Мэдээний дэлгэрэнгүй

2021-02-22
0 сэтгэгдэл

Та бүхэн мэдэж байгаачлан Ард санхүүгийн нэгдэл /MSE:AARD/ болон түүний хамаарал бүхий компаниудын хувьцаа Монголын хөрөнгийн бирж дээр огцом өсч байгаа. 

Үүний ерөнхий шалтгаанийг сийрүүлбэл, 2020 оны 1-р сарын сүүлээр УИХ-аас “Банкны тухай хууль”-ийг шинэчлэн баталснаар системийн нөлөө бүхий банкууд нээлттэй хувьцаат компани болох, бусад банкууд нээлттэй эсвэл хаалттай компани болохоор болсон. Үүний дараа Ард санхүүгийн нэгдэл /MSE:AARD/-ийн Гүйцэтгэх захирал Ч. Ганхуяг “тус компани арилжааны банкны тодорхой хэмжээний хувьцааг авч, хөрөнгө оруулалт хийхээр ажиллаж байгаа” талаар мэдэгдсэн байдаг. 

Үүнд мөнгө хэрэгтэй тул “Ард Холдингс Интернэйшнл”ХХК-ийн эзэмшилд байгаа Ард санхүүгийн нэгдэл /MSE:AARD/-ийн 10.5%-ийг /2.87 сая ширхэг/-ийг биржээр дамжуулан худалдах, ингэхдээ “Монголын эгэл жирийн иргэдийг оролцуулах бодлогыг баримтлан нээлттэй буюу crowdfunding хэлбэр”-ийг давхар ашиглах талаар компанийн цахим хуудсанд мэдээлсэн юм.

Одоо бидэнд мэдэгдэж байгаагаар иргэд шууд бус замаар буюу “Ард”-аар дамжуулан аль нэг арилжааны банк эзэмшигч болно гэсэн үг. Үүнийг доорх схемээр харуулав.

Үүнд нэг дутагдал байгаа нь арилжааны банкны банк ногдол ашиг тараасан тохиолдолд давхар зардлууд, татвар суутгагдаж хөрөнгө оруулагч иргэдэд хүртэх өгөөж нь буурахаар харагдаж байна. Мэдээж дээр дурьдсан Банкны хуулийн дагуу арилжааны банкууд хөрөнгийн бирж дээр IPO гаргах үед иргэд шууд хувьцааг нь худалдан авах боломж бий гэдгийг энд дурьдах нь зүйтэй болов уу.

Ямар банк худалдан авах вэ?
Хувьцаагаа зарсан “Ард Холдингс Интернэйшнл”ХХК-ийн зүгээс одоогоор ямар банкны хувьцааг худалдан авах талаар мэдээлэл гаргаагүй байгаа. Гэхдээ таамаглаж болохоор мэдээлэл бол түүний охин компани болох “Ард Секюритиз”ҮЦК нь Богд Банкны хувьцааны андеррайтераар ажиллах гэрээг 2021.02.03-ны өдөр байгуулсан юм. Тус банкны хувьд 20%-иа олон нийтэд худалдана. Иймд тодорхой бус зүйлүүд байгаа юм.

“Ард”-ынхны хувьцаа эзэмшлийн хөдөлгөөн
Дээрх үйл явдлуудаас улбаалан өнөөдөр Ард санхүүгийн нэгдэл /MSE:AARD/-ийн хувьцаанаас гадна Ард даатгал /MSE:AIC/Ард кредит ББСБ /MSE:ABD/-ийн хувьцаа хөрөнгийн бирж дээр сүүлийн хэдэн 7 хоног эрс идэвхижиж байгаа ба нөгөө талаас хувьцааны нийлүүлэлтийг дээрх 3 компанийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигчдээс хийсээр байна.

Data.marketinfo.mn-ийн дата үзүүлэлтээс харвал Ард санхүүгийн нэгдэл /MSE:AARD/-ийн хувьцааны 5% буюу түүнээс дээш эзэмшигчдийн эзэмшил хувь хэмжээ 2-р сар гарснаас хойш 38.22%-иас 28.06% болтол, Ард даатгал /MSE:AIC/-ийн хувь хэмжээ 70.67%-иас 55.85% болтол, Ард кредит ББСБ /MSE:ABD/-ийн хувь хэмжээ 71%-иас 59.76% болтол тус тус буурсан нь харагдаж байна.

Харин хувьцаа худалдан авагч нь Ард санхүүгийн нэгдэл /MSE:AARD/-ээр дамжуулан банкны хувьцаа худалдан авахаар зорьж буй иргэд хөрөнгө оруулагчид бөгөөд үүнийг доорх дата үзүүлэлт илтгэж байна. Тухайлбал, 2021.01.31-нээс 2021.02.19-ний хооронд Ард санхүүгийн нэгдэл /MSE:AARD/-ийн жижиг хувьцаа эзэмшигчдийн тоо +67%-иар огцом өсчээ.

“Ард”-ын хувьцааны ханш
Ард санхүүгийн нэгдэл /MSE:AARD/-ийн хувьцаа 2021 он гарснаас хойш нийтдээ +288.23%-ийн өсөлт үзүүлээд байгаа ба үүнийг дээрх үйл явдлуудтай холбоотой үүссэн эрэлт үүсгэв. Ард даатгал /MSE:AIC/-ийн хувьцааны ханш мөн л +85.01%-иар өссөн бол Ард кредит ББСБ /MSE:ABD/-ийн ханш +63.37%-ийн өсөлт үзүүлжээ.

Санхүүгийн үр дүнгийн тухайд Ард санхүүгийн нэгдэл /MSE:AARD/-ийн 2020 оны тайлан хараахан зарлагдаагүй байгаа ба 2020 оны эхний хагас жилд 777.16 төгрөг буюу нэгж хувьцаанд EPS = 27.16₮-ийн ашиг олж байжээ. Хувьцааны дансны үнэ 1776.19₮, PE харьцаа 251.29₮ байна. 

/Санхүүгийн тайлан бүрэн гарсны дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх болно/

Компанийн товч мэдээлэл

Симбол Биржид бүртгэгдсэн Хувьцааны тоо Салбар Хаалтын ханш
MSE:AIC 2018-02-15 25 000 000 1421 (2021-02-26)
MSE:ADB 2018-11-30 280 000 000 216,03 (2021-02-26)
MSE:AARD 1992-02-04 28 614 263 10580 (2021-02-26)

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.