Мэдээний дэлгэрэнгүй

2019-09-10
0 сэтгэгдэл

МХБ-ийн II ангилалд бүртгэлтэй Монгол базальт /MSE:MBW/-ийн хувьцаа сүүлийн үед хоёрдогч зах дээр эрэлт өндөртэй байна. Тухайлбал, 2019 он гарснаас хойш зах зээл дээр 886 сая төгрөгийн арилжаа хийгдсэн.

Дийлэнх дотоодын хөрөнгө оруулагчид богино хугацаанд хөрөнгө оруулалт оруулж, эргээд гарах алхамуудыг хийж байгаа нь зах зээл, хувьцааны ханшид сөргөөр нөлөөлж байгаа талаар мэргэжилтнүүд хэлдэг.

Харин Монгол базальт /MSE:MBW/-ийн хувьд онцлон харах нэг үзүүлэлт байгаа нь эхний 8 сард хийгдсэн арилжааны 80%-ийг гадны хөрөнгө оруулагчид хийжээ. Үүнээс сүүлийн 4 сард гадны хөрөнгө оруулагчдын идэвхи огцом өсөлттэй байгааг доорхи графикаас харж болохоор байна.

vgGINO.png

Дээр нь Монголын хөрөнгийн зах зээл дээр 2017 оноос хойш IPO гаргасан компаниудаас хамгийн олон гадаад хөрөнгө оруулагчтай компани юм.
Ийнхүү компанийн хөрөнгө оруулагчдын бүтэц өөрчлөгдөж, урт хугацааны хөрөнгө оруулагчид орж байгаа нь хувьцааны ханшийг цаашид дэмжих гол нөхцөл болно гэж шинжээчид үзэж байна.

“Гаули” ҮЦК-ийн шинжээч Ж.Мөнхбаатар тус компанийн ханш энэ оны 12 сарын эцэс гэхэд 376.8₮ төгрөгт хүрэх төлөвтэй байгаа талаар таамаг дэвшүүлэв. Одоогийн байдлаар хувьцааны ханш нь /2019.09.09/ 2019 оны эхнээс 17.4%-иар өсч 309.99₮-т байгаа.

vgGTxq.png

Компанийн үйл ажиллагааны тухайд эхний хагас жилд борлуулалтын орлого нь өмнөх оны мөн үеэс 74%-иар өсч, нэгж хувьцаандаа EPS = 2.19₮-ийн ашигтай ажилласан зэрэг эерэг үзүүлэлтүүд гарсан.

Энэ нь мэдээж дотоодын барилгын салбарт бүтээн байгуулалт эрчимтэй хийгдэж буй нь тус компанийн бүтээгдэхүүний эрэлтийг нэмэгдүүлж байгаатай шууд холбоотой. Гадаад зах зээлд бүтээгдэхүүнээ экспортод гаргахаар компани ажиллаж байгаа талаар хэлэх хэрэгтэй. 

Энэ талаар Монгол базальт /MSE:MBW/-ийн Гүйцэтгэх захирал А.Энхгэрэл “МАРКЕТ ИНФО” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Ойрын хугацаанд бид масс хэрэглээнд нийлүүлэх хэмжээнд бүтээгдэхүүнээ нөөцлөөд дариу БНХАУ-н зах зээл рүү гарна гэж тооцоолж байна. Энэ бол нэг удаагийн борлуулалт биш, урт хугацаанд, тогтвортой ханган нийлүүлэгч болоход чиглэсэн алхам” гэж хэлсэн.

Компанийн товч мэдээлэл

Симбол Биржид бүртгэгдсэн Хувьцааны тоо Салбар Хаалтын ханш
MSE:MBW 2018-04-05 56 417 000 288 (2019-09-20)

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.