Мэдээний дэлгэрэнгүй

2019-08-12
0 сэтгэгдэл

Өмнөх нийтлэлээрээ нэгж хувьцаанд ногдох ашиг EPS болон үнэ ашгийн харьцаа / PE ratio /-ийн талаар та бүхэнд хүргэсэн.

Энэ удаа Дансны үнэ буюу Book value болон хувьцааны зах зээл дээр ханшийн харилцан хамаарал, түүнийг үндэслэн хувьцааны үнэ цэнийг тодорхойлох, хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахтай холбоотой мэдээллийг хүргэж байна.

Дансны үнэ / Book value/ гэж юу вэ?
Энэ нь компанийн үйл ажиллагааг зогсоож, бүх хөрөнгийг нь зарж борлуулан түүнээс өр төлбөрийг төлөөд үлдэгдэл хөрөнгийг хуваарилахад 1 ширхэг хувьцаанд хэдэн төгрөг ногдохийг харуулдаг. 

Тооцоолох аргачлал: Дансны үнэ = (Нийт хөрөнгө – Өр төлбөр) / Нийт гаргасан хувьцааны тоо

Уг үзүүлэлтийг хөрөнгө оруулагчид, тоглогчид 2 зүйл дээр голчлон ашигладаг. Үүнд:

1. Ханш өсөх боломжийг тодорхойлох
Хөрөнгө оруулагчид, шинжээчид тухайн компанийн хувьцааны зах зээлийн ханштай харьцуулан авч үзэж, дансны үнэ нь хувьцааны ханшаас өндөр байвал ханш цаашид өсөх боломжтой гэж үздэг.

2. Ногдол хувийн төлбөр авах
Компани тодорхой шалтгааны улмаас татан буугдах, эсвэл нээлттэй хувьцаат компанийн хувьд хэлбэрээ өөрчлөн “ХХК” болох үед хувьцаа эзэмшигчиддээ хөрөнгөө хуваарилдаг. Энэ үед дансны үнэ нь хувьцааны ханшаас өндөр байвал тухайн хөрөнгө оруулагч үнийн зөрүүнээс ашиг олох боломжтой болдог.

Монголын Хөрөнгийн Биржийн үнэт цаасны III ангилалд бүртгэлтэй Алтайн зам /MSE:AZH/-ийн нэгж хувьцааны дансны үнэ 182,995₮ /2018/ байсан бол зах зээл дээр хувьцааны ханш нь 694.35₮ байв. Өөрөөр хэлбэл, дансны үнэ хувьцааны зах зээлийн ханшаас 263 дахин өндөр байсан гэсэн үг. 

Энэ нь хөрөнгө оруулагчдийн хувьд дээр өгүүлсэн 2 боломжийг харвал хамгийн ашигтай хөрөнгө оруулалт болж байгаа юм. Иймд тус компанийн хувьцаа 1 жилийн хугацаанд огцом өсөлт үзүүлж 58,000₮-т хүрсэн байдаг.


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.