Өнөөдөр Монгол Шилтгээн /MSE:MSH/ компанийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 24 хувьцаа эзэмшигчийн 97.5%-ийн ирцтэйгээр хуралдлаа.
Хурлаар 2013 оны компанийн санхүүгийн тайлан, түүнд хийгдсэн хараат бус аудиторын дүгнэлт, 2013 оны компанийн бизнес үйл ажиллагааны тайлан, 2014 оны зорилт, ТУЗ-ийн гишүүдийг сонгох гэсэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.
Компанийн үйл ажиллагааны тухайд:
Компани 2013.05.25-ний өдрөөс 10.01 хүртэл Зочид буудал, Ресторан, Наран шарлагын газар гэсэн чиглэлийн 129 өдөр 8 хэсэгтэйгээр үйл ажиллагаа явуулжээ.
Зочид буудал: Өнгөрсөн онд хэрэмний дотор 1512 зочин, гадаах эсгий гэртээ 1094 зочин, наран шарлагаар 1231 зочин, нийт 4875 хүн хүлээн авчээ. Зочид буудлын өрөө ашиглалт 22.8%-тай байсан ба өмнөх оноос 5.7%-иар буурсан байна.
Зочдыг задлан харвал: хувиараа ирсэн гадаад иргэн 172, дотоод иргэн 417, Тур оператораар ирсэн 923 хүн, бусад байгууллагаар 1008 хүн, гадаа гэрээр үйлчлүүлсэн 1094, наран шарлагаар 1231 хүн тус тус үйлчлүүлжээ.
Ресторан: Тус компанийн үйл ажиллагааны гол орлогыг рестораны үйлчилгээ бүрдүүлдэг ба тайлант хугацаанд буудалд буусан зочдоос гадна ОХУ, АНУ зэрэг орны байгууллага, Оюу толгой ХХК-ийн 700 хүний арга хэмжээ зэргийг зохион байгуулжээ.
Наран шарлагын газар, гэр: Мөн онд наран шарлагын газартаа 8 байшин, 44 гэрийг ажлуулсан байна. Гэрний хувьд 32 гэрийг иргэдэд зуслангийн зориулалтаар түрээсэлсэн бол 12 гэрийг буудлын зориулалтаар ажлуулсан байна.
Санхүүгийн үйл ажиллагааны тухайд
Монгол шилтгээн /MSE:MSH/ нь 2013 онд нийт 934.3 сая төгрөгийн цэвэр борлуулалтын орлого олж, 234.6 сая төгрөгийн зардалтай ажилласан ба тайлант хугацаанд 190.8 сая төгрөгийн алдагдалтай ажилласан байна.
Үйл ажиллагааны орлогыг задалбал, Рестораны орлого 553.3 сая төгрөг, зочид буудал 246.8 сая төгрөг, наран шарлага 66.9 сая төгрөг, бусад эх үүсвэрээс 67.3 сая төгрөгийн орлого олжээ. Компани мөн онд алдагдалтай ажилласан тул ногдол ашиг хуваарилахгүй байхаар шийдвэрлэжээ.
Симбол | Биржид бүртгэгдсэн | Хувьцааны тоо | Салбар | Хаалтын ханш |
---|---|---|---|---|
MSE:MSH | 2005-05-25 | 10 000 000 | 323 (2023-05-18) |