Дэлгэрэнгүй

0 сэтгэгдэл

Манай ярилцлагын зочиноор “Монголын Үнэт Цаасны Клирингийн Төв” ХХК-ийн Гүйцэтгэх захирал О.Эрдэнэгэрэл оролцож, компанийнх нь үйл ажиллагааны талаар ярилцлаа.

- Сайн байна уу, Танд энэ өдрийн мэнд хүргэе. Юуны түрүүнд та компанийхаа үйл ажиллагааны талаар бидэнд товчхон танилцуулна уу.

Та бүхэнд ч бас мэнд хүргэе. Манай компанийн хувьд үнэт цаасны арилжаанд оролцогчдын үнэт цаас худалдах, худалдан авах гүйлгээнүүдийг нэгтгэн нэг гүйлгээ (нэттинг) болгох клирингийн үйл ажиллагааг гүйцэтгэдэг хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийн мэргэжлийн байгууллага юм.  

Манайх 2020 онд хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн байгууллагуудтай хамтран клирингийн шинэ үйлчилгээ буюу дараа төлбөрт тооцооны (Т+2) горим, төлбөрийн эсрэг нийлүүлэлт (DvP) зарчмыг зах зээлд нэвтрүүлээд байна.

Түүх сөхвөл анх 1991 онд Төлбөр тооцоо, хадгаламжийн алба нэртэйгээр Монголын Хөрөнгийн Бирж байгуулагдахад бүтцэд багтан үйл ажиллагаа явуулж байгаад 2003 онд “Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК нэртэйгээр бие даасан үйл ажиллагаа явуулдаг компани болж салсан байдаг. Харин 2016 онд “Арилжааны төлбөр тооцоо”ХХК болон бие даасан компани болсон бөгөөд одоо “Монголын үнэт цаасны клирингийн төв” (Клирингийн төв) ХХК-нэртэйгээр илүү нарийвчилсан чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 100%-ийн төрийн өмчит компани болсон.

- Дараа төлбөрт тооцооны тухай бага зэрэг дэлгэрүүлж хэлбэл? Ер нь харилцагч хувьцаа худалдан авсны дараа мөнгөө төлөхгүй байх нөхцөл байдал үүсч байсан уу?

Энэ нь хөрөнгө оруулагчид үнэт цаас худалдан авахдаа төлбөрийн 30%-ийг урьдчилан байршуулаад үлдэгдэл 70%-ийг 2 хоногийн дараа төлөх юм. 
Үнэт цаасны компаниуд (ҮЦК) манайд хүсэлт гарган клирингийн гишүүнээр элсэх ба эдгээр гишүүд харилцагчийнхаа санхүүгийн нөхцөл байдал, арилжаанд орж буй үнийн дүн, итгэл даах байдал зэргийг таньж мэдсэн байдлаасаа шалтгаалан урьдчилгаа төлбөрт хамгийн багадаа 30%, мөн барьцаа хөрөнгийн тодорхой хувийг үнэт цаасаар тооцон байршуулах, үлдсэн төлбөрийг 2 өдрийн дотор гүйцээн шилжүүлэх замаар дээр дурьдсан боломжийг харилцагчдаа олгох юм. 

Мөн харилцагч захиалгаа өгөөд хэзээ биелэхийг нь мэдэхгүй 100% төлбөрөө байршуулах, эсвэл ханшийн өсөлт бууралтын үед мөнгөө байршуулаагүйгээс болон захиалга өгч чадахгүй байх зэрэг асуудлыг ҮЦК-иуд өөрт нь шийдвэрлэх боломжийг олгож байгаа юм. Мэдээж хэрэг хувьцаа авах захиалга өгсөний дараа төлбөрөө төлөхгүй тохиолдолд хувьцаагаа зарсан хүн нь төлбөрөө заавал хүлээж авах нөхцөлийг бүрдүүлэх эрсдэлийн удирдлагын механизм ажиллах болно. Олон улсын зарчимд үүнийг Төлбөрийн эсрэг Нийлүүлэлт буюу DvP зарчим гэдэг ба бид энэ зарчмын дагуу эрсдэлийг удирдаж байна. ҮЦК өөрийнхөө харилцагчдын төлбөрийн эрсдэлийг хариуцахаар клирингийн шууд гишүүнээр элсэхээс гадна өөр бусад ҮЦК-иудын төлбөрийн эрсдэлийг хариуцах үүрэг бүхий клирингийн ерөнхий гишүүнээр ч элсэх боломжтой. Одоогоор бид клирингийн 11 шууд гишүүн, 1 ерөнхий гишүүнийг элсүүлэн барьцаа хөрөнгийг тооцох замаар клирингийн үйлчилгээгээ үзүүлж байна.

- Та, төлбөрийн эсрэг нийлүүлэлт буюу DvP зарчмын талаар жаахан дэлгэрүүлж өгөөч бидэнд?

Энэ нь төлбөр хийгдсэн л бол нийлүүлэлт заавал хийгдэх, нийлүүлэлт хийгдсэн л бол төлбөр заавал хийгдэх зарчим юм. Өөрөөр хэлбэл хувьцаа худалдаж авсан хэлцэл хийгдээд, төлбөр хийгдсэн л бол хувьцаа нь заавал таны дансанд орж ирэх ёстой, эсрэгээрээ та хувьцаагаа зарах захиалга өгөөд хэлцэл хийгдсэн л бол төлбөр нь заавал орж ирэх ёстой.

Төлбөрийн эрсдэлийг бууруулах бас нэг онцлог нь үнэт цаас авсан болон зарсан талуудын данс хооронд үнэт цаас, мөнгө хоёрыг шууд зөрүүлэн шилжүүлэх бус харилцагчийн дансанд нь, ҮЦК-иар нь, клирингийн гишүүнээр нь тооцоог нэгтгэн, цэвэршүүлсэн дүнгээр тооцох юм. Тухайлбал харилцагч нэг төрлийн хувьцаанаас 100-г аваад тэр өдөртөө 60-ыг нь зарсан бол тухайн харилцагчийн дансанд 40 ширхэг хувьцаа орно. Энэ нь төлбөрийн эрсдэлийг бууруулдаг механизмын нэг болдог. Яг үнэндээ ингээд тайлбарлахад бага зэрэг төвөгтэй боловч хөрөнгө оруулагчид маань клирингийн төвийн гишүүнээр дамжуулан арилжаанд орж үзвэл илүү ойлгомжтой болно.

- Эрсдлийн удирдлагын механизм гэж яг юу вэ? Клирингийн төв эрсдэлээ хэрхэн удирдаж байна вэ?

Клирингийн оролцогчдын төлбөр хийгдэхгүй байх, болзошгүй эрсдэлүүдийг урьдчилан тооцоолох нь клирингийн төвийн чухал үйл ажиллагааны нэг юм. Клирингийн төв нь системийн чухал ач холбогдол бүхий байгууллага тул хүчин чадал нь болзошгүй эрсдэлийг тэсвэрлэх, санхүүгийн зах зээлийн үйл ажиллагаа тогтвортой, хэвийн үргэлжлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг.

Үнэт цаасны хороодын олон улсын байгууллага буюу IOSCO-оос 2012 онд гаргасан “Санхүүгийн зах зээлийн дэд бүтцийн зарчмууд” (PFMI) баримт бичигт клирингийн үйл ажиллагаатай шууд хамааралтай 10 зарчмыг тодорхойлсон байдаг бөгөөд Клирингийн төв энэхүү зарчмуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх ажлуудыг шат дараатай гүйцэтгэж байна. Эрсдэлийг бууруулах, удирдах зорилгоор маржин, барьцаа хөрөнгө, төлбөрийн баталгааны сан болон эрсдэлийг хуваалцах үүрэг бүхий клирингийн гишүүнчлэл гэх зэрэг арга хэрэгслүүдийг эрсдэлийн үйл ажиллагаандаа ашиглаж байна. Мөн эрсдэлийн удирдлагын бодлогын баримт бичгийг боловсруулан үйл ажиллагаандаа мөрдөн ажиллаж байна.

Хэрэв клирингийн гишүүний төлбөр ямар нэгэн саатлаас хамааран хугацаандаа хийгдэхгүй байх, цаашлаад гишүүн дефолт (default) буюу төлбөрийн чадваргүй болох, гишүүнчлэлийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд Клирингийн төвийн авах арга хэмжээг “Үнэт цаасны клирингийн журам”-д тусган үйл ажиллагаандаа мөрдөж байна.

- Байгуулагдсан цагаасаа эхлэн их олон ажлыг амжуулаад байгаа юм байна. Дашрамд, Танай хамт олонд 5 жилийн ойн баярын мэндийг хүргэе.

Баярлалаа, Бид компанийнхаа байгуулагдсан 5 жилийн ойг олон улсын санхүүгийн байгууллагуудын мөрдөх зарчмыг амжилттай хэрэгжүүлж, дараа төлбөрт тооцоог нэвтрүүлсэн амжилтаар угтаж байна. Энэ бүх ажлыг хийхэд мэргэжлийн байгууллагууд, шийдвэр гаргагч эрх бүхий байгууллагууд, хөрөнгө оруулагчид зэрэг бүгдээрээ хамтран идэвхи санаачлагатай ажилласан. Мэдээж хэрэг бүх зүйл нэг амьсгаагаар хийгдэх боломжгүй учир бидэнд цаашид судлах, суралцах, сайжруулах ажил маш их байгааг хэлэх нь зүйтэй. 

Бидний ажлыг дэмжин байнга хамтран ажилладаг мэргэжлийн байгууллагагууд болон, хөрөнгө оруулагч хувьцаа эзэмшигч нартаа 5 жилийнхээ ойн мэндийг хамт олныхоо зүгээс хүргэж ажил, хөдөлмөрийн амжилт, эрүүл энх сайн сайхныг хүсэн ерөөе.

Ярилцсанд баярлалаа. Ажилд нь амжилт хүсье.
Баярлалаа