ХУВЬЦААГАА ОЛОН НИЙТЭД АНХ УДАА САНАЛ БОЛГОХ БУЮУ IPO

Олон улсад бизнес эрхлэгчид өөрийн бизнесээ тодорхой хугацаанд эрхэлж байх суурь олсны дараагаар цаашид өргөжүүлэх, том компани болгох стартегийн зорилго нь хөрөнгийн зах зээл дээр IPO гаргах сонголт байдаг. Үүнийг бид олон компанийн жишээн дээрээс харж болно.

Хувьцаагаа гаргах нь бизнес эрхлэгчдэд урт хугацаатай, зардал багатайгаар хөрөнгө оруулалт босгох боломжийг олгодог хөрөнгө оруулалтын сонгодог арга хэрэгсэл юм.

IPO гаргах үйл ажиллагаа нь Монголын Хөрөнгийн Бирж дээр 2005 оноос хойш эхэлсэн байдаг.

IPO гаргасан компанийн талаарх мэдээллийг энд дарж харна уу.

ТАНД МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ ДЭЭР ХУВЬЦАА БОЛОН БОНД ГАРГАН ӨӨРИЙН БИЗНЕСТ НЭН ШААРДЛАГАТАЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ХҮҮГҮЙ, УРТ ХУГАЦААТАЙГААР ТАТАХ БҮРЭН БОЛОМЖ БАЙНА. ТА УГ БОЛОМЖИЙГ БИТГИЙ АЛД...

IPO ГАРГАХЫН ДАВУУ ТАЛ

  • Зах зээл дээр өндөр үнэлэгддэг:
    Хөрөнгийн биржид бүртгэлтэй нээлттэй хувьцаат компанийн үнэлгээ ХХК-иас илүү өндөр байдаг. Учир нь компанийн үйл ажиллагаа, санхүү, удирлагын мэдээлэл нь олон нийтэд ил тод байдаг учраас хөрөнгө оруулагчдын итгэлийг төрүүлж, зах зээл өөрөө танай компанийн хувьцааны бодит үнэлгээг тогтоодог.
  • Хугацаагүй, зардал хэмнэх:
    Хувьцаа худалдан авсан хөрөнгө оруулагч зээлдэгч бус, хувьцаа эзэмшигч болдог учраас компаниас хүүгийн төлбөр нэхэхгүй, эргэн төлөх хугацаа байдаггүй.
  • Компанийг илүү хүчирхэг болгодог:
    Хувьцаа эзэмшигч бүр хамтран компанийг илүү өргөжүүлэн томруулахаар ажиллах болно.
  • Дахин санхүүжилт татах:
    Хувьцаат компани дахин хэдэн ч удаа нэмэлт хувьцааг зах зээл дээр гаргаж хөрөнгө оруулагчдаас санхүүжилт татаж болно.
  • Компанийн сайн засаглал, сайн имиж бий болно:
    Нэг, хоёр хүний эзэмшлийн бус хэдэн зуун хүн компанийн хувьцаа эзэмшигч болж, хувьцаа эзэмшигчдийн хурлаар компанийн чухал шийдвэрүүдийг хамтаар гаргадаг. Сайн засаглал нь хөрөнгө оруулагчдыг соронзон мэт татдаг.
  • Компанийн менежмент сайжрана:
    Компанийн хувьцаа эзэмшлээр дамжин менежментэд гадаад, дотоодын чадварлаг экспертүүд орж ирэх боломжийг бүрдүүлнэ.

ХЭРХЭН IPO ГАРГАХ ВЭ?

Танай компани Хөрөнгийн зах зээл дээр IPO гаргахад дараах алхамыг шат дараатайгаар хэрэгжүүлнэ.

  • Алхам 1: Компанийн удирдлагуудын түвшинд Хөрөнгийн зах зээл дээр үнэт цаас гаргахаар урьдчилан /албан бусаар/ шийдвэрлэж, судалгаа хийх хэрэгтэй. *Практикт компаниудад IPO гаргах буюу олон нийтэд нээлттэй хувьцаат компани болох албан ёсны Хувьцаа эзэмшигчдийн шийдвэр гаргахад мэдлэгэээс шалтгаалан мэргэжлийн андеррайтерын компанийн зөвлөгөө, тусламж шаардагддаг. Иймд албан ёсны шийдвэр нь Алхам-2-т хийгдэх үйл ажиллагаа юм.
  • Алхам 2: Андеррайтерын компанийг сонгож, хамтран ажиллах гэрээ байгуулна. Андеррайтерын компани нь IPO амжилттай болж хөрөнгө оруулалтаа бүрэн татаж чадах эсэхэд чухал үүрэгтэй байдаг. Үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөлтэй Андеррайтерын компаниудыг энд дарж харна уу.
  • Алхам 3: Энэ шатанд Андеррайтерын компанийн голлох удирдлагаар компанийн нөхцөл байдалд шинжилгээ хийх, Хөрөнгө оруулагчдад танилцуулах “ҮНЭТ ЦААСНЫ ТАНИЛЦУУЛГА /prospectus/-ыг бэлтгэх, IPO гаргахад зөвшөөрөл олгодог эрх бүхий байгууллагын /Санхүүгийн Зохицуулах Хороо болон Монголын Хөрөнгийн Бирж/ бүртгэлийн шалгуурыг хангах үйл ажиллагаа явагдана. Тухайлбал:
    • Санхүүгийн тайланд хараат бус “Аудит”-ын дүгнэлт гаргуулах
    • Компанид хөрөнгийн болон бизнесийн үнэлгээг хөндлөнгийн “Үнэлгээ”-ний байгууллагаар дүгнэлт гаргуулах
    • Компанийн бичиг баримтад хөндлөнгийн “Хууль”-ийн компаниар дүгнэлт гаргуулах
    • Андеррайтерын компанийн дүгнэлт гаргах
  • Алхам 4: Санхүүгийн Зохицуулах Хороо болон Монголын Хөрөнгийн биржид IPO гаргах хүсэлтээ хүргүүлэх ба дээрх 2 байгууллагаас холбогдох хууль тогтоомж, журмын дагуу хяналт шалгалтын үйл ажиллагаагаа эхлүүлнэ. Мөн шийдвэр гаргана.
  • Алхам 5: Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад хувьцаагаа худалдахаар сурталчилгааны /Road show/ ажил явагдана.
  • Алхам 6: Хөрөнгө оруулагчдаас хувьцаа худалдан авах захиалыг Брокерын компаниудаар дамжуулан авна.
  • Алхам 7: Хувьцааны арилжаагаа зохион байгуулж, компани хэрэгтэй хөрөнгө оруулалтаа босгоно.

Дээрх алхамууд нь практикт дунджаар 6 сар орчимын хугацаанд явагдана. Сүүлийн үед эрх бүхий байгууллагууд бүртгэл, хяналтын үйл ажиллагаагаа хөнгөвчлөх талаар идэвхи санаачлагатай ажиллаж байгааг дашрамд дурдах хэрэгтэй.

АНХААРУУЛГА: Алхам 3-т дурьдагдсан Аудит хийлгэх, Хуулийн дүгнэлт гаргах, Хөрөнгийн болон Бизнесийн үнэлгээний дүгнэлт гаргах компаниуд нь Санхүүгийн Зохицуулах Хорооноос үнэт цаас гаргахаар ажиллаж буй компанид тус тусын үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлийг авсан байх ёстой. Иймд та бүхэн зөвшөөрөлтэй компанитай гэрээ байгуулан ажиллах шаардлагатай.

  • Үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөлтэй Аудитын компаниудыг энд дарж харна уу.
  • Үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөлтэй Хуулийн компаниудыг энд дарж харна уу.
  • Үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөлтэй Үнэлгээний компаниудыг энд дарж харна уу.

IPO ГАРГАХ АНГИЛАЛ БА ШАЛГУУР

Танай компани үнэт цаас гаргах бол “Үнэт цаасны зах зээлийн тухай” хууль, Монголын Хөрөнгийн Биржийн “Бүртгэлийн журам, Санхүүгийн Зохицуулах Хорооны “Үнэт цаасны бүртгэлийн журам”-д заасан шалгуур үзүүлэлтийг хангасан байх шаардлагатай.

Монголын Хөрөнгийн Бирж нь шинээр хувьцаа гаргаж буй компанийг 3 ангилалд бүртгэдэг бөгөөд ангилал бүр өөрийн шалгууртай.

Шалгуур 1-р ангилал 2-р ангилал 3-р ангилал
1. Зах зээлийн үнэлгээ 10,0 тэрбум төгрөгөөс дээш 1,0 тэрбумаас төгрөгөөс дээш 1 тэрбумаас доош
2. Олон нийтэд санал болгох хувь 25% 15% -
3. Aрилжаалагдсан хугацаа 2 жил - -
4. Үйл ажиллагаа явуулсан жил 3-аас дээш 2-оос доошгүй 1-ээс доошгүй
5. Борлуулалтын орлогын хэмжээ 10 тэрбум төгрөгөөс дээш 1 тэрбум төгрөгөөс дээш -
6. Ашигт ажиллагааны үзүүлэлт 1,0 тэрбум төгрөгөөс дээш Ашигтай байх -
7. Андеррайтертай байх тийм тийм тийм
8. Үнэт цаасны танилцуулга бэлтгэх тийм тийм тийм
9. Компанийн засаглалын зарчмыг дагаж мөрдөх Тийм Тийм (үгүй бол тайлбар) Тийм (үгүй бол тайлбар)
10. Санхүүгийн тайлагнал Сүүлийн 3 жил СЗХ-нд бүртгүүлсэн Аудитын компаниар аудит хийлгэсэн байх Сүүлийн 2 жил СЗХ-нд бүртгүүлсэн Аудитын компаниар аудит хийлгэсэн байх -
11. Өр төлбөр Төлөх хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх - -

Жич: 3-р ангилалд шинэлэг санаа бүхий эрсдэл өндөр жижиг дунд бизнес эрхлэгч компаниуд, ашигт малтмалын хайгуул хийх болон ашиглалтын тусгай зөвшөөл бүхий компаниудыг бүртгэгдэх боломжтой.

IPO ГАРГАХАД ГАРАХ ЗАРДАЛ

Компани Хөрөнгийн зах зээл дээр ШИНЭЭР үнэт цаас гарган санхүүжилт босгоход гарах гол зардлыг БЭЛТГЭЛ ҮЕ-ийн болон БҮРТГЭГДЭХ ҮЕ-ийн гэж ангилж болно.

IPO ГАРГАХ БЭЛТГЭЛ ҮЕИЙН ЗАРДАЛ:

Зардлын төрөл Дүн Тайлбар
1 Аудитын үйлчилгээний хөлс n/a Гэрээгээр тохиролцдог
2 Үнэлгээний тайлан гаргах үйлчилгээний хөлс n/a Гэрээгээр тохиролцдог
3 Хуулийн үйлчилгээний хөлс n/a Гэрээгээр тохиролцдог
4 Андеррайтерын компанийн хөлс n/a Гэрээгээр тохиролцдог

Бэлтгэл үеийн зардал нь танай компани Шинээр хувьцаа гаргах /IPO гаргах/, Нэмж хувьцаа гаргах болон Бонд гаргах гээд аль ч тохиолдолд зайлшгүй гарах зардал юм.

IPO БҮРТГЭГДЭХ ҮЕИЙН ЗАРДАЛ:

Зардлын төрөл Дүн Тайлбар
Санхүүгийн Зохицуулах Хорооны үйлчилгээний хөлс 200,000 төгрөг
Монголын Хөрөнгийн Биржид үнэт цаасаа бүртгүүлэх өргөдлийн хураамж 2,000,000 төгрөг
Үнэт цаасыг бүртгэх үйлчилгээний хөлс Үнэт цаас гаргах үеийн компанийн зах зээлийн үнэлгээний 0.1%-тай тэнцэх төлбөр Энэхүү төлбөр нь бүртгэлийн ангилалаас шалтгаалан өөр өөр байна.
1-р ангилалд бүртгүүлэхэд 10,000,000 төгрөгөөс багагүй, 100,000,000 сая төгрөгөөс ихгүй байх
2-р ангилалд бүртгүүлэхэд 5,000,000 төгрөгөөс багагүй, 50,000,000 сая төгрөгөөс ихгүй байх
3-р ангилалд бүртгүүлэхэд 1,000,000 төгрөгөөс багагүй, 10,000,000 сая төгрөгөөс ихгүй байх
Хувьцаагаа худалдахад Брокерийн арилжааны шимтгэл n/a Үнэт цаасны данс нээлгэх үед тогтоосон шимтгэл

КОМПАНИ НЭМЖ ХУВЬЦАА ГАРГАХ /FPO/-Д БҮРТГЭГДЭХ ҮЕИЙН ЗАРДАЛ

Санхүүгийн Зохицуулах Хорооны үйлчилгээний хөлс 200,000 төгрөг
Монголын Хөрөнгийн Биржид үнэт цаасаа бүртгүүлэх өргөдлийн хураамж 2,000,000 төгрөг Гэрээгээр тохиролцдог
Үнэт цаасыг бүртгэх үйлчилгээний хөлс Үнэт цаас гаргах үеийн компанийн зах зээлийн үнэлгээний 0.1%-тай тэнцэх төлбөр Энэхүү төлбөр нь бүртгэлийн ангилалаас шалтгаалан өөр өөр байна.
Хувьцаагаа худалдахад Брокерийн арилжааны шимтгэл n/a Үнэт цаасны данс нээлгэх үед тогтоосон шимтгэл