Мэдээний дэлгэрэнгүй

2020-12-01
0 сэтгэгдэл

2021 оны 1 сард Монгол Улсад хөрөнгийн зах 30 насны босгыг давна. Тэгвэл Монголын Хөрөнгийн Биржийн үнэт цаасны I,II,III ангилалд төр, хувийн хэвшлийн 194 хувьцаат компани бүртгэлтэй байна. Үүнээс 20 орчим нь төрийн 100%-ийн өмчит компани бол үлдсэн компаниуд нь хувьчлагдаж хувийн өмчит компаниуд юм. 

Хувьд шилжсэн хувьцаат компаниудын дунд өнөөдөр үйл ажиллагаагаа огт явуулдаггүй, хувьцаа эзэмшигчдийнхээ эрх ашгийг зөрчиж Хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийгдэггүй, хувьцаа нь зах зээл дээр арилждаггүй, үнэ цэнэгүй болсон компаниуд байсаар. 

Эдгээрийг манай улс зах зээлийн эдийн засагт шилжих үед менежментийн алдаатай бодлого, эдийн засгийн хүндрэл зэргээс болж үйл ажиллагаагаа явуулж чадалгүй зогсоосон нэр төдий компаниуд гэж хэлж болох юм.

Хамгийн харамсалтай нь дээрх нэр төдий хувьцаат компаниуд өнөөг хүртэл Монголын Хөрөнгийн Биржид бүртгэлтэй, мөн зарим нэг компанийнх нь хувьцаа арилжигдсан хэвээр байна.

Энэ нь иргэд хөрөнгийн зах зээлийг сонирхож хөрөнгө оруулалт хийх сонирхол нь нэмэгдэж байгаа энэ үед ямарч үйл ажиллагаа явуулдаггүй, мэдээлэлгүй компаниудын хувьцааг авч хөрөнгийг нь эрсдэлд оруулах, цаашлаад олон нийтийн дунд хөрөнгийн зах зээлийн нэр хүндийг унагах аюулыг тарьсаар байгаа юм. Шулуухан хэлэхэд тэд хөрөнгийн зах зээлийн хөгжилд саад болж байгаа.

Үүнийг батлан хэдэн статистик тоо дурьдая:  
1. Сүүлийн 1 жилийн хугацаанд МХБ-д бүртгэлтэй компаниудын 58%-ийнх нь хувьцааны арилжаа огт явагдаагүй. /Үүний дотор 20 жилийн хугацаанд огт арилжигдаагүй хувьцаа ч бий/

2. Сүүлийн 1 жилийн хугацааны МХБ-ийн арилжааны үзүүлэлтийг харвал ердөө 30 компанийн хувьцааны арилжаа нь зах зээлийн нийт арилжааны 97%-ийг бүрдүүлж.

3. 2020 онд нийт компаниудын 32% нь хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа хугацаанд нь хуралдуулаагүй учир СЗХ-ноос Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрхийг дуусгавар болсныг зарласан. Өөрөөр хэлбэл жижиг хувьцаа эзэмшигчдийнхээ гол эрх болох компанийн удирдлагад оролцох эрхийг зөрчсөн. /Үүний дотор сүүлийн 4 жилд ТУЗ-ийн бүрэн эрх нь дуусгавар болсон компаниуд ч байгааг хэлэх хэрэгтэй/

4. Бүртгэлтэй компаниудын 25% нь 2019 оны ашгаас хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг олгосон.

Монголын Хөрөнгийн Биржээс 42 компанид үйл ажиллагаагаа сайжруулах, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх анхааруулга хүргүүлж, хугацаатай үүрэг чиглэл өгсөн. Тэгвэл уг хугацаа нь 2020.12.01-ний өдрөөр дуусгавар болж байгаа.

Цаашид Монголын Хөрөнгийн Бирж болон Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс дээрх компаниудыг бүртгэлээс хасах дорвитой арга хэмжээ авч, 30 жил лангуун дээр байсан чанаргүй бараануудаа цэвэрлэх, шинэчлэх цаг болжээ.


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.