Монголын банкны систем дотроо хөрөнгийн хэмжээгээрээ 3-т жагсдаг Голомтбанк хөрөнгийн зах дээр IPO гаргахаар Road show-ны ажлыг эхлүүллээ. Тэд энэ сарын 9-ний өдөр Санхүүгийн Зохицуулах Хорооноос хувьцаагаа худалдах зөвшөөрлөө авсан юм.
Тус банкны хувьд 2022 оны 3-р улирлын байдлаар 8.47 их наяд төгрөгийн нийт хөрөнгөтэй, 705.0 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгөтэй байгаа ба тайлант хугацааны ашиг 78.4 тэрбум төгрөгт хүрсэн. Энэ ашгийн хэмжээ нь банкны хувьд түүхэндээ байгаагүй дээд гүйцэтгэлтэй болжээ.
Зах зээлд нийт 80.4 сая ширхэг хувьцааг нэг бүрийг 1,285.0₮ төгрөгөөр худалдаж, 103.3 гаруй тэрбум төгрөг босгохоор төлөвлөж байна. /Хөрөнгө оруулагчдад компанийнхаа 10.09%-ийг худалдана/
2-р улирлын байдлаарх P/B харьцаа нь 1.43 байгаа нь Төрийн банкны үзүүлэлттэй харьцуулбал 0.4 орчим функтээр өндөр байгаа бол ТОП-20 индекс (2.6) болон МХБ-ийн зах зээлийн дунджаас (2.1) харьцангуй доогуур байна. Харин 2021 онд АНУ-н банкны салбарын дундаж P/B харьцаа 1.3 байжээ. Уг үзүүлэлт нь тухайн компанийн 1₮-ийн хөрөнгөд төлж буй зах зээлийн үнийг илэрхийлдэг бөгөөд компанийн үнэлгээг тооцоход өргөн ашиглагддаг юм.
Хувьцааны анхдагч зах зээлийн захиалгыг 23-ны өдрөөс эхлэн үнэт цаасны компаниудаар дамжуулан авч 30-ны өдөр хаахаар төлөвлөжээ.
Банк нь Төрийн банкны нэгэн адил МХБиржийн I ангилалд шууд бүртгэгдэж, амжилттай арилжигдсан тохиолдолд дотоодын зах зээлийн нийт үнэлгээг 1,023.6 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр байна.