сүүгээр дэлхийг ундаална” гэсэн маш том амбицтай алсын хараатай, 5 үндсэн үнэт зүйлтэй.  Үүнд чанар, эрүүл хүнс, туршлага, аюулгүй ажиллагаа, чадвартай боловсон хүчин багтдаг. Эдгээр цогц тулгуур хүчин зүйлээс манай үнэт зүйл бүрдэж байгаа. Мөн компанийн соёл ч эндээс бий болж байдаг.

Та компанийнхаа өнгөрснөөс өнөөдрийг хүртэлх амжилтыг хэрхэн тодорхойлох вэ?

“Сүү”ХК-ийн хувьд инноваци, өдөр бүр шинэ, эрүүл хүнсний бүтээгдэхүүн, найдвартай, чанартай үйлдвэрлэл, үнэнч хэрэглэгчид, харилцагчид, туршлагатай ажилтнууд, хөрөнгө оруулагчид, нэн ялангуяа жилийн дөрвөн улиралд хамтран ажилласаар ирсэн 2500 орчим малчин фермерүүд маань манай амжилтын гол цөм юм болов уу.

Одооны төрийн зохицуулалт, сүүний салбарт бариж буй бодлого ямар байна? Танайд сорилт авчирч байна уу, эсвэл дэмжлэг болж байгаа юу?

За, мал аж ахуй, үр тарианы салбартай харьцуулбал манай сүү, сүүн бүтээгдэхүүний салбарт төрийн зохицуулалт, бодлого арай хоцронгуй байгаа. Манай салбар түүхэн хөгжлөөрөө өнөөдрийг хүртэл явж ирсэн. Өөрөөр хэлбэл, малчид маань ч олон зүйл нэхэхгүйгээр сүүгээ саагаад, үйлдвэрлэгч нартайгаа учраа олоод яваад ирсэн гэсэн үг. Тийм ч болохоор өнгөрсөн хугацаанд үйлдвэрлэгчид бид ч төрийн зохицуулалт нэхэлгүй иржээ.

Тэгвэл одоо үед хэрэглэгчдийн хэрэгцээ, хүсэлт шаардлагатай уялдаад төрийн зохицуулалт, дэмжлэг зайлшгүй хэрэгтэй болж байна. Жишээ нь, хэрэглэгчид маань өөрсдийн эрүүл мэнд, бие физилогид таарсан шим тэжээл, амин дэмтэй бүтээгдэхүүн хэрэглэхийг хүсэж байна.

Энэ бол зах зээл өөрөө үйлдвэрлэгч нарыг шинэчлэгд ээ, бүтэгдэхүүний нэр төрлөө сайжруул аа, стандартын шаардлага хангасан түүхий эдээр бүтээгдэхүүнээ үйлдвэрл ээ гэж шахаж байгаа хэрэг юм. Гэтэл түүнд нийцүүлэхийн тулд түүхий эдээсээ эхлэх ёстой. Гэвч өнөөдөр малчид маань зохистой дадал, стандартгүйгээр сүүгээ саагаад өгч, үйлдвэрлэгчид үнэтэй тоног төхөөрөмжөөрөө чанарыг нь хэд дахин сайжруулаад явж байна. Энэ асуудлыг шийдэхэд төрийн бодлого, дэмжлэг зайлшгүй үгүйлэгдэж байна. 

Энэ хүрээнд манай салбарынхан сүүлийн үед ХААХҮЯ болон НҮБ-ын ХАА-н байгууллага, ЖАЙКА-тай ойрхон ажиллаж байгаа. 

Хамгийн сүүлд НҮБ, ХААХҮЯ-тай хамтраад олон улсын “Азийн сүү үйлдвэрлэлийн нарийн бичгийн дарга нарын газар”-ыг байгууллаа. Энэ нь өөрөө сүү үйлдвэрлэлийн салбарыг дэмжих том институци юм. Тиймээс миний хувьд энэ үйл явдал сүүний үйлдвэрлэлийн салбарыг цаашид дэмжих нэгэн алхам юм болов уу гэж харж байна.

Цаг үеийн нөхцөл байдалтай уялдаад асуухгүй байж болохгүй нь. Covid-19 цар тахал танай компанийн орлогод хэрхэн нөлөөлж байна вэ? 

Covid-19 цар тахал анх гарснаас хойш улс орнуудын хувьд маргаашаа тооцож чадахааргүй байдалд байна шүү дээ. Манай компанийн хувьд ч ингэж удаан үргэлжилж, пандемик түвшинд очно гэж төлөвлөөгүй байсан. 

Хамгийн сонирхолтой нь манай бүтээгдэхүүний эрэлт 1-р улиралд хэвийн үеийн төлөвлөгөөтэй харьцуулбал огцом нэмэгдсэн. Энэ нь улс орны хэмжээнд хөл хорио тогтоож, иргэд гэртээ байж сүү, сүүн бүтээгдэхүүнээр эрүүл мэндээ дэмжих хандлага ихэссэнтэй холбоотой байх.

Харин 2-р улирлаас бага зэрэг буурах хандлага гарч байна. Энэ бол бусад бизнесүүд дээр хүндрэл үүсэж, ажилгүйдэл өсөж байгаа учраас өрхийн орлого буурсантай холбоотой болов уу. Гэхдээ бидний хувьд нэг таатай зүйл байгаа нь энэ жилийн хувьд улс төрийн нөхцөл байдал, COVID-19-тэй холбоотойгоор аймаг, сумдууд баяр наадмаа нэгэн цаг хугацаанд, хийхтэй холбоотойгоор иргэд Улаанбаатар хотод илүү төвлөрөхөөр харагдаж байна. Энэ хугацаанд бид өнгөрсөн жилийн борлуулалтаа хийх, цаашлаад 3, 4-р улиралд төлөвлөсөн борлуулалтаа хийхээр шаргуу ажиллаж байгаа.

Ажлын байранд ямар нэг хөдөлгөөн гарсан уу?

“Сүү” ХК-ийн хувьд ажлын байраа маш тогтвортой хадгалж, ажилтнууддаа цаг хугацаанд нь цалинг нь өгөөд явж байгаа. Харин эрсдэлд өртөх магадлал өндөр зарим ажилтнуудаа гэрээс нь ажлуулах зэргээр нөхцөл байдалтай уялдсан шийдвэрүүдийг гарган ажиллаж байна. 

Хэрэглэгчдийн хэрэглээний хандлага хаашаа чиглэж байна вэ, өөрчлөлт гарч байна уу?

Маш их өөрчлөгдөж байна. Сүүлийн үед манай монголчууд янз бүрийн шалтгаанаар гадаад улс оронд ихээр зорчиж, тухайн газартаа төрөл бүрийн бүтээгдэхүүнийг хэрэглэж туршиж байна. Эргээд Монголдоо эдгээр бүтээгдэхүүнийг хэрэглэхийг хүсэх болсон. 

Хамгийн гол нь хэрэглэгчид маань бүтээгдэхүүний орцонд их анхаарал хандуулдаг болжээ. Хүний биед ашигтай бактер, нэмэлт орцтой, тослог багатай, амин дэмтэй, шим тэжээлтэйг чухалчилж байна. Иймээс “Сүү”ХК-ийн хувьд судалгаан дээр суурилан, хэрэглэгчдийнхээ зан төлвийг мэдэрч, илүү зорилтот сегмент рүү чиглэсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна. Сүүлд манайх “Гоофит” таргийг эмэгтэйчүүдэд зориулан зах зээлд гаргасан. Нэлээн эрэлттэй байгаа шүү. /инээв/

Дотоодын сүү, сүүн бүтээгдэхүүний зах зээлийн боломж хэр том вэ?  Зах зээлээ тэлэх орон зай үлдсэн үү? 

Манай зах зээлийн хувьд босго өндөр. Учир нь их хэмжээний хөрөнгө оруулалт шаардагддаг. Мэдээж бидэнд зах зээлээ тэлэх, өсөх боломж байгаа юу гэвэл хангалттай байгаа. Дэлхийн нэг хүнд ногдох сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээг Монгол Улсыг харьцуулан харвал манайх 1/3-тэй тэнцэж байгаа. Өөрөөр хэлбэл, олон улсын хэмжээнд хүргэе гэвэл 2/3 хувь байна гэсэн үг.

Магадгүй энэ салбарт орох юмсан гэж бодож байгаа бизнес эрхлэгчид өөрсдөө дангаараа их хэмжээний хөрөнгө оруулалт хийснээс манай компанид хөрөнгө оруулалт хийгээд ороод ирсэн нь илүү оновчтой болов уу. /инээв/

Тоон өгөгдлийг харвал бүтээгдэхүүний нэр төрөл бүрд “Сүү” ХК-ийн зах зээлд эзлэх байр суурь харилцан адилгүй байдаг. Үйлдвэрийн аргаар боловсруулсан сүүний зах зээлд үнэмлэхүй 73%-ийг эзэлж байхад, зайрмагны зах зээлд 4%, тетрапак савлагаатай сүүнд 10%-ийг эзэлж байх юм. Сул байгаа орон зайгаа хэрхэн нэмэгдүүлэх вэ?

Таны хэлсэнчлэн зарим нэр төрлийн бүтээгдэхүүний хувьд зах зээл дээр бага байр суурьтай байгаа нь үнэн. Шалтгаан нь бид тоног төхөөрөмжийнхөө хүчин чадалд захирагдаж байна.

Зайрмагны тоног төхөөрөмжийн шинэчлэлийн санхүүжилтээ босгосон. Шинэ шугамаа хүлээн аваад үйлдвэрт угсарч суурилуулах ажлууд ид явагдаж байна. Оны сүүлээр шинэ бүтээгдэхүүнүүдээ зах зээлд гаргахаар төлөвлөж байна. Мөн бусад компаниудын байхгүй байгаа орон зайд орохоор төлөвлөн ажиллаж байна. 

Компани ашгаа 2024 он гэхэд одоогийнхоос 3 дахин нэмэгдүүлэхээр төсөөлсөн байна. Энэ боломжтой юу?

Боломжтой. Нэмэлт хувьцаагаар татан төвлөрүүлэх хөрөнгө бол бидний хувьд ирэх 5 жилийн хамгийн том, хамгийн чухал хөрөнгө оруулалт юм. Үүнээс өөр их хэмжээний санхүүжилтын хэрэгцээ гарахгүй болов уу. Одоо манайх Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк /EBRD/-ны зээлтэй байгаа. Цаашид дунд хугацаандаа их хэмжээний зээлийн санхүүжилт татах шаардлагагүй болно.

Иймд үйлдвэрлэлийн өртөг буурч, хүчин чадал нэмэгдээд ирэхээр борлуулалт өсөж, цэвэр ашиг төлөвлөсөн хэмжээндээ хүрэх боломжийг бидэнд олгоно. Ирэх 5 жилийн хугацаанд борлуулалтыг жилд дунджаар 12.8% өсгөж 135 тэрбум төгрөгт, цэвэр ашгийг мөн дунджаар 32%-р өсгөж 23 тэрбум төгрөгт хүргэхээр төлөвлөж байна.

Удирдлагын баг юун дээр гол анхаарлаа хандуулж ажиллах вэ?

Компанийн 5 жилийн стратеги дээрээ тулгуурлан бүх албаны түвшинд жил бүр нарийн төлөвлөгөөгөө гарган, биелүүлээд явж байна. Бас боловсон хүчиндээ анхаарал хандуулж чадавхжуулна.

Сүүлийн хэдэн жил компанийн ногдол ашгийн бодлого идэвхтэй байгаа. Цаашид энэ хэвээр байх уу? 

Сая манай компани EBRD-ийн зээлтэй гэж хэлсэн. Энэ зээлийн гэрээний дагуу “Сүү” ХК цэвэр ашгийн 30% хүртэл хэмжээний ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэдээ олгож болох нөхцөлтэй байгаа. 

Цаашид бид ногдол ашгийг цэвэр ашгийн 50 хувь хүртэл нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Иймд иргэд, хувьцаа эзэмшигчид маань бидний хичээл зүтгэлийн үр дүнд бий болох үр ашгаас хүртээсэй гэж хүсэж байна.

Хувийн чанартай асуулт асуухад, таны хувьд “Сүү” ХК дахь аялал хэрхэн эхэлсэн бэ?

Миний хувьд “Сүү” ХК-д орохоосоо өмнө хөдөө аж ахуйн бизнесүүдэд стратегийн чиглэлээр зөвлөгөө өгч, хөрөнгө оруулалт босгоход нь тусалдаг байсан. Энэ ажлын шугамаар компанитайгаа 2018 онд холбогдож байлаа. Анх “Сүү”ХК-д Тэргүүн дэд захирлаар ажиллаж байгаад удалгүй өмнөх захирлын гэрээний хугацаа дууссаны дараа Гүйцэтгэх захирлаар томилогдсон доо.  

Таны удирдлагын арга барилыг сонирхвол?

Би Англид олон жил сурч, ажилласан. Надад барууны аливаа юм төлөвлөгөөтэй, зөв тайлагнал, баримттай, хяналттай байдал нь таалагддаг юм. Дээрээс нь багийн ажиллагаа чухал. Зөв багаа бүрдүүлээд байгууллагынхаа эрхэм зорилго, алсын хараанд хүрэхийн тулд бүхнээ зориулан ажиллах ёстой гэж боддог.

Энэ итгэл үнэмшлийнхээ дагуу алсын хараа, стратеги нь, төслийн удирдлагын хүрээнд юу хийх нь тодорхой, төлөвлөлттэй байх зарчмыг “Сүү” ХК дээр нэвтрүүлэхийг хичээж байна.

Та сая багийн ажиллагаа гэлээ. “Сүү” ХК-ийн удирдлагын багаа хэрхэн бүрдүүлэв? 

Энэ том компанийг үр ашигтай авч явахад мэдлэг, чадвар, хандлага их чухал. Ялангуяа өөрийн ложистиктэй, түүхий эд нийлүүлэлт, борлуулалтын том сүлжээтэй компанид санхүүгийн сайн алба ажиллах ёстой. Тиймээс Санхүү эрхэлсэн захирлаар Харвардын их сургууль төгссөн чадварлаг, өндөр боловсролтой хүнийг томилсон. Цаашид манай компани санхүү удирдлагын хувьд айх зүйлгүй болсон.  /инээв/ Бусад залуучуудаа ч сургаад ажиллаж байна. 

Та өмнө нь ХЗЗ дээр ажиллаж байсан гэсэн. Одоо нээлттэй хувьцаат компанийг удирдаж байна. Өмнөх туршлага танд хэрэг болж байна уу?

Мэдээж тэгэлгүй яахав. Энэ компанид орж ирээд “Сүү” ХК-ийг илүү нээлттэй болгох ёстой гэж үзсэн. Одоо манайх хувьцааны төвлөрлөө бууруулах алхмыг хийж байна. Ингэснээр дотоодын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, хөрөнгө оруулагчдыг татахад бага ч гэсэн хувь нэмэр болж байна даа.

Төгсгөлд нь асуухад компанийнхаа хувьцааны ханшийн төлвийг хэрхэн харж байгаа вэ? 

Түүх сөхвөл “Сүү”ХК нь анх 1992 оны 8-р сард МХБ-д бүртгүүлж байсан. Энэ үед манай компанийн 1 ширхэг хувьцаа 100 төгрөг байсан. Хувьчлагдсанаас хойш манай үйл ажиллагаа сайжирч, борлуулалт, ашиг орлого нэмэгдэхийн хэрээр хувьцааны ханш өсөж ирсэн. Тухайлбал, 2016 онд бирж дээр “Сүү”ХК-ийн 1 ширхэг хувьцаа 154,400₮-т хүрсэн байдаг. 

Ирэх жилүүдэд манай хамт олны хийх ажил, хүрэх бодлого, төлөвлөгөө тов тодорхой байгаа учраас төлөвлөсөн хэмжээндээ цэвэр ашиг, ногдол ашгаа нэмэгдүүлснээр хувьцаааны ханш зах зээл дээр өсөх боломжтой гэж харж байна. Миний хувьд маш өөдрөг хүлээлттэй байгаа.

Ярилцсанд баярлалаа. Ажилд нь амжилт хүсье.

Баярлалаа