Мэдээний дэлгэрэнгүй

2021-05-03
0 сэтгэгдэл

Сүү /MSE:SUU/ компани 2021 оны хувьцаа эзэмшигчдийн хурлаа өнгөрөгч баасан гарагт хуралдуулан 2020 оны үр дүнгээ хэлэлцэв. Хурлаар хэлэлцсэн онцлох нэг асуудал нь өнгөрсөн хугацаанд охин компанийн хэлбэрээр явж ирсэн “Макс агро”ХХК-ийг өөртөө нэгтгэх тухай асуудал байв. Гэвч хувьцаа эзэмшигчдийн олонхи нь уг асуудлыг дэмжсэнгүй.

Үйл ажиллагааны тухайд Сүү /MSE:SUU/ нь  тайлант хугацаанд 18.9 сая литр сүүг 2,500 гаруй бэлтгэн нийлүүлэгчдээс 17.8 тэрбум төгрөгөөр худалдан авчээ. Үүний 660 гаруй мянган литр сүүг Макс агро ХХК нь нийлүүлсэн байна.

Мөн Засгийн газраас олгож буй 500₮-ийн /1 литр тутамд/ сүүний урамшуулалын 51%-ийг тус компанийн бэлтгэн нийлүүлэгчид авчээ. Улсын хэмжээнд 2020 онд 6.6 сая литр сүүнд 3.2 тэрбум төгрөгийн урамшууллыг олгосон аж. 

Санхүүгийн үр дүн:
Компани 2020 онд борлуулалтын орлого +9.5%-иар, цэвэр ашиг +10.7%-иар тус тус өссөн. Орлогынхоо 59%-ийг сүүнээс, 28%-ийг тараг, 3%-ийг зайрмаг, 10%-ийг бусад бүтээгдэхүүний борлуулалтаас олов.

Тэгвэл Сүү /MSE:SUU/ энэ онд ихээхэн амбицтай санхүүгийн төлөвлөгөө гаргаснаа хурлын үеэр зарлалаа. Үүнд 2021 онд борлуулалтаа 110.3 тэрбум төгрөгт буюу +33.0-иар, цэвэр ашгаа 13.7 тэрбум төгрөгт буюу +121%-иар өсгөхөөр төлөвлөжээ. 

Мөн 2021 оны хэрэгжүүлэх бусад үр дүн болон ажлуудаас дурьдвал:
- Үйл ажиллагаандаа 11.1 тэрбумийн хөрөнгө оруулалт хийх
- Зайрмагын үйлдвэрлэл, борлуулалтыг 5 дахин нэмэгдүүлэх
- Орон нутгийн борлуулалтаа +54%-иар
- 1,151 бэлтгэн нийлүүлэгчдэд 135,000 ширхэг, 470 ажилтандаа 566,000 ширхэг, 3,700 харилцагчдаа 515,000 ширхэг хувьцааг урамшуулал хэлбэрээр олгох

Ногдол ашгийн тухайд:
Сүү /MSE:SUU/ компани 2016 оноос хойш ногдол ашиг тасралтгүй олгож байна. Энэ хугацаанд нийтдээ 9.87 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчиддээ олгожээ. 

Сүүлд 2020 оны ашгаас нэгж хувьцаандаа 7.36₮ буюу 2.53 тэрбум төгрөг олгохоо зарлаад байгаа. Тэгвэл хувьцаа эзэмшигчдийн хурлын үер ТУЗ-ийн дарга Д.Ганбаатар “ Ирэх онд олгох ногдол ашгийн дүнг багадаа 2 дахин буюу 14₮ болгон нэмэгдүүлэхээ амлав”. Мөн түүнчлэн компанийг цаашид илүү нээлттэй, олон нийтийн болгох хүрээнд хувьцааныхаа 50%-ийг зах зээлд гаргах хүсэл зорилго байгаа гэдгээ мэдэгдлээ.

Компанийн санхүүгийн болон хувьцааны талаарх дэлгэрэнгүй үзүүлэлтийг энд дарж үзнэ үү. 

Компанийн товч мэдээлэл

Симбол Биржид бүртгэгдсэн Хувьцааны тоо Салбар Хаалтын ханш
MSE:SUU 1992-08-31 344 000 000 208,59 (2021-05-07)

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.