Дэлгэрэнгүй

2016-02-29 12:50
0 сэтгэгдэл

Саяхан Хувьцаа эзэмшигчдийн хурлаас нэгж хувьцаагаа 1000 дахин хуваах шийдвэр гаргалаа. Шалтгаан нь юу байв?

Энэ нь хэд хэдэн шалтгаантай. Нэгдүгээрт: Сүү ХК-ийн үйл ажиллагаа маань зах зээл дээрх хувьцааны үнэд нөлөөлж байх ёстой. Өөрөөр хэлбэл хувьцааны зах зээлийн үнэ ханш нь компанийн үйл ажиллагааны толь нь болох ёстой юм. 

Сая гарсан шийдвэр маань анх Сүү ХК-ийн хувьцаа 100 төгрөгөөр Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжаалагдаж эхлээд өнгөрсөн жилүүдэд 100,000 төгрөг болоод 1,000 дахин өссөн байсан. Нэгж хувьцааны үнэ нь МХБ-ийн хамгийн өндөр үнэлгээтэй хувьцаа байсан бөгөөд энэхүү өндөр дүн нь эргээд арилжааны идэвхийг сулруулаад ирсэн. 

Энэ нь дараа дараагийн бидний хөрөнгө оруулалт татах ажилд компанийхаа үнэлгээг үнэн зөв тодорхойлоход саад болж эхэлсэн. Тийм учраас хувьцаа маань өөрөө хөрвөх чадвар асар өндөр байх ёстой. Өнөөдөр та хувьцаа худалдан авчаад маргааш заръя гэхэд зарагддаг байх жишээтэй.

Хоёрдугаарт: Бид ирээдүйрүүгээ харж байгаа. Одоо Сүү ХК нь ХХК шиг банкнаас зээл аваад төлөөд явдаг нөхцөл байдлыг өөрчилж, хувьцаат компани гэдэг байдлаараа ажиллана. Харин урт хугацааны хөрөнгө оруулалтыг хувьцаа гарган шинэ хөрөнгө оруулагчдыг оруулж том хэмжээний төслүүдээ хэрэгжүүлэн ашиг олдог энэ системрүү ороход одоогийн компанийн зах зээлийн үнэлгээ нийцэхгүй байна.

Тухайлбал, гадны  фандууд, компаниуд, томоохон үйлдвэрлэгчид танай компанийн 10%-15%-ийн хөрөнгө оруулагч болж хамтарч ажиллая, хамтарч бүтээгдэхүүн гаргая, танай бүтээгдэхүүнийг манай зах зээлд гаргая гэдэг саналууд ихээр тавьдаг. Гэтэл одоогийн компанийн зах зээлийн үнэлгээ маань 34 тэрбум төгрөг, үүний 10% гэхлээр 3.4 тэрбум төгрөгөөр компанийнхаа бий болгосон 60 жилийн түүх, брендийг  зарахад одоогийн хувьцаа эзэмшигчдэд хэцүү, нөгөө талаар худалдан авсан хөрөнгө оруулагчид буцаад хувьцаагаа зах зээл дээр зарахад хүндрэлтэй байгаад байна. 

Тэгэхлээр хувьцаагаа хуваахад хувьцааны эрэлт сэргэнэ, нөгөө талаар хувьцаа худалдан авсан хөрөнгө оруулагчдад ч итгэл төрж тэдний сонирхолыг татаж эхлэнэ.

Гуравдугаарт: Дотоодын иргэд маань 100,000 төгрөгөөр нэг ширхэг хувьцаа авах уу, эсвэл түүгээрээ хэд хэдэн хямд үнэтэй компанийн хувьцаа авах уу гэсэн нөгөө эрсдлийг тараан байршуулах асуудал гарч ирнэ. Үүнтэй бас холбоотой. 

Энэ бүгд нь цаашид манай компанид хөрөнгө оруулалт хийх хөрөнгө оруулагчдын орж ирэх итгэл үнэмшлийг бий болгох, одоогийн хувьцаа эзэмшигчид хөрөнгө оруулалтаа сэтгэл хангалуун хүлээн авахад чиглэгдсэн. 

Хувьцааны ханш өсөхөд нөлөөлөх ямар өөрчлөлт, шинэчлэлт Сүү хувьцаат компани дээр гарсан бэ? 

Өөрчлөлтийн тухайд 1990-ээд оны үеэд Сүү ХК-д нэг хүндрэлтэй болсон зүйл бол Социализмийн үеийн сүү татан авалтын эдийн засгийн тооцоо судалгаагүй систем, мөн томоохон фермерүүдийн хувьчлал буруу хийгдсэн явдал. Малыг нь шууд малчдад нь тарааж өгснөөр тэд нар сүүгээ өөрсдөө хотруу ирж зараад эхэлсэн. Ингэснээр нэг талд манайд бэлтгэн нийлүүлэгчид байхгүй болсон, нөгөө талд зах зээлийн өрсөлдөөн нэмэгдээд ирсэн. 

Харин өнгөрсөн 25 жилийн хугацаанд зах зээлийнхээ нөхцөл байдлыг тодорхой болгоод  малчидтайгаа гэрээ байгуулан сүүгээ авдаг болсон, бүтээгдэхүүнээ нийлүүлдэг цэгтэй болсон. Тодруулбал, Сүү компани нийт 2,500 малчид фермерүүдтэй гэрээ байгуулж, 2,500 гаруй борлуулалтын цэгээс өдөрт ойролцоогоор 150-170 мянган өрх айл манай бүтээгдэхүүнийг худалдан авч хэрэглэж байна. Энэ сүү бэлтгэн нийлүүлэгчдийн болон хэрэглэгчдийн бааз суурьтай болж чадсанаар манай нөхцөл байдал шал өөр болсон.

Өнөөдөр “С” үсэг бүхий логотой сүү шиг зах зээл дээр өндөр эрэлттэй бүтээгдэхүүн байхгүй байна. Бид малчид, фермерүүдээсээ сүүгээ бэлэн мөнгөөр худалдан аваад үйлдвэр дээрээ ариутган савлаад дэлгүүрүүдэд бэлэн мөнгөөр нь нийлүүлж, бүтээгдэхүүн маань өдөртөө зарагдаж дуусдаг. Өнөөдөр ийм хурдтай, бүтээгдэхүүн нь эрэлттэй компани Монгол улсад байхгүй байна. 

Дээрээс нь зах зээл рүү асар олон тоглогчид хөрөнгө оруулалт хийгээд орж ирж байна. Зарим нь 40, 70 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж зах зээл рүү орж байгаа ч тэд нар манай компани шиг зах зээл дээр ажиллаж чадахгүй л байна. Учир нь хэрэглэгчдийн маань дадсан хэрэглээ ганц хоёр жилийн дотор алга болохгүй юм байна гэдгийг бүгд ойлгосон.

Шинэчлэлтийн хувьд үйлдвэртээ одоогийн Финпак савлагаатай шингэн сүүний шинэ шугам, тараг, иогуртны шинэ шугам, хөргөлтийн систем зэрэг олон шинэчлэлийг хийсэнээс гадна Эрдэнэт хотод салбар үйлдвэр, Хэнтийн аймгийн Бат ширээтэд аарц, цөцгийн тосны үйлдвэр байгуулсан. 

Энэ ажлуудлыг хийхэд хөрөнгө мөнгө мэдээж шаардлагатай. Санхүүгийн эх үүсвэрийг хаанаас босгосон вэ?

2011 онд Олон улсын санхүүгийн корпораци /IFC/ -аас  6 сая ам.долларын зээлийг авсан. Зээл маань 2019 онд төлөгдөж дуусахаар урт хугацааны хөрөнгө оруулалтын зээл байсан. Үүгээр түрүүнд дурьдсан Финпак савлагаатай шингэн сүүний шинэ шугам, иогуртны шинэ шугам, хөргөлтийн системээ шинэчлэх зэрэгт хөрөнгө оруулалт хийсэн. 

Үүний үр дүнд манай компанийн борлуулалт 10 дахин нэмэгдсэн байдаг. Мөн эдийн засгийн үр өгөөжөөс гадна сүү нийлүүлдэг малчид маань өмнө нь 5, 10 литр сүү нийлүүлдэг байсан бол өнөөдөр 200, 300 өгдөг болж үнээний нь тоо тэр хэмжээгээр өссөн нийгмийн үр өгөөжтэй хөрөнгө оруулалт болсон. 

Одоогоор зээлийн тал хувь нь төлөгдсөн байгаа.   

Ханшийн зөрүүний алдагдал хэр хүлээж байна?

Ихэнх зээл ам. доллараар болохоор ханшийн зөрүүний алдагдал байгаа. 2013 онд бид нилээн өндөр ханшийн зөрүүний алдагдал хүлээсэн байдаг. 

3 жилийн дараах Сүү хувьцаат компанид өнөөдрийнхөөс ямар өөрчлөлт гарсан байх вэ? Төлөвлөгөө юу байгаа вэ?

За 3 жилийн дараа гэхэд миний харж байгаагаар манай компанийн борлуулалтын хэмжээ 2 дахин нэмэгдсэн байна гэдэгт итгэлтэй байгаа. Мөн үнэлгээ боруулалттайгаа уялдаад өссөн байна байх. Одоо байгаа Сүү ХК-ийн үйлдвэр шиг ахин нэг том үйлдвэр барих төлөвлөгөөтэй байгаа.

Та үйлдвэрээ өргөтгөнө гэж хэллээ. Хөрөнгө оруулалтыг хэрхэн шийдэх вэ?

Бид урт хугацаат хөрөнгө оруулалтаа ерөнхийдөө хувьцаа гаргах замаар шийдээд явахаар, харин богино хугацаанд шаардлагатай санхүүжилтээ бирж дээр бонд гаргах, эсвэл зээлээр шийдвэрлээд явах төлөвлөгөөтэй байгаа. Ер нь бол бид хөрөнгийн бирж талын үйл ажиллагаагаа нэмэгдүүлэе гэсэн бодлоготой байна.

Хувьцаа эзэмшигч тал дээр манай компанид сүүгээ нийлүүлж байгаа 2,500 гаруй малчид, фермерүүд, мөн бүтээгдэхүүнийг маань зарж байгаа мөн хэмжээний дэлгүүрүүд, өдөр бүр худалдан авдаг 170 гаруй мянган өрх манай компанийн хувьцаа эзэмшигч болбол компанийн бодлогод их чухал байгаа. Өөрөөр хэлбэл хэрэглэгч, нийлүүлэгчид маань юу хүсч байгаагаа компанийн Хувьцаа эзэмшигчдийн хурал дээр ирж удирдлагын түвшинд хэлэх, санал оруулах боломж бүрдэж байгаа юм. 

Хэрэглэгчид маань өөрийн хөрөнгө оруулсан компанийнхаа бүтээгдэхүүнийг ч худалдан авна. Гэх мэт давуу талуудыг харж цэвэр 100% үндэсний компани болох зорилго тавьж байна

Зах зээлийн нөхцөл байдал, өрсөлдөөн ямар байна?

Дотоодын зах зээл дээр зарим компаниуд томоохон хэмжээний хөрөнгө оруулалт хийж орж ирсэн. Гэтэл Сүү ХК-ийн өнгөрсөн хугацаанд бий болгосон үнэ цэнэ, хэрэглэгчийн сэтгэл зүйг эвдэхэд хэцүү байна гэдгийг зах зээл хэлж өгч байна. 

Бид 2014 онд компанийн боруулалтын хэмжээг биет дүнгээр 5%-иар нэмэгдүүлсэн, 2015 онд биет дүнгээрээ 1%-иар өсгөсөн. Өөрөөр хэлбэл зах зээл дээр өрсөлдөгчид орж ирж байгаа ч энэ нь манай борлуулалтад нөлөөлөхгүй байна гэж бид үзэж болохоор байгаа. Өдөр тутмын хүнсний хэрэглээний бүтээгдэхүүний хувьд 1%, 5%-ийн өсөлт нь бол өндөр өсөлтөд ордог.

Зах зээлээ цаашид өргөжүүлэх талаар?

Манай компани зөвхөн цэвэр сүүн дээрээ төвлөрсөн, сүү маань 14 хоногийн хугацаатай тул Улаанбаатар хотод борлуулж байна. Гэтэл үүнтэй адил том зах зээл хөдөө орон нутагт байна. Бидний хувьд энэ жил удаан хадгалах боломжтой Тетрапак савлагаатай сүү үйлдвэрлэж хөдөө орон нутагт борлуулах төлөвлөгөөтэй байна. 

Мөн ОХУ болон БНХАУ-д Монгол үнээний сүү гэдгээр асар том зах зээл, бид ч нийлүүлэх сонирхол байгаа. Энэ нь өөрөө бидний цаашид өсөх боломж юм. Учир нь БНХАУ-ын Өвөрмонголын Mengniu, Yily гэсэн хоёр том сүү үйлдвэрлэгч компанийн маркетингийн гол цөм нь тал нутгийн монгол үнээний цэвэр сүү гэсэн маркетингаар улс орондоо борлуулж байна.

Ногдол ашгийн тухайд?

Ногдол ашгийн хувьд IFC-ээс зээл авахад тухайн үед зээлийг бүрэн төлж дуустал ногдол ашиг  хуваарилахгүй гэсэн заалтыг гэрээнд тусгасан байдаг. 
Гэхдээ бид өнгөрсөн жилээс зээлийн гэрээндээ өөрчлөлт оруулахаар зээлдэгч талтай ярилцаж байгаа. Өөрөөр хэлбэл IFC-д “Бид компанийнхаа ашгаас хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг өгмөөр байна” гэсэн хүсэлтийг өгсөн байгаа.

Ярилцлагынхаа төгсгөлд асуухад, та түрээнд одоо хувьцаат компанийн гэдэг байдлаараа ажиллана гэж хэлсэн. Ер нь хувьцаат компанийн гол давуу тал юу вэ? Энэ талаарх таны бодол.

Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй байгаа дийлэнх хувьцаат компаниуд маань уламжлалт хувьцаат компанийн зарчмаар ажилладаггүй. Үүний гол шалтгаан нь хувьцаат компанийн үндсэн шаардлага, давуу талыг мэдэхгүй, ойлгохгүй байна. Үүнээс болоод хувьцааны төвлөрөл их байна. 

Хувьцаат компани зах зээл дээрээс их хөрөнгө оруулалт татах боломжтой. Товчхон хэлбэл бид урт хугацааны хөрөнгө оруулалтыг хувьцаа гарган татаж, харин богино хугацааны эргэлтийн хөрөнгийг банкны зээлээр шийдэх боломжтой байна. Гэтэл одоогийн хувьцаат компаниудыг нийтлэг байдал нь шаардлагатай санхүүжилтээ банкнаас зээл хэлбэрээр авч байна. Жишээ нь : Компанийн эздийн гаргадаг нийтлэг алдаа бол энэ компани 100% миний компани гэдэг байдлаар хардаг, ашигтай ажиллавал ашгаа би өөрөө ганцаараа авна гэдэг боловч компанийн санхүүгийн тайланг задлаад хархаар тухайн компанийн санхүүгийн зардалд төлж байгаа хүүгийн зардалд бол бараг миний харж байгаагаар дотоодын нийт компаниудын 80% нь бараг өнөөдөр олж байгаа ашгаасаа илүү их санхүүгийн зардал, хүүгийн зардал, ханшийн алдагдлын зардал гэх мэтэд алдаж байгаа. 

Тэрийгээ мэдэхгүйгээр ашгаа би 100% аваад байна гэж яваад байдаг, гэтэл та ашгаа авахаасаа өмнө тэр санхүүгийн зардал дээрээ асар их ашгийг банктай хувааж байгаа гэдгээ ойлгохгүй л яваад байна.  Гэхдээ энэ байдал нээх удаан үргэлжилэхгүй, бизнес эрхлэгчид 25 жил алдсан байна одоо харин алдахгүй байлгүй дэ гэж би харж байгаа.

Банк ямар нэг байдлаар зээл олгоход зээлээ барьцаа авч эрсдэлгүй болгож байдаг. Та харин бизнесээ, төлөвлөсөн ажлаа хийгээд ашиг оллоо, түүнээс зээлийн хүүгээ төллөө гэхэд үлдсэн хэсэг нь л таны ашиг болж ирнэ. Хэрэв ямар нэг байдлаар зээл аваад төлөвлөсөн ажлаа хийж чадахгүй болоод таны бизнес бүтэлгүйтвэл банк барьцаалсан хөрөнгөө хураан авч эрсдэлгүй болно. Харин та бүх хөрөнгөө хураалгаад эрсдлээ өөрөө үүрнэ. 

Хувьцаат компани болсоноороо ямар давуу талтай гэхлээр таны бизнесээс олсон ашгаас хөрөнгө оруулагч маань хуваалцана, бас тэд эрсдэлээ давхар үүрээд орж ирж байгаа юм. Тэгэхээр энэ бол нээх дургуйцээд байх зүйл биш болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, санхүүжилтээ босголоо, ажлаа амжилттай явууллаа, эргээд компанийн үзүүлэлтүүдэд асар их эерэг нөлөөтэй. Таны баланс дээр зардал гэж тусдаг байсан зүйл маань ашиг болж тусдаг болно. Ногдол ашиг болоод хуваарилагддаг болно. Энэ нь өөрөө эргээд компанийн боломжийг улам цаашаа өсгөх, дараа дараагийн төслүүдийг амжилттай болоход таньд тус болох тийм компанийн бүтэц, зохион байгуулалт гэдэг утгаар миний хувьд хувьцаа эзэмшигчид, хөрөнгө оруулагчиддаа таниулах талаасаа нилээн ажилласан.

Манай Хөрөнгийн зах зээлийн мэдээ, мэдээллээр дагнасан сайтад зочиноор оролцож, компанийнхаа талаар хувьцаа эзэмшигчиддээ болон хөрөнгө оруулагч нарт хэрэгтэй мэдээлэл өгсөн таньд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.
Баярлалаа

Арилжааны тойм: 2017-11-17

Cимбол Хаалт Өөрчлөлт %
MIB 138 18 15,00%
ITL 132,25 17,25 15,00%
HCH 356,55 46,5 15,00%
BUK 482 62 14,76%
NIE 969,23 89,23 10,14%
ADL 2999 249 9,05%
HBO 64,9 4,9 8,17%
ALI 460 11 2,45%
MMX 2753 64 2,38%
TUS 335 5,04999 1,53%
RMC 38,37 0,37 0,97%
GOV 23960 140 0,59%
UID 505 1,73999 0,35%
SHG 2205 5 0,23%
SUU 224,67 0,179995 0,08%
Cимбол Хаалт Өөрчлөлт %
UBH 14950 -1050 -6,56%
SHV 2247 -45 -1,96%
TTL 9390 -50 -0,53%
JTB 62 -0,279999 -0,45%
APU 798,96 -2,51998 -0,31%
Cимбол Ширхэг
APU 61 499
SUU 43 609
ITL 32 579
RMC 30 997
SHG 2 189
Cимбол Мөнгөн дүн
ADL 14 995
ALI 13 340
APU 49 135 357
BEU 170 400
BUK 24 100